Аз жаргалд хөтлөх зам - Өөрийгөө энэрэхүйн захидал

Twitter Print
2018 оны 02-р сар 07-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Хүмүүсийг аз жаргалгүй болгож байдаг зүйлсийн нэг нь өөрийгөө чамлах, голох, өөртөө хэт шүүмжлэлтэй хандах юм.

Калифорнийн Берклийн их сургуулийн эрдэмтэн багш нар өөртөө энэрэл нигүүслэлийн сэтгэлээр хандаж сурахад тань туслах, улмаар илүү аз жаргалтай амьдралд хөтлөх олон арга зам, зөвлөмж санал болгож байдгийн нэгтэй танилцуулья.

ӨӨРИЙГӨӨ ЭНЭРЭХҮЙН ЗАХИДАЛ

ШААРДЛАГАТАЙ ХУГАЦАА

15 минут. Долоо хоногт нэг удаа эсвэл ядаж сардаа нэг удаагийн давтамжтай хийхийг зөвлөж байна.

ХЭРХЭН ГҮЙЦЭТГЭХ ВЭ?

Эхлээд өөрийг чинь ичиж, зовоход эсвэл өөрийгөө голоход хүргэдэг зүйлсийг бодож олоорой. Энэ нь таны хувийн онцлог, зан чанар, ур чадвар, холбоо харилцаа гээд өөрийн чинь ямар ч тал байж болно. 

Бодож олмогцоо сул талаа дүрслэн бичээд энэ нь өөрт чинь ямар мэдрэмж төрүүлж байгааг бичээрэй. Гунигтай юу? Ичмээр үү? Уурламаар уу? Өөрөөс чинь өөр хүн олж уншихгүй учраас аль болох үнэн мөнөөр нь нууж хаалгүй бичихийг хичээгээрэй. Харин дараа нь өөрийн чинь дургүйг хүргэдэг тэр зан чанараа ойлгож, хүлээж авч, энэрэн өршөөж байгаа тухай захидлыг өөртөө бичнэ үү. Захидал бичихдээ дараах чиглүүлэгийг баримтлахыг хичээгээрэй.

1. Хэн нэгэн хүн таныг яг одоо байгаагаар чинь л ямар ч нөхцөл шаардлага тавихгүйгээр тэр чигээр нь хайрладаг гэж төсөөлөөд үз. Тэгвэл тэр хүн таны энд бичсэн сул талын тань тухай юу гэж хэлэх байсан бол? 

2. Хүн бүрт л өөрт нь таалагддаггүй ямар нэг зүйл байдаг, хэн ч төгс төгөлдөр биш гэдгийг санахтун. Тиймээс таны сэтгэлийг зовоож буйтай адил зовлон хорвоогийн ямар олон хүнд яг ижил байж болох тухай бодоорой. 

3. Таны энэ сул талд бий болсон шалтгаан гэж буй. Өсөж төрсөн гэр бүл, төрөл төрөгсөд, удамшил, амьдралд чинь тохиолдсон ямар нэг үйл явдал энэ сул талыг бий болгосон байж болох юм. Юунаас болсон байж болохыг бодоод үзээрэй. 

4. Энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс өөрийнхөө энэ сул талыг засан сайжруулах, зохицон амьдрахын тулд юу хийж болохыг өөрөөсөө асуугаад үз. Өөрийг чинь илүү аз жаргалтай, эрүүл, утга учиртай амьдруулж өөрийгөө буруутган шүүхээс чөлөөлж чадах тийм бодит өөрчлөлтийг авчрах арга замуудыг олоход төвлөрөөрэй. 

5. Ийнхүү захидлаа бичиж дуусаад түр орхичих. Дараа нь нэг эргэж уншаад үз. Ялангуяа нөгөө сул талуудаасаа болж сэтгэл зовинож шаналсан үедээ эргэн нэг харахад гэмгүй. Энэ нь танд өөрөө өөртөө энэрэл нигүүлслэлийн сэтгэлээр хандах ёстойгоо санаж, хэвшихэд тань дөхөм болох буй заа.

Сэтгэл амгалантай бол түмэн үйлс өлзийтэй бөлгөө. 

Эх сурвалжийг  https://ggia.berkeley.edu/practice/self_compassionate_letter# холбоосоос үзнэ үү.

Орчуулсан: Норовсамбуугийн Нарантуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.