Мөсний шагайн харвааны УАШТ энэ амралтын өдрүүдэд болно

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

... Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Түүний хойд хавар алангир нумаар харваж байхад Жамух бярууны хоёр эврийг нааж нүхэлж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжин арц модон годилоо Жамухад өгч анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ

                 “Монголын Нууц Товчоо”-ны 116 дугаар зүйл

Монгол үндэстний түүхэн сурвалж бичиг болох “Монголын Нууц Товчоо”-нд ийнхүү мөсний шагайн тухай маш тодорхой дурдсан байдаг. Энэ нь XIII зууны үед Монголчууд мөсний шагай харваж тоглож байсан тухай баттай баримт юм.

Монгол эрчүүдийн авхаалж самбаа, хурц хараа, түргэн сэтгэх чадвар, бие бялдрын хөгжил, тэсвэр хатуужил, төлөвшлийн хэрэглүүр болж зөвхөн үндэсний спортын төрөл бус Монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өвийн илэрхийлэл болсон мөсний шагай нь энэ олон зуун жилийг элээн бидэнд уламжлагдан иржээ.

Манай ард түмний энэхүү өнө зууны түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг энэ оны 02 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Өнө зууны түүхтэй уламжлалт шагайн харвааг сэргээх, харваачдын залгамжийг бэлтгэх, олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор УАШТ-ийг зохион байгуулж байна. Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа бөгөөд тухайн өвийг олон улсад таниулах, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах ач холбогдолтой юм.

ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2014 онд бүртгэгдсэн “Шагайн харваа” нь нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан Монгол ардын наадгайгаас үндэсний спорт болтлоо хөгжиж байна. Монголчууд “Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” хэмээн шагайг ардын оньсогод зүйрлэдэг төдийгүй хонь, морь, тэмээ, ямаа хэмээн нэрийдэж үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлж иржээ. Одоо цагт Цагаан сарын үеэр шагайгаар түгээмэл нааддаг бөгөөд гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон байна.

Тус наадамд Архангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн төлөөлөл болох нийт 10 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 200 гаруй харваачид оролцоно.

Мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг бөгөөд уламжлалын дагуу усны урсгал дагуу сум харвадаг байна. “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх тул Шороон гахай жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжихийг урьж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.