Оффшор дансаа мэдүүлж өршөөлд хамрагдах хугацаа дууслаа

Twitter Print
2018 оны 02-р сар 05-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Үүний дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулэх, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглосон. 

Хуульд аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд 49 оффшор бүс нутагт мэдүүлэг гаргагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө татахыг заасан. Энэ хугацаанд оффшор бүсээс хөрөнгөө татсан албан тушаалтан 30 хоногийн дотор АТГ-д мэдүүлэх бөгөөд мэдүүлгэ өгөх хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо.

Заасан хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс нутгуудад данс эзэмшсэн, түүнийгээ АТГ-т мэдүүлээгүй бол хуулиараа нийтийн албан тушаалтан албан тушаалаасаа халагдах зохицуулалттай аж.

АТГ-ын дарга Х.Энхжаргал "Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуй нэгж байгаа гэж одоогоор тогтоогдсон. Тэр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байгаа" гэж өнгөрсөн хавар УИХ-ын суулган дээр мэдээлэл хийсэн байдаг. 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо өнгөрсөн оны 9-р сард Монгол Улсад оруулж ирсэн нь оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол болсон юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.