Улстөрчид үү, уяачид уу

Twitter Print
2014 оны 03-р сар 16-нд 12:31 цагт
Мэдээний зураг,
 

Монголын улстөрчдөөс Тод манлай уяач цолтой УИХ-ын гишүүн Г.Батхүү, Батлан хамгаалахын сайд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, Манлай уяач цолтой Сангийн сайд Ч.Улаан, МАН-ын дарга М.Энхболд нарын зэрэг ёстой л Э.Бат-Үүл баатрын тодорхойлсноор “Улстөрчид өөрсдөө морио сойдоггүй, хүн хөлсөлж хамаг ажлаа хийлгэчихээд бүх алдар цолыг нь хамж авдаг хамжлагат ёсыг халах хэрэгтэй. Энэ жил улсын алдар цолонд тодохойлогдсон 19 хүнээс хэн нь морь уядаг, хэн нь уядаггүй вэ гэдгийг бүгд мэдэж байгаа” гэсэн тодорхойлолтоос хаашаа ч бултах газаргүй уяачид олширч байна.

Өнөө цагт УИХ, Засгийн газар, хэрэгжүүлэгч агентлагууд Монгол Улсын Тод манлай, манлай, алдарт уяачдынхаа тоо толгойгоор өрсөлдөн битүүхэндээ уралдацгааж, алдар цуутай уяачид нь ч  завсар зайгаараа улсын ажил амжуулсан шигээ сууцгааж байгаа нь дэндүү олон болжээ. Улстөрч нэртэй хэлхгэр, халхгар уяачид төрсөн бие нь төрийн ордонд, ширээний ард лаглайтал сууж харагдах ч сэтгэл оюун нь уяан дээрээ эргэлдэж, хурдан морьдынхоо хийморийн салхитай холын хол пижигнэлдэж яваа. Улстөрч уяачид  өвлийн сүүл сараас л сэтгэл зүрх нь төрийн ордонд тогтохгүй дэнжигнэж, боломж л гарвал уяа, морьд руугаа давхиж завсар чөлөөнд нь УИХ, Засгийн газрын хуралдааны танхимд эвшээлгэсэн шигээ сууцгаана. Тав, зургаа, долдугаар сарын эхний 10 хоногт улстөрч уяачид төрийн ордонд өдрийн од шиг үзэгдэж ёстой л “чөлөөт цаг”-аараа улсын ажил амжуулна.  Ийнхүү хурдан  морьдийнхоо уяа сойлгыг ганц удаа тааруулж үзээгүй мөртлөө хамаг гавъяа цолыг нь  өөртөө наадаг “машинаасаа бууж үзээгүй  уяачид”-ын тоог улстөрч уяачид манлайлах болов. Мөнгө гэдэг хүчирхэг зэвсэг гарт нь байгаа цагт улс, аймгийн алдарт уяач болох боломж  хот газар өссөн, морины талаар дэндүү “жул”  мэдлэгтэй  нэгэнд ч нээлттэй болсон сайхан цаг даа, өнөөдөр.

Харин “мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа  мэрнэ үү маньд хамаагүй” ч гэлээ өөрийнх нь алдар нэрийг дуурсгаж яваа ажнай хурдан хүлгээ амьд амьтан гэдгийг мартаж, машин техник мэтээр хандах болсон нь үнэхээр эмзэглэмээр зүйл юм. Хүнийг адуунаас дор үзэж, үнэлж байна гэсэн хүмүүсийн шүүмжлэл үнэн ч гэлээ Монгол эр хүний хийморийн дарцаг болсон  хурдан хүлгийн талаар тэр бүр яригддаггүй. Жилд болдог 300 орчим наадамд дунджаар 700 гаруй хурдан хүлэг үрэгддэг гэсэн судалгааг Амьтны эрхийг хамгаалах сан, Үндэсний мал эмнэлгийн холбооныхон гаргасан байна лээ. Энэ нь өвсөөр хооллодог хурдан морь ховордож, тусгай бэлдмэлээр бордуулж, тариа шахуулдаг болсонтой холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьж байгаа. Уурын галт тэргэнд нүүрс хийхийн хэрээр хурдалж, ачаалал нь ихэдвэл дэлбэрдэгтэй яг адил элдэв төрлийн эм тариа шахуулсан морины бие цаашид давхих тэнхэлгүй болсон ч гэлээ тариулсан сэргээшнийхээ нөлөөгөөр зогсохоо мэдэхгүй хурдалдаг байна. Мэдээж морь гэдэг амьтан амьд организм учраас ачааллаа даахаа болиод ирэхийн цагт доторх эрхтэн нь уурын зуухтай  адил болж, тарчилж үхэх нь ойлгомжтой. Харин барианы зурхайд амьд ирсэн хэсэг нь гурван жил л уралдах настай болдог гэж ярих юм билээ. Иймээс зугаа цэнгэл, алдар нэрийн төлөө, эр хүний хийморь болсон аргамаг хүлгээ зольж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр зүйл.

Өнгөрсөн жилийн наадмаар л гэхэд барианы зурхайн наах нь талд морь бахардаж унахыг би өөрийн нүдээр харсан юм. Унаач хүүхэд мориныхоо эмээлийг тайлж, хамгаалалтын хоёр цагдаа ирээд аврахыг оролдсон ч хэдийнэ хожимдсон байлаа. Удалгүй уяач нь ирж амьсгал хураасан мориныхоо дэл сүүлнээс хайчлан аваад хазаарыг нь тайлж ч амжаагүй байхад хогны машин ачихаар ирж байгаа юм. Угтаа бол энд хамгийн түрүүнд мал эмнэлэгийнхэн ирэх ёстой л доо. Эрдэнэт буян, ажнай хүлгээ хог мэт ачсан энэ үйл явдал Хүй долоон худагт хуран цугласан наадамчин олны сэтгэлийг ихээр эмзэглүүлсэн ч унаач хүүхэд, уяачийн дэргэд юу базаах билээ. Уяачийн харамсаж байгаа царай, эмээлээ тэврээд алхаж буй хүүгийн тэр дүр зураг үнэхээр өрөвдөлтэй,  сэтгэл  зүрхийг зүсэх шиг л болсон юм даг. Магадгүй энэ үйл явдлын цаана морины талаар мэдлэг маруухан тариа шахахыг шаардаж, үүрэг даалгавар өгчихөөд  сууж байдаг “машинаасаа бууж үзээгүй улстөрч уяач” байхыг үгүйсгэхийн аргагүй.  Тиймээс өнөөгийн хурдан морины уралдаан бидний төсөөлдөг шиг байхаа больжээ. Хурдан моринд тариа шахаж алдаг увайгүй энэхүү үйлдэлд холбогдох байгууллагууд нь анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай.

Хурдан морьдын эмээл

Сүүлийн жилүүдэд морины хүүхэд унаж бэртэх, цаашлаад амь насаа алдах туйлын харамсалтай үзэгдэл ярихгүй, бичихгүй байж болохгүй хэмжээнд хүрлээ. Хамгийн сүүлд Төв аймгийн Борнуур сумын есөн настай хүү мориноосоо унаж Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаад өнгөрсөн бүтэн сайнд бурхан болсон. Хүүгийнхээ цаг бусын үхэлд  харамсан гашуудсан ээжийнх нь бие гэнэт муудсан нь нэгэн айлын амьдралыг туйлын эмгэнэлт байдалд оруулаад байгаа нь тодорхой.

Уг нь жар гаруй жил хурдан морьдоо уралдуулан цэнгэсэн Монгол наадамд сүүлийн жилүүдийнх шиг ийм олон морины хүүхэд унаж бэртэн, амь насаа алдаж байсан эмгэнэлийн талаар бид тэгтлээ олон дуулж, сонсож байгаагүй санагдана. Сүүлийн жилүүдэд хурдан морьдын уралдааны ашиг хонжоо, авцаа өгцөө дэндүү хэтэрснээс үүдэн янз бүрийн шинэчлэл нэртэй гажуудал давамгайлах болсон нь морины хүүхдүүдийн унаж гэмтэх, амь насаараа хохирох гол шалтгаан болж байна. Энд хамгийн түрүүнд эмээлийн талаар дурдах ёстой. Дээхэн үед морины хүүхдийг  эмээлтэй биш голдуу тохомтой мордуулдаг байв. Энэ нь морины хүүхдийн амь насыг хамгаалсан жинхэнэ Монгол уяачдын торгон ухаан байжээ. Бид хөгжил дэвшлээ даган бүхнийг үгүйсгэн шинэчлэхдээ жинхэнэ Монгол уяач, халхгар сайхан өвгөдийнхөө энэ их ухааныг  дэвслэн хаяснаар морины хүүхэд дөрөөндөө чиргүүлдэж мориныхоо хөлд үрэгдэх хамгийн гол аюулыг тариад байна. Морины уяан дээр хөлд орж, гурав, дөрөвхөн наснаасаа морины нуруун дээр өсөж торнисон монгол хүүхдүүд эмээлтэй биш тохомтой л уралдах нь хамгийн зөв, шалгарсан зохицол юм. Тэгээд ч жинхэнэ Монгол уяачид “Хүний адуу сүүлээ дэвсдэг, өөрийн адуу дэлээ дэвсдэг” гэж хэлцдэг нь монгол морь, морины хүүхэд хоёрын амин холбоог илэрхийлэх хамгийн нандин мэдрэмж мөн. Уяан дээр хөлд орж, агт морьдын хийморьтой цуг өсөн торнисон морины хүүхэд монгол адууны хөлөөр  үрэгдэх учиргүй бөгөөд ёсгүй. Монгол морьд тийм л хийморьлог, бас тэнгэрлэг ухаантай амьтан.

Тэгэхээр ХХI зууны хөгжил дэвшил ярьж, халхгар өвгөдийнхөө уламжлуулаад ирсэн их ухааныг үгүйсгэхийнхээ оронд уламжлал, шинэчлэл хоёроо сайтар эрэгцүүлэн тунгаагаад үзэхэд буруудах зүйлгүй. Эцсийн эцэст эмээл, тохом хоёрын хооронд маш их зөрүү байгаа юм. Тохомтой мордсон морины хүүхэд торойтол давхиад л ирнэ. Харин эмээлтэй мордсон өөдөсхөн хүүд юу ч тохиолдож болно. Үүнийг л сайтар эрэгцүүлэн бодож олон талаас нь ухаанаа уралдуулцгаая улстөрч, уяачид аа. Даруйхан шийдэх ёстой бас нэг чухал зүйл нь морины хүүхдийг өнөө цагт  хурдан морины “унаач” хүүхэд гэж нэрлээд байгаа зохисгүй явдал юм. Монголчууд хэзээнээсээ “морины хүүхэд” гэж л хэлцсээр ирсэн болохоос өнөөдрийн “морь мэдэхгүй уяачид”-ын яриад байгаа “унаач” хүүхэд гэж хэзээ ч дуудаж, ярьж байгаагүй. “Унаач” хүүхэд гэж дуудаад байхаар мориноосоо уналгүй ч яах вэ. Тэгэхээр наадамчин олон даяараа “морины хүүхэд” гэсэн уламжлалт сайхан нэрээр нь хэлж, ярьж заншицгаая.

Тал нутгийнхаа шимт өвсөөр хооллодог тэнгэрийн үнэртэй Монгол адууны жинхэнэ уралдааныг тал бүрээс нь хэлэлцэн ярилцаж, зөв зам гольдрилд нь оруулцгаая. 

Д.Монгол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.