Өнөөдөр цусан улаан тэргэл сар гарах нь...

Twitter Print
2018 оны 01-р сар 31-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Америкийн одон орон, сансар судлалын NASA агентлаг өнөөдөр буюу энэ сарын 31-ний орой сарны бүтэн хиртэлт тохионо хэмээн мэдээллээ.  Энэ нь сарны өөр хоёр ховор үзэгдэлтэй давхцаж байгаа ажээ.

Хойд Америк, Аляска, Хавайн арлуудын баруун хэсэг, Ази, Австрали тивийн мөн зүүн хэсгийн оршин суугчид өглөө эртлэн босвол сарны бүтэн хиртэлтийг илүү ойроос тод харах боломжтой юм.

Цусан улаан сар гэдэг нэршил нь бүтэн сар хиртэлтийг илэрхийлдэг. Бүтэн сар хиртэх үед буюу нар, сарны хооронд дэлхий байрших тохиолдолд сарны өнгө улаан харагддаг учраас тэр юм. Тодруулбал нарны туяа дэлхийн агаар мандлыг нэвтлэн гарахдаа зарим нь агаарт шүүгдэж хоцордог. Энэ үзэгдэл 1 цаг орчим үргэлжлэх юм.

Энэ сард хоёрдахь удаагаа тохиож буй сарны хиртэлтийг хөх сар хэмээн хэлж заншсан. Түүнчлэн тэргэл сар 29,5 өдөрт нэг удаа үзэгддэг учраас мөн л ховор үзэгдэл юм. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 1-ний өдөр тэргэл сартай эхэлж, сарын төгсгөлд дахин нэг тэргэл сар гарч буй нь энэ аж. 

Сар энэ өдөр дэлхийд хамгийн ойр ирж, хамгийн том харагдах тул супер том сар ч гэж нэрлэгддэг. Энэ удаагийн тэргэл сар дан ганц тэргэл сар байгаад зогсохгүй, дэлхийг тойрох тойрог замынхаа хамгийн ойр зайд иржээ. Сарны тойрог зам зууван хэлбэртэй учраас сар дэлхийд хамгийн ойртож ирсэн үетэй тэргэл сар давхцах үзэгдлийг ингэж нэрлэдэг.

Гэсэн ч энгийн нүдээр ердийн өдрийн сартай жишихэд том ялгаа харагдахгүй юм. Гэсэн ч 3 үзэгдэл нэг дор давхацсан тул ховор үзэгдэл болох нь дамжиггүй. Иймд энэ өдөр гарах сарыг “super blue blood moon” буюу хөх цусан улаан тэргэл сар хэмээн нэрийдэж буй.

Дэлхий сарны хоорондын дундаж зай нь 382,900 километр байх бөгөөд хамгийн ойрхон өнгөрөх үед энэ зай ойролцоогоор 350 мянган километр, хамгийн хол үед 405 мянган километр болдог аж.

Энэ үедээ сар хамгийн хол байх үеийнхээсээ 14 хувиар том, 30 хувиар тод харагддаг бөгөөд хамгийн хол зайд үзэгдэх тэргэл сарыг Микро тэргэл сар гэж нэрлэдэг. Хамгийн сүүлд Супер сар хиртэлт 2015 оны есдүгээр сард болсон бол дараагийн хөх сар хиртэлт 2028 онд болох аж.

Байгал сансрын энэхүү гайхамшигт үзэгдэл нь 150 жилд нэг тохиож буй үзэгдэл юм. 

Улаанбаатарын цагаар 19:48 цагаас сарны ерөнхий хиртэлт эхэлж, сар захаасаа улайх бөгөөд 20:51 цагт сар бүхэлдээ хиртэнэ. Улмаар 21:29 цагт сарны хиртэлт оргилдоо хүрч, бүхэлдээ улаан хүрэн өнгөтэй болох аж. Харин 22:07 цагт сар дэлхийн сүүдрээс гарч эхлэх бөгөөд 23:11 цагт хиртэлт бүрэн дуусах юм.

Зүүн Азиас хойд Америкийн баруун эрэг хүртэл бүс нутгийн оршин суугчид энэхүү ховор үзэгдлийг бүтнээр нь ажиглах боломжтой ажээ. Бусад газар нутгийн хүмүүс хиртэлтийг бүрэн харах боломжгүй тул NASA өөрийн сайт дээр дүрсийг нь шууд дамжуулна.

Эх сурвалж: New York Times

Р.Этүгэн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.