Эрх мэдлийнхээ төлөө энэ цагийн залуусаар зам зүлгэх хэрэггүй ээ

Twitter Print
2021 оны 05-р сар 08-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Өлсгөлөн зарлаад сууж байгаа өнөө хэдийг их л шүүж, гоочилж байна. Би бол тэгмээргүй байна аа. Хүн болгонд итгэл, үнэмшил байдаг. АН хоёр хуваагдчихаад, асуудлаа шийдэж чадахгүй хэдэн сар болсон. Хэн хэндээ итгэхээ больсон. Хүн болгоныг Элбэгдоржийнх, Баттулгынх, З.Энхболдынх гэж дотроо харддаг, энэ хардлагаасаа болоод урагшаа алхахаа байсан.

Тэдэнд энэ удаа Ерөнхийлөгчийн сонгууль ч чухал биш, бүр түүнд оролцох, өрсөлдөх нь ч чухал биш болсон. Тулгатын АН дотор Элбэгдоржоор овоглодог хүн олон бий. Ямартаа тэдэнд итгэж чадаагүйн улмаас С.Эрдэнэ өөрөө нэр дэвшиж, Жэнко Баттулгыгаа, Элбэгдоржийн гар хөлтэй хамаад, хамт унахаар шийдэж байхав дээ.

Баттулгын өмнө бүгд гөлөг шиг гөлөлзөж байхад сөрж зогссоор ирсэн ганц хүн нь яах аргагүй Эрдэнэ. Энэ хүн бах мэлхийгээрээ дуудуулж, хүний өөрийн хүмүүсээс хүйтэн үг сонсож, шаварт унасан шар болохоо мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Тэгвэл яагаад нэр дэвшинэ гэж? АН-ыг Элбэгдорж, Баттулга, Зика гурваас чөлөөлж л байвал дараагийн залууст боломж олдоно гэж тооцож байгаа, тиймээс өөрөө сайн дураараа олны өмнө овог нэрээ дуудуулан гарч, сайн дураараа мод чулуугаар балбуулж байна.

Парламент дахь АН-ын бүлгийн дарга Ганбат ч гэсэн тэнэг хүмүүсийн тээшний гоёл болохоо больж үз. Бидон тараагаад төрийн түшээ болсон гэж бодоод явдаг юм биш биз дээ, олон түмний итгэл байсан учраас л энэ хүн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга хүртэл явснаа бодох хэрэгтэй.

За нөгөө талд нь Цогтгэрэл. УИХ-ын гишүүн Цогтгэрэлийн СЕХ-нд очоод байхдаа хэлсэн үгийг сайн сонсоорой. Алтанхуягаас эрс өөр үг хэлсэн. Алтанхуяг хүн дүүжлэх тухай ярьсан бол Цогтгэрэл АН-ыг дэмждэг ард түмнээсээ л уучлалт хүссэн. Цогтгэрэлийн итгэл үнэмшил нь бас л намдаа шинэ үеийг авчирч, Элбэгдорж, Баттулга, Энхболд гурваас АН-ыг чөлөөлөх явдал.

Тулгат ч бас тэгж хичээж зорьж явна гэж боддог. Учир нь тэр бас залуу хүн. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ганбатыг бүгд Жэнкогийн хүн гэж харддаг, ядаж нэг нутаг ч юм.

Гэтэл Баттулга Ганбатыг солих гэж сүүлийн хэдэн сар ил, далд зүтгэлээ. За ингээд харахаар Элбэгдорж, Баттулга, З.Энхболд нараас АН-ыг чөлөөлөх гэсэн зүтгэл, бас тэднээс айсан айдас нь энэ хүмүүсийг өнөөдөр ингээд өлсгөлөн зарлаад сууж байхад хүргэж байна. Энд аль хэдийнэ Баттулгын мэдэлд очсон Тавантолгойд нүүрсний машин явуулдаг, Баянхонгорын Адъяасүрэн, Алтанхуяг, Ганбаатар нар байгаа учраас л Жэнкогийн төлөөний хүмүүс өлсөөд байгаа юм шиг харагдаад байна.

Тэгж харагдуулах нь ҮАБЗ-ийг өөрийнхөө төлөө хуралдуулдаг Баттулгын хувьд ашигтай байгаа юм. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Алтанхуяг, Увсын Тэсээр овоглодог Цогтгэрэл хоёр байгаа учраас тэдний энэ өлсгөлөнг бүх монголчуудыг баруун зүүн, халх баядаар нь хуваан талцуулах боломж бий болж байгаа нь ч нууц биш.

Ингэж бусдын өгөөш, бусдын эрх мэдлээ хадгалж үлдэх гишгүүр болохыг өөрсөддөө зөвшөөрөх хэрэггүй гэж хэлмээр байна. Дээр нь Тулгат, Цогтгэрэл хоёр энэ 1950, 1960-аад оны хүн чулуудаасаа ангид, бизнесийн хамаарлаараа аль эрт Баттулгын халаасанд орчихсон Адъяасүрэнгээсээ ангид, нам дамжиж, дам улс төр хийж, ашиг хонжоо харж яваа Ганбаатараасаа ангид, анхнаасаа цүнх баригч хийсэн Туваанаасаа ангид хоёулхнаа уулзаад учраа олбол яасан юм бэ? Нэг нь намын дарга, нөгөөх нь дэд дарга болоод, цаашаа алхвал яасан юм бэ? Ийм л гарц харагдаж байна.

М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр хоёулаа залуу хүмүүс. М.Тулгат Токиод, О.Цогтгэрэл Сиднейд боловсрол эзэмшсэн. Залуус аа, та нарын үе эхэлсэн байна, эхлэлийг өлсгөлөнгөөр бус, зөвшилцлөөр тавимаар байна. Ингэж байтал улстөрд 30 жил болсон наад нөхдүүд чинь энэ байтугай хор найруулж, тэр байтугай хохирол авчирна шүү.

Зарим нь даралт яриад, замын бөглөө болно. Тэднээс юу гарч, ямар хор найруулахыг таашгүй. Удахгүй Адъяасүрэн асар эмгэнэлт тэмцэгчийн дүрээр ухаан алдаж ойчоод, Баттулга цэрэг хөдөлгөх үү?

Монголын ардчилал ийм л хүмүүсийн жүжиг төдий байж, үе үеийнхэн үүний төлөө зүтгэсэн юм уу? Үеэ өнгөрөөж, эрх ямбаа өгөх дургүй хүмүүсийн золиос, өгөөш болохыг чинь АН-ын залуу үе зөвшөөрөхгүй. Тийм ч болохоор залуу хүн гэдэг утгаар чинь залуур дээр суулгах гэж хот хөдөөгүй зүтгэсэн.

Одоо харин та хоёрыг хагаралдуулж, намын даргын суудлаар дунд чинь өгөөш хаяж, залуу үеэ талцуулан, талцал дээр нь танго эргэх гээд гэтэж байна даа. Юуны төлөө гээч? Үеэ өнгөрөөж буй үхэж байсан эрх мэдлийнхээ төлөө! Тиймээс Цогтгэрэл ээ, Тулгат аа, учраа олцгоо, урт замын эхэнд та хоёр зогсож байна. Монголын залуус үеэ өнгөрөөгчдийн гишгүүр, унаж яваа хүмүүсийн ивээс биш ээ.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Би

      (76.175.52.36) 2021-05-12 23:15
      • 0
      • 0

      Ан намын нөхөд хүн болох яагаач гүй бна дэлхийн жишгээс суралц зориуд 2 хүн дэвшүүлж будлиан хутгаж ард түмнийг төрийн эсрэг хөдөлгөх гэж 2 монгол хүнийг хооронд нь зодолдуулах хорон санаа агуулж өөрсдөө хорондоо хордоцrоож бна та нарын дайсан ман нам биш та нар өөрсдөө ухаантай хүн алдаа бурууг өөрөөсөө хайж ухаан муут холоос бусдаас хайдаг гэж ардын үг бдаг

      Хариулах