Ойр дотны чинь хүн гадаад орон руу явж байгаа бол хүний юмыг авч болдоггүй юм шүү гэж захиж байгаарай

Twitter Print
2018 оны 01-р сар 31-нд 16:56 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр, шинэ 7 хоногийг их сүртэй эхлэв. Учир нь хулгайн хэрэгтэй холбоотой утсаар орчуулга хүссэн ажил байлаа. Буудалд ажилладаг нэгэн монгол эмэгтэй буудалд байрласан үйлчлүүлэгчийхээ нөөтбүүкийг хулгайлсан хэрэг байв.

Өрөөндөө орхисон нөөтбүүк нь байхгүй, олдохгүй 7 хоноод арга бараад цагдаад бүртгүүлсэн байв. Буудалд байн байн цагдаа нар ирээд асууж байцаагаад шалгаад байхаар буудлын эзэнд ч гэсэн ямар л олиг байв гэж. Гэтэл урьд шөнө нь бас нэг эмэгтэй алтан ээмгээ орхиод явчихсан байна, очиж авна, байлгаж байгаарай гэж утассдаж... Бас л байдаггүй. Аргаа барсан буудлын эзэн ер нь сэжигтэй санагдаад байхаар нь цэвэрлэгээ хийдэг, Монголоос ирээд тус буудалд ажиллаад 8 хонож буй хүүхний өрөөнд орж үзэв...

Гэтэл долоо хоногийн турш "хямраасан" нөөтбүүк тэнд хэвтэж байх нь тэр!

- Чи яагаад энийг авсан юм бэ?
- Хэн мэддийн, шалан дээр л хэвтэж байсийшд.

- Юу яриад байгаан бэ? Чи хулгайлсан байнашдээ.
- Хэн мэддийн, орхиод явсан байхаар нь хаясан л гэж бодсийшд.

- Юу яриад байгаан бэ? Хүн нь орж гараад байж л байгаашдээ.
- Шалан дээр л байсийшд. (Ажлаа шалан дээр сууж хийдэг Солонгосууд олон байдаг)

- Эзэндээ тэгвэл, хүн ийм юмаа хаясан гэж хэлэхгүй яасан юм бэ!
- Хэн мэддийн, хэрэггүй л гэж бодсийшд.

- Тэр алтан ээмэг хаана байна?
- Мэдэхгүй, мэдэхгүй, байхгүй, байхгүй, би аваагүй.... Би дотроо энэ новш туучихаж гэж бодов.

Камерын бичлэг шалгахад мань хүн хогийн ууттай юм тэр өрөөнөөс авч гарч байв. Асуух нь ээ тэр хогийн уутанд нөөтбүүкийг хийгээд авч гарсан байлаа.

Би үүнтэй төстэй дэлгүүрийн гадаа хураалттай пиво, орцны гадаа орхисон дугуй, ууттай зүйл зэргийг "Хэн мэддийн, нүдний өмнө байж л байсийшд, зүгээр орхицон байсийшд, би хулгайлаагүй, зүгээр авсан юм" гэх зэрэг олон орчуулгыг хийж байсан.

Туршлагатай цагдаа нарын яриаг сонсоход иймэрхүү тайлбарыг Хойд Солонгосын дүрвэгчид, Оросын бага ястнууд, монголчуудаас илүү их олж сонсдог юм гэнэ.

Мөхөс би ойлгохдоо энэ нь тэгвэл, социалист маягийн хулгайч сэтгэлгээний үлдэгдэл манай улсаас арай салаагүй байгаа юм уу даа гэж ухав.

Хүний юмыг авчихаад өөрийгөө хулгайч гэж ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй, харин ч зүгээр яах гэж ил задгай орхисон юм, би хулгайлаагүй, зүгээр авсан, би буруугүй гэх хандлага олонхи хүний сэтгэлгээнд хадгалагдсаар байгаа учир, юмыг яаж мэдэхэв, ойр дотны чинь хэн нэгэн хүн Солонгос ч юм уу, Япон ч юм уу өндөр хөгжилтэй орон руу явах гэж байгаа бол хүний зүгээр орхисон юмыг л авч болдоггүй юм шүү гэдгийг хэлж сануулж байгаарай.

Ц.Өнөрзаяа, Солонгос улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.