Бүх зүйл учиртай /Ёгт үлгэр/

Twitter Print
2018 оны 10-р сар 15-нд 19:18 цагт
Мэдээний зураг,

Африкийн нэгэн омгийн хаан дэргэдээ нэг зөвлөхтэй байсан нь ихэд мэргэн нэгэн байж гэнэ. Тэрээр аливаа зүйлийг нуршин тайлбарлах дургуй бөгөөд ихэнх асуултанд "Бүх юм цаанаа учиртай" гэж хариулдаг байжээ.

Хаан нэг өдөр ан гөрөө хийж яваад нэг арсланг амьдаар нь барьж авах санаатай дээр доороо орон ноцолдож байгаад эрхий хуруугаа тас татуулж орхив. Хааны зөвлөх юу болсныг хараад эзнийхээ сэтгэлийг засах гэсэн үү эсвэл ямар нэгэн зүйлийг үнэхээр мэдэж байсан уу бүү мэд: “Сэтгэлээр бүү уна, эзэнтэн минь. Бүх юм цаанаа учиртай” гэж гэнэ. Энэ үгэнд хаан ихэд хэлэгнэн уурлаж: “Эрээ цээргүй энэ золигийг харанхуй нүхэнд 30 хоног хорьсугай” хэмээн зарлигджээ.

Энэ явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрчээ. Шарх нь аньж түргэн эдгээд байсан хаан дахин ан гөрөө хийхээр явлаа. Тэрээр ан хийж хийморь лундаагаа сэргээх дуртай нэгэн байсан юмсанж.

Энэ удаа тэрээр нэг баавгайн араас мөшгөсөөр яваад ойн гүнд төөрч орхив. Гэнэт тал талаас хэсэг дайчид гарч ирээд түүнийг бариад авсан нь Үхлийн Бурхныг тахин шүтдэг зэрлэг омгийнхон байлаа.

Тэд олзны хүнээр тахил өргөж онгон шүтээнээ аргадахаар болов. Тэгээд хааны хамаг хувцсыг тайлж, биеийг нь анхилуун үнэртэй тосоор битүү тослон тахилын ширээн дээр хэвтүүлж амийг нь яг тасалдагийн даваан дээр омгийн зайран нэгэн аймшигт зүйлийг олж харлаа... Тахил болгон өргөхөө шахсан хүний эрхий хуруу нь алга! Зэрлэг омгийн хүмүүс эрхтэн дутуу "гологдол" хүнээр тахил өргөх аваас Үхлийн Бурхан догширч сүйд болно хэмээн хааныг аргагүйн эрхэнд тавьж явуулж гэнэ.

Хаан ордондоо эргэж ирсэн даруйдаа харанхуй нүхэнд хоригдсоор байсан зөвлөхөө суллан авчруулж болсон явдлыг ярьж өгөөд:

-Бүх юм цаанаа учиртай гэдэг чиний зөв байжээ. Надтай тохиолдсон бүхэн сайнаар дууслаа. Харин чи хориод хоног хилсээр хоригдлоо шүү дээ. Үүнд сайн гэхээр юм байна уу? хэмээн асуухад зөвлөх:

-Байлгүй яах вэ! Би хоригдоогүйсэн бол, та намайг лав ан хийхээр хамт авч явах байсан. Гэтэл миний гар хуруу бүтэн байгаа шүү дээ хэмээн хээвнэг хариулсан гэдэг.

Эх сурвалж: Счастливый психолог

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.