"Шүхэрт хувьсгал"-ын удирдагчдад оноосон ялыг хүчингүй болгожээ

Twitter Print
2018 оны 02-р сар 07-нд 20:11 цагт
Мэдээний зураг,

Хонгконгийн "шүхэрт хувьсгал"-ийн удирдагчид болох Жошуа Вон, Натан Лав, Алекс Чов нарт холбогдох шүүх хурал мягмар гаригт боллоо. Давж заалдах шатны шүүхээс тэдний хэргийг хэрэгсэхгүй болгож, ял оноогоогүй байна.

Ардчиллын төлөө тэмцэгчдийн гол төлөөлөл болсон гурван залуу буюу 2014 оны "Шүхэрт хувьсгал"-ын удирдагчид анхан шатны шүүхээс албан ажил болон 6-8 сарын хорих ял сонсоод байсан юм.

Тухайн үед жинхэнэ ардчилсан байдлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг шаардсан жагсаал хоёрхон өдрийн дотор олон зуун мянган хонгконгчуудыг хамарч, засаг захиргааны гол гудамж болох Civic Square-ийг бүхэлд нь хаагаад байсан, цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч ашиглан харин жагсагчид шүхрээр өөрсдийгөө хамгаалснаар, шүхэрт хувьсгал гэж нэрлэгдсэн юм.

1997 онд Британийн колоноос гарч эрх чөлөөт орон болох мөрөөдлийг тээн хятадын нэгэн хэсэг болсон хонгконгчууд хэзээ хэзээнээс илүү Хятадаас салан тусгаарлахыг хүсч, сүүлийн жилүүдэд жагсаал цуглаан эсэргүүцэл ихэсч, тэр хэрээрээ Хятадын талаас хатуу бодлого барьж байна.

Анх 1997 оны 7-р сарын нэгний өдөр бүтэн зууны турш британийн колончлолд байсан Хонгконг арлыг тусгай захиргааны бүс болгон хятадад өгсөн. Хятадын зүгээс хоёр систем нэг улс гэдэг бодлогоор Хонгконгийг авч эдийн засаг хуулийн хувьд нэгтгэхээр болсон. 20 жилийн дараа хонгконг улс төрийн хувьд тогтворгүй, иргэд нь хятад хүн уу эсвэл хонконг хүн уу гэдэг сонголтон дээр талцаад байна гэж хэлж байна. Хятадын засаг захиргааны тусгай бүс гэдэг нь: Хонгконг 50 жилийн турш буюу 20047 он хүртэл хятадын харьяа байна. Ингэхдээ өөрийн мөнгөн тэмдэгт, төрийн далбай, хууль тогтоомж, улс төрийн дэглэмээ өөрсдөө шийднэ гэсэн байдаг.

Гэвч Хятадын зүгээс улс төрд нь оролцож, сонгуульд нэр дэвшигчдийг Бээжингийн зүгээс хянана гэснээс болоод ойр ойрхон жагсаал цуглаан, иргэдийн хууль цаазаа эс хүндлэх эсэргүүцсэн байдал, улс төрчдийн хагарал зөрчил гээд нийгэм ерөнхийдөө бухимдалтай байх болсон.

Хонгконгод нийгмийн уур амьсгал, улс төрийн нөхцөл байдал таарамжгүй байгаагаас болоод олон мянган залуучууд дүрвэх сонголтыг хийж байна. Канад АНУ-руу залуучуудыг зуучилдаг байгууллагууд борооны дараах мөөг шиг үүдээ нээж эхэлсэн байна. Зөвхөн 2016 онд л гэхэд 20 000 залуучууд дүрвэх шийдвэр гаргасан байна. Энэ жил хонгконгоос явахыг хүссэн залуучуудын тоо 30%аар өссөн гэж мэргэжилтнүүд ярьж байна. Хонконгийн иргэд жил бүрийн нэгдүгээр сарын нэгний өдөр ардчиллыг хүсэмжилсэн жагсаал хийдэг. Зарим жагсаалууд дээр иргэд британийн тугийг барисан байх нь харагддаг. Энэ бол тус арлыг зарим иргэд Хятадынх байснаас Британийх байсан нь дээр гэж үзэж байгаагаа үүгээр харуулж байна.

Хонконг дахь Хятадын нөлөө хэвлэлийн эрх чөлөөнд нь мөн халдаж эхэлсэн. Сүүлийн хорин жилийн хугацаанд хонгконгийн хэвлэлийн эрх чөлөөний индэкс 19өөс 69-р байрруу ухарсан. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хонгконгийн сонин хэвлэлийн толгойд Хятадыг дэмжигчид суусан гэдэг.

Хонгконгийн тусгаар тогтнол, ардчиллыг эсэргүүцэгч хэсэг гэж бас бий. Арлын иргэдийг аваад үзвэл өндөр настнууд ихэвчлэн хятадын талыг дэмжигчид байгаа бол залуучууд шинэ үеийнхэн хятадаас тусгаарлахыг илүүд үзэж байна.

Зарим бизнесмэн эдийн засагчид Хонгконгийн залуу үе тусгаар тогтнол хүсч байгаа нь сайн зүйл биш. газар зүйн байрлалыг аваад үзвэл Хонгконг далай дээр байрласан арал төдий. Байгалийн баялаг огт байхгүй. Дэлхийн эдийн засгийн төв цэг болсон хятадгүйгээр оршин тогтнох боломжгүй гэж үзэж байна. Түүнээс гадна БНХАУ эдийн засгаа улам өргөжүүлье гэвэл Хонгконг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулагчид хятадын зах зээлрүү орох боломж гүүр нь Хонгконг тул харилцан бие биеэндээ ашигтай гэж үзэж байна.

Харин Олон улсын зарим ажиглагчид үзэхдээ: Одоогоос хэдэн жилийн өмнө Хонгконгийн иргэд материаллаг байдалд буюу орон гэртэй болох, боломжийн ажилтай болох цалин орлого зэрэг зүйлд анхаарлаа хандуулж байсан. Одоо байдал өөрчлөгдсөн. Тэдэнд эрх чөлөө, сонгох сонгогдох эрх, чөлөөт  байдал дутагдаж эхэлснийг илүү анзаарч эхэлсэн учраас эдийн засгийн боломж гэхээсээ илүү хонгконг хүн, ардчилсан улс гэх суурь зүйлд анхаарлаа хандуулж байна.

Эх сурвалж: CNN

С.Чулуунцэцэг, MNC television

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.