Таны элэг өвчилснийг илтгэх 12 шинж тэмдэг

Twitter Print
2018 оны 12-р сар 07-нд 18:35 цагт
Мэдээний зураг,

Элэг нь хүний хамгийн том булчирхай бөгөөд бие махбодын химийн төв лаборатори юм. Эрдэмтдийн тогтоосноор элэг 80 орчим үйл ажиллагаа явуулж, 5000 гаруй урвалыг зохицуулдаг байна.

Бие махбодод шаардагдах дулааны гуравны нэгийг элэг гаргана. Хоногт 2000 литр цус элгээр дамжин өнгөрдөг. Бодисын солилцоо явуулах, цөс ялгаруулах, хоргүйжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа нь элэгний үндсэн үүрэг. Уураг, нүүрс ус, тослог, ус давс, амин дэм, даавар, нөсөө зэрэг бүхий л бодисын нийлэгших, задрах, ялгарахад элэг чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Иймд элгээ сайтар хамгаалж хайрлаж байх хэрэгтэй. Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрвэл элэг өвчилсөн байх магадлалтай тул эмчид яаралтай хандаарай.

Хэвлий хөөх

Бага хоол идсэн хэдий ч, хэвлий хэсгээр тань хөөж, томроод байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ нь элэг муудсантай холбоотой байж болох бөгөөд нэгээхэн шинж тэмдэг нь юм. Хэрвээ таны гэдэс томорч, яг л жирэмсэн хүн шиг харагдаж, хөндүүрлэж эхэлвэл, яаралтай эмчид хандахыг зөвлөе.

Гэдэс өвдөх

Гэдэс өвдөж, суухад хүртэл төвөгтэй санагдаж байвал эмчид хандах хэрэгтэй. Учир нь элэгний үйл ажиллагаа муудаж, гэмтсэн тохиолдолд гэдэс хүчтэй өвддөг байна.

Мөр өвдөх

Элэг асуудалтай болсноос үүдэж, хүний баруун мөр өвддөг гэдгийг та мэдэх үү? Ялангуяа элэгний хавдартай болсон тохиолдолд, энэ нь мэдрэлийн системд нөлөөлж, мөрийг өвтгөдөг аж.

Дотор эвгүйрхэх

Таны бие хоолыг бүрэн гүйцэт боловсруулж чадахаа больж, бөөлжих нь элэгний үйл ажиллагаа муудсаны илрэл юм. Энэ нь цаашлаад ходоод гэдсийг өвтгөж, хоол идэхэд ч бэрх болгодог.

Бие хөхрөх

Шалтгаангүйгээр биеийн тань аль нэг хэсэгт хөхрөлт үүссэн байвал, элгээ муудсан гэж ойлгож болно.Элэг нь цусны бүлэгнэлтийг зохицуулахад шаардлагатай уургийг ялгаруулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаа саатсанаар, биед хөхрөлт үүсдэг байна.

Ядарч сульдах

Цаг тутам ядарч, сульдан нойрмоглох нь элэг муудсаны илрэл байж болно. Элэг үүргээ хангалтгүй гүйцэтгэсний улмаас, дотоод эрхтнүүд муудаж, биед ядарч байгаа мэдрэмж төрдөг аж.

Үзэл бодол өөрчлөгдөх

Элэг нь хорт бодисыг цэвэрлэж чадаагүйн улмаас, тэдгээр нь тархинд нэвтэрч, сэтгэл зүйд нөлөөлдөг байна. Энэ нь тухайн хүний үзэл бодлыг өөрчилж, гутранги, өөрийгөө ч ойлгохгүй болгодог. Мөн санах ойг удаашруулж, мартамхай болох нь бий.

Хоолны дуршил буурах

Таны элэг өвдсөн тохиолдолд, хоолны дуршил буурна. Үүний улмаас огцом жин хасах аж. Хэрэв таны хоолны дуршил буурч байвал, яаралтай эмчид хандаж, биеэ үзүүлэх хэрэгтэй.

Арьс шарлах

Элэгний үйл ажиллагаа муудаж, бие дэх хорт бодисыг шүүж чадахгүй болсны улмаас, тухайн хорт бодисууд биеэр тархаж, арьсыг шарлуулдаг байна. Голдуу нүд болон арьсыг шарлуулж, өнгийг нь өөрчилдөг аж.

Шагай хавдах

Хөлний шагай хавдах нь элэг өвчилсний нэгээхэн шинж тэмдэг юм.Тиймээс та эмчид хандаж, юуны улмаас шагай хавдах болсныг мэдэж аваарай.

Суулгах

Таны элэг асуудалтай болсон тохиолдолд, удаан хугацааны турш суулгадаг байна.

Шээсний өнгө хувирах

Та шээснийхээ дараа усаа татах гэж бүү яараарай. Харин шээснийхээ өнгийг сайтар ажиглах хэрэгтэй. Хэрэв таны шээс хар бараан өнгөтэй байвал, яаралтай эмчид хандаарай. Учир нь шээсний өнгө өөрчлөгдөж, харлах нь элэг муудсаны илрэл юм.

Эх сурвалж: 103.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Эхнэр

      (112.72.14.230) 2018-04-12 16:54
      • 0
      • 0

      Ма нөхөрт энэ шинжүүдийн ихэнх нь бдаг тэгсэн мөртөө өвдөж хавдахгүй олон жил зүгээр л бх юм. Эсвэл одоо удахгүй өвдөх юм болуу. Гайгүйл бгаасайдаа бурхан минь

      Хариулах