Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг 4 жил 6 сар хорих болгон өөрчиллөө

Twitter Print
2018 оны 02-р сар 09-нд 18:44 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэнд, спортын сайдаар aсан Г.Шийлэгдамба нарын хүмүүст холбогдох авлигын хэргийг шүүх хурал 2017 оны наймдугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Шүүхээс Г.Шийлэгдамбад нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Г.Ганчимэгт Төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгийн торгох ял, О.Даваасүрэнд Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Э.Гантулгад 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсэн.

2017 оны 11-р сарын 02-нд болсон давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. 

Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татсан юм.

Өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн, Э.Гантулга, Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт 5-10 жил хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан  хахууль авах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ 2-8  жил болж хөнгөрсөн тул шүүгдэгч Г.Шийлэгдамбын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 6 сар хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Хуулийг ийнхүү буцаан хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуульд шинээр орсон “хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг уг хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн байна.            

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.11.10) 2018-02-10 09:59
      • 0
      • 0

      улам л хөнгөрүүлээд байвал авилгачид улам айх айдасгүй болж идсээр л байх болно

      Хариулах