З.Баянсэлэнгийг сайдаар ажиллаж байхдаа хамаарал бүхий этгээдүүдийг түрээсийн орон сууцанд оруулсан эсэхийг тогтоохоор шалгаж байна

Twitter Print
2018 оны 01-р сар 25-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр АТГ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн сард АТГ-т авлигатай холбоотой 219 дуудлага иржээ. Үүний дийлэнх хувийг эрхзүйн тусламж хүссэн дуудлага байжээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "2018 оны нэгдүгээр сард авлигын эсрэг хууль тогтоомжийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгье. АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шийдвэрлэлт нь 83.7 хувтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зорчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн. Хянан шийдвэрлэсэн өргөдөл гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж зөрчил гаргасан 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан, мөн хууль бус төлбөр хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэргээр зөрчлийг арилгуулсан байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн явцын мэдээг танилцуулбал www.meduuleg.iaac.mn цахим системд өнөөдрийн байдлаар нийт 10 200 орчим мэдүүлэг гаргагч мэдүүлгээ мэдүүлж, баталгаажуулсан бөгөөд улсын хэмжээнд явц байдал 29.2 хувьтай байна.  АТГ 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж Батсуурь, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А Цолмон, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав, Батлан хамгаалах яамны Төрийн марийн бичгийн дарга асан хурандаа Б.Батсайхан, Баянгол дүүргийн татварын байцаагч А Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н Пүрэвдорж нарт холбогдох хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Эдгээр хэргуүд нь байгалийн ховор ургамал экслортлох зөвшөөрөл олгохын тулд бусдаас 65 сая төгрөгийн хээл хахууль авсан, хууль бус захирамжаар газар олгосны улмаас улсад 49 сая төгрөгийн хохирол учруулсан, төрсөн эгчийнхээ аж ахуйн нэгжтэй өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосон, эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт засвар хийлгэснээс улсад 109 сая төгрөгийн хохирол учруулсан, шалгалтаар очсон мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн зэрэг үйлдэлд холбогдолтой эрүүгийн хэргүүд байгаа юм" гэлээ.

АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалаг "Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Ж.Батбаярын мөрдөн шалгагдаж байсан хэрэг дээр нэмж шалгах хэрэг гарсан тул мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.  МХЕГ-ын газар болон хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шалгагдаж дуусч  байгаа ойрын хугацаанд прокурорт шилжүүлнэ. Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа иргэдтэй холбоотой хоёр янзын тоолуур гүйж байгаа. Эхнийх нь хоёрдугаар сарын 4-нд дуусах юм. Энэ өдөр хүртэл мэдээлэл байхгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Түүнээс байцаалт авсан.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж прокурорт шилжүүлсэн” гэлээ.

Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гомдлын дагуу гурван удаа шалгалт хийжээ.  Шалгалтаар тус яамны ажилтан С.Мөнхөөлэйгийн томилгоотой холбоотой асуудлыг шалгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандаад байгаа юм байна.

Барилга хот байгуулалтын сайд асан Баянсэлэнгийн асуудлаар сэтгүүлчийн асуултад "БХБ-ын сайд асан Баянсэлэнгийг сайдаар ажиллаж байх хугацаандаа хамаарал бүхий этгээдүүд болох эгч, дүү, нөхрийнхөө дүү зэрэг хүмүүсийг түрээсийн орон сууцанд оруулсан, бусдад давуу байдал олгосон эсэхийг тогтоох зорилгоор байцаалт мэдүүлэг авсан. Сошиалаар түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бүх хүмүүсийг шалгана гэсэн мэдээлэл гараад байна. Энэ худлаа мэдээлэл" гэлээ.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.