О.Магнай: У.Хүрэлсүх нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд Ерөнхий сайд болсон

Twitter Print
2018 оны 01-р сар 29-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг АН-ын зүгээс дүгнэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай "2016 оны ээлжит сонгуулиар МАН засгийн эрх аваад өнөөдөр нэг жил долоон сар орчим хугацаа өнгөрч байна.

Эрх баригчдын сонгуулиар амласан амлалт, ажлыг энэ хугацаагаар дүгнэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ МАН-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн Засгийн газраа болохгүй байна, илүү ихийг хийж, шинэчилнэ гэж амлаж байж огцруулсан.

Тиймээс энэ хүнийг 100 хоногийн хугацаанд хийсэн ажлыг нь дүгнэх шаардлага гарч байна. МАН засгийн эрх авснаас хойшх макро эдийн засгийн тоо баримтыг дурдах хэрэгтэй.

2016 оны зургаадугаар сард ам.долларын ханш 1,850 төгрөг байж. Харин өнөөдрийн Монголбанкны албан ханшаар 2,470 байна.

Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш МАН-ын Засгийн газрын үед 30 орчим хувиар суларсан байна. 

Энэ нь эргээд нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ам.доллараар авдаг улсын хувьд хүмүүсийн худалдан авах чадвар 30 хувиар буурсан гэсэн үг.

Инфляцийн түвшин 2016 онд 1.2 хувьд хүрсэн бол өнөөдрийн байдлаар долоо орчим хувь болсон байна.  

Мөн ядуурал гурван пункт, ажилгүйдэл таван пункт болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл МАН засаг авснаасаа хойш ажлын байр нэгийг ч шинээр нэмж бий болгоогүй, харин таван пунктээр нэмжээ. Тэгэхээр энэ хугацаанд олон хувийн жижиг бизнес дампуурчээ.

У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа үндсэн гурван асуудлыг дэвшүүлсэн.

Нэгдүгээрт 807.8 тэрбум төгрөгийг концессын гэрээгээр тухайн үеийн Засгийн газрын гишүүд хуваагаад авчихлаа гэж ярьсан. Хүүхдийн мөнгийг эрх тэгш олгохгүй байна гэж хоёр дахь асуудлыг ярьсан. Гуравдугаарт мэргэжлийн гэх тодотголтой засгийн газар нь "ах дүүгийн газар" боллоо гэсэн шалтгаанаар өмнөх Засгийн газраа огцруулсан.

Харамсалтай нь, хүүхдийн мөнгийг эрх тэгш олгосонгүй, бусад асуудлыг ч шийдсэнгүй. Дээрээс нь тухайн үед Ерөнхий сайд болохдоо 60 тэрбум төгрөгийн бичлэгтэй холбоотой асуудалд улс төрийн хариуцлага зайлшгүй тооцох ёстой гэж ярьж байсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцлага тооцсонгүй. 

Дээр нь 60 тэрбумын хэрэгт улс төрийн хариуцлага хэнтэй ч тооцсонгүй. Энэ бүхнээс дүгнэхэд У.Хүрэлсүх гэдэг хүн зөвхөн нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд Ерөнхий сайд болсон нь харагдаж байна" гэлээ.

Мөн цааш нь “У.Хүрэлсүх гэдэг хүнээс нийгэм өндөр хүлээлттэй байсан. Хүн зоддогтойгоо адилхан иргэний зориг гаргаж, нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа шинэчлэлийг хийх болов уу гэж харж байсан. Хамгийн харамсалтай нь нэг ч шийдвэр гарсангүй. Алсын хараагүй, иргэний зориггүй, нийгмийг шинэчлэх онолгүй нөхөд Монголын Засгийн газарт байна. МАН-ын Засгийн газрын нэг жил, долоон сарын хугацаанд  "МУУ" дүн өгч байна.

Мөн утаа. Манай улсын нийт хүн амын тал орчим хувь нь буюу 1.3 сая хүн Улаанбаатар хотод амьдарч байна. У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүрэгт нэг удаа очиж утаатай танилцсан. Гэтэл дахиад утаагүй зуух тараана гэж ярьж байгаа.

Сая БНСУ-д айлчлаад 700 сая ам.долларын зээлийн асуудал шийдэгдсэн. Харамсалтай нь 500 сая ам.доллараар нь зуух тараах асуудал яригдаж байна. Европын Холбооны хар жагсаалтад орсон нь манай улсын нэр хүндэд муугаар нөлөөлсөн үйл явдал болсон" гэсэн юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.