Яагаад бид хараалын үгийг гадаад хэл дээр илүү их хэрэглэдэг вэ?

Twitter Print
2018 оны 06-р сар 27-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Сургуульд ажиллаж байхдаа нэг хэцүү үзэгдэлтэй тулсан нь хүүхдүүдийн хоорондын "мессэжний" хэлний ёс суртахууны асуудал байлаа. Нэг өдөр их л хүндэтгэж хайрлаж явдаг сурагчийнхаа ангийнхаа хүүхдэд явуулсан мессэжийг харчихсан юм. Сургуулийн компьютер ашиглаж байгаад хувийн хаягаа санамсаргүй нээлттэй үлдээснээс болж харилцсан мэдээллийг нь өөр хүүхдүүд түгээж асуудал гаргасан хэрэг л дээ. 

Бичсэн зүйлийг нь хараад ердөө ч энэ хүүхэд бичсэн байх гэж санаанд буудаггүй ээ. Хэн нэгэн нь л тэр хүүхдийн хаягаар тоглоом шоглоом хийж дээ гэж бодсон хэрэг. Гэвч нөгөө сурагч маань өөрөө бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. 

Яагаад ийм муухай хараалын үг найздаа бичиж байгаа юм бэ гэж асуухад "багшаа, бид нар зөндөө л ингэж бичдэг шүү дээ" гэж  хариулахыг сонсоод ихэд гонсойсноо санаж байна. 

Тэгээд тэр бичсэн байсан товчлолыг нь нэг бүрчлэн үг болгож цаасан дээр бичүүлээд, түүнийг нь монгол руу орчуулуулаад, "За миний хүү энэ үгээ миний өөдөөс харж байгаад чангаар уншаад өг дөө" гэж хэлж билээ. Нөгөө хүү маань чадаагүй л дээ. Яагаад гэж асуухад, "Багшаа би яагаад ч өөрөө хэлж чадахгүй нь ээ. Товч бичихэд зүгээр л санагдсан, яг код бичиж байгаа юм шиг сийрүүлэхээр эвгүй санагдсан, орчуулахаар бүр муухай юм гэж бодогдсон. Харин ингээд хэлэх гэхээр хэл эвлэхгүй юм" гэж билээ. 

Тухайн үедээ хүүг жаахан зэмлээд, бодолтой байхыг зөвлөөд өнгөрсөн төдий. Тэгээд тэр хүү болон бусад үе тэнгийнхэн нь тиймэрхүү гадаад хэл дээрх товчилсон хараалын үг үсгийг цөөн хэрэглэдэг болох болов уу гэж найддаг байлаа. Гэвч байдал эсрэгээрээ байгааг хэн хүнгүй л мэднэ. Монголд хамгийн түгээмэл сонсогддог хараалын үгс гадаад хэл дээр хэрэглэгддэг. Яагаад гэж үү?

Өнөөдөр psychologytoday.com сайт дээр тавигдсан нэгэн нийтлэлийг үзээд учир шалтгааныг нь илүү гүнзгий ойлгох шиг боллоо. 

2014 онд Чикагогийн их сургуулийн Саюури Хаяакава, Боз Кейсэр нарын эрдэмтэд 1300 гаруй хос хэлтэн суралцагчдаас 20 ширхэг ёс суртахууны хоёрдмол асуудлыг (дилемма) шийдвэрлэх даалгавар бүхий 6 судалгаа хийжээ. Судалгааны зорилго нь даалгаврыг гадаад хэл дээр гүйцэтгэх нь эх хэл дээрээ гүйцэтгэснээс ёс зүйн хувьд ялгаатай байгаа эсэхийг тодруулах.

Даалгаврууд нь ёс зүйн хувьд шийдвэрлэхэд нэлээд төвөгтэй. Майкл Сандел багшийн Шударга ёсны цуврал лекцүүд (1) дээр гардаг жишээнүүдтэй төстэй. Тухайлбал гүүрээр гарч яваа тормоз нь эвдэрсэн тэргийг 2 салаа замын алинаар нь оруулах вэ гэдэг шиг. 1 замаар нь орвол 1 замчин, харин нөгөөгөөр нь орвол 5 замчин амь үрэгдэх аюултай гэх мэт. 

Судлуулагчид даалгавруудыг өөрийн төрөлх хэл дээрээ эсвэл түүнтэйгээ адил шахуу сайн эзэмшсэн гадаад хэл дээр хийх эсэхээ өөрсдөө сонгож асуултанд хариулсан байна. Гадаад хэл дээр буюу 2 дахь хэл дээр дээрх асуудлыг шийдвэрлэхийг хүсэхэд судлуулагчдын ихэнх нь нэгийг алах замыг төвөггүй сонгож байв. Харин эх хэл дээр нь асуухад байдал арай өөр байлаа. Тэд илүү их маргаж, тунгааж, хэдий 5-ыг аврах ч, нэг ч гэсэн хүний амь хөнөөх нь өөрөө ёс зүйгүй зүйл учир тээнэгэлзэх нь илүү их байлаа. 

Судалгааны дүнгээр хүн төрөлх хэл дээрээ ийм асуудалд илүү сэтгэлийн хөдөлгөөндөө хөтлөгдөж ханддаг, мэдэрдэг. Харин гадаад хэл дээр бол илүү утилитар шийдвэр гаргадаг нь тодорхой болсон байна.

Үүнийг тайлбарлах нэг төрлийн хандлага байсан нь хүн гадаад хэлээр ярихдаа төрөлх хэлээрээ ярихаасаа илүүтэй их бодох шаардлага гардаг учир, сэтгэл хөдлөл багатай, рационал шийдвэр гаргах хандлагатай гэж үздэгт оршиж байв. Харин дээрх судалгааг хийсэн эрдэмтэд бодохын тухайтад бол хоёр хэл дээр ойролцоо үйл явагддаг ч мэдрэхийн тухайд өөр байгааг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл төрөлх хэлээр болон гадаад хэлээр үүсгэгдэх сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд харилцан адилгүй, ялангуяа гадаад хэл дээр бол арай бага байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

Ингээд эхэлсэн санаа руугаа эргэн орвол эх хэлээрээ амандаа багтахгүй үгийг гадаад хэлээр гудийх ч үгүй хэлж байгаа нь тухайн үгийн утгыг ерөнхийд нь мэдэж, хэзээ хэрэглэх вэ гэдгээ бодож чадаж байгаа ч, сэтгэл мэдрэмжтэй нь гүн гүнзгий уялдаагүйтэй холбоотой ажээ. 

Тийм ч учраас мэдрэмжийг халхлан илэрхийлэх, тоглоом шоглоом хийх, бодолгүй ярих, бичих зэрэгтээ гадаад хэл дээрх ёс бус үгийг илүү түлхүү хэрэглэдэг байна.

Тиймээс та сэтгэл мэдрэмжээ зөв зүйтэй, бүрэн илэрхийлэхийг хүсч байвал гадаад монгол гэлгүй ёс бус үг хэллэгээс татгалзах, бодож байж дуугарах, бичих, чин санаагаа нуух гэж оролдохгүй байвал зохилтой. 

Тийн чадвал үг, бодол аль аль нь тунгалагших буй заа.

Норовсамбуугийн Нарантуяа

Жич:

1. Майкл Сандел багшийн шударга ёсны лекцийн монгол орчуулга тайлбар зэргийг дараах холбоосоос http://tomyo-bodyo.blogspot.com/2017/06/blog-post_21.html видео бичлэгийг дараах холбоосоос https://www.youtube.com/watch?v=kBdfcR-8hEYүзэж болно.
2. Гадаад хэлний хэрэглээний ёс суртахуунд нөлөөлөх судалгааны талаар нийтлэлийг үзье гэвэл доорх https://www.psychologytoday.com/blog/culture-conscious/201801/explaining-the-moral-foreign-language-effect?collection=1110404
холбоосоос үзээрэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.