Ч.Лхамсүрэн - Эх /шүлэг/

Twitter Print
2018 оны 03-р сар 07-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Зохиолч Ч.Лхамсүрэн 1917 онд одоогийн Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт зарц ядуу малчны гэрт төржээ. 1920 онд эх нь нас барж, зарцлагдаж байсан Лхамсүрэнг Чойжилжав үрчлэн авсан бага насны түүх байх аж.

1937-1940 онд Улаанбаатар хотноо худалдааны техникумд суралцаад, дараа нь ардын цэргийн алба хаажээ. 1941-1944 онд цэрэгт байхдаа дэлхийн хоёрдугаар дайны үеийн хүнд бэрх амьдралыг туулсан. Цэргээс халагдан монголын зохиолчдын түр хороонд ажиллажээ.МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, "Цог" сэтгүүл, "Утга зохиол урлаг" сонины ажилтнаар олон жил ажилласан.

1964-1966 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх утга зохиолын дээд курст суралцан төгсжээ.

Нутагтаа эргэж ирсний дараа "Утга зохиол урлаг" сонинд ажилласан. Уран зохиолын томилолтоор Баянхонгор, Говь-Алтай, Улаанбаатар төмөр зам, Налайхын уурхай, Том ширний үйлдвэр, Хялганатын модны үйлдвэр зэрэгт ажиллаж байжээ. Төр засаг түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн "Маамуу нааш ир" шүлэг, "Хүрэн морь" найраглал зохиосон учир Монгол улсын Төрийн шагнал |1963| хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Түүний уран бүтээлийг, 1930 оны сүүлч 1940 оны үе, 1950-1970-аад оны үе гэж 2 ангилан үздэг байна. Эхний үед тэрээр "Эрийн сайн эрэлхэг Болдбаатар хамгийг залгигч хар мангасыг дарсаны үлгэр" найраглал, "Үлгэрч өвгөний ярьсан нь" найраглал, “Хүрэн морь" найраглал, "Эх" шүлэг, "Ган зам" дууны үг зэргийг хамаатуулж үзэх бөгөөд хоёрдугаар үед "Шүлгүүд", "Найраглалууд", "Ган зам", "Мамей Жузей хоёр", "Гурван сайхан", "Хар алтны хаан" найраглал, "Өгүүллэг ба найруулал" Үргэлжилсэн үгийн зохиол, "Цэцэг барьсан хүүхэн" Үргэлжилсэн үгийн зохиол, "Мамей Жукей хоёр", 1954: "Тэнгис" шүлэг, "Жаргал" шүлэг, "Үнэн" найраглал, "Их ертөнц" найраглал, "Орос" найраглал, "Би газар тэнгэрийн хүү" найраглал, "Соёл багш довтолж явна" шүлэг,  "Маамуу нааш ир" дууны шүлэг, "Зохиолын сэдэв ард түмний дунд" өгүүлэл, "Хар алтны хаан" найраглал зэрэг олон авран уран бүтээлийг нь хамаатуулж ойлгодог. 1979 онд нэрт яруу найрагч нас баржээ.

Зохиолчийн өөрийн амьдралаас сэдэвлэн зохиосон "Эх" найраглал ард түмний дунд хүндтэй байр эзэлдэг билээ. Энэхүү шүлгийн хүргэж байна. 

 

ЭХ

Эх орноо зүрхнээсээ илүү хайрлаж
Эрхт ардынхаа дунд хөдөлмөрлөж байхад
Энгүй хайрын халуун сэтгэл дотроос
Эхийн тухай нэгэн бодол ер салдаггүй юм
     Юуны өмнө төрсөн нутгийн минь ач
     Юум бүхнээс хавьгүй өндөр боловч
     Ертөнцөд төрүүлсөн эх хүний ачийг 
     Ер нь багагүй гэж би санадаг
Эхийн минь амьдарч байсан тэр цаг
Энх тайван одоотой адил биш
Элгэн халуун Монгол түмнийг шаналгасан
Эзэрхэг засаг ноёрхож байсан үе юм
     Хатуу бэрх зовлон бүхнээс болж
     Халширч ядарсан зарим нэгэн эх
     Хайрт үрээ амьдаар нь хээр хаяад
     Хар нулимсаа унагаж байсан юм гэдэг
Тэр цагт миний ядуу эх
Тийм зовлонт бүсгүйн нэгэн байвч
Тээж төрүүлэн ганц үр намайгаа
Тээр санаж хээр хаяагүй байжээ
     Амьдрах зовлонгийн аль хүндэд дарагдсан ч
     Алаг үрээ хүн болгож авъя
     Аз жаргалаа хэзээд олно гээд ээж минь
     Арьсан өлгийд намайгаа бүүвэйлэн суужээ
Эхийн минь мөрөөдсөн гэгээн хүсэл
Эгээ л дэмий болсонгүй би өсчээ
Энэрэлт гэгээн орон минь намайг өсгөж
Эрхт ардынхаа нэгэн болгон авчээ
     Өнчин хоцорсон намайг бага байхад
     Өргөж авсан өвгөн буурал эцэг минь
     Өнөр залуу хайрт тэр эхийн
     Өнгөрсөн үеийг товчхон ярьж өгдөгсөн
Гулсаж хальтран даваа гүвээг давж
Гутлынхаа улыг цоортол хэрэн хэсээд
Гурван уут хүний өмнө барьсан 
Гуйлгачин хүүхэн явсан юм гэдэг
     Залагдан явдаг удганы замаар биш
     Зан сайт монгол бүсгүйн амьдралаар
     Заг Байдрагийг хэрэн хэсэж яваад
     Зарц болж нэгэн айлд суужээ
Айлд зарагдаж гэдсээ тэжээснээс хойш
Арвинтай удсангүй хэдэн сарын дараа
Ариун хэвлийдээ ганц үр олоод
Алаг хүү төрүүлсэн нь би гарчээ
     Зүдэрч явсан үгээгүй тэр эх минь
     Зүй ертөнцөд ганц үртэй болсондоо
     Зүүдний харанхуйд наран үзэх шиг болоод
     Зүрхэнд нь баярын гал бадарсан биз...

1947 он

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • номин

      (103.9.89.18) 2018-02-23 11:22
      • 0
      • 0

      Үргэлжлэл нь хаана байгаа бол байвал тавьж өгч туслаач

      Хариулах