С.Чинзориг: “Капитал” банкнаас мөнгөө авч чадахгүй байсаар татан буугдсан

Twitter Print
2019 оны 12-р сар 03-нд 15:54 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкинд байршуулсан асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Би 2017 оны арваннэгдүгээр сарын эхээр сайдаар томилогдсон. Тэр үед Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байршсан байсан. Үүнээс 20 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэрээр байсан. Үндсэндээ 2013-2017 оны хооронд тус банкинд байршсан. Би “Капитал” банктай нэг ч гэрээ байгуулаагүй. Намайг сайдаар томилогдож ирсний дараа буюу арванхоёрдугаар сард Капитал банкинд байршиж байсан 79 тэрбум төгрөгийн гэрээ, хугацаа нь дууссан. Тиймээс манайхаас гэрээгээ сунгаагүй, авах шийдвэрийг гаргасан. Улмаар 2018 оны зургаадугаар сард 79 тэрбум төгрөгийн гэрээг сунгах нь зүйтэй гэсэн бичгийг өгсөн юм. 

Мөнгө авна гэж байснаа гэнэт яагаад байршуулахаар болсон бэ гэхээр 2018 оны эхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг хэлэлцсэн. Ажлын хэсгийг Н.Номтойбаяр ахалж, тодорхой чиглэлийг Засгийн газарт өгсөн байгаа. Тухайлбал, банкуудын хадгаламжийн дунд хүүг баримталж, арилжааны банкинд байршуулах, харилцах дансанд байгаа мөнгө хөрөнгийг хадгаламж горимд шилжүүлэх, мөн хүүгийн орлогыг нэмэгдүүлж, хадгаламж байршуулахгүйгээр, харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ ав гэсэн шийдвэрийг гаргасан. Байнгын хорооны чиглэлийн дагуу 2018 оны зургаадугаар сард 79 тэрбум төгрөгийн гэрээг сунгаж байгуулах зөвшөөрлийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт өгсөн. Ингээд 15.2 хүүтэйгээр есөн сарын хугацаатай байршуулсан. Өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сард 79 тэрбум төгрөгийн сунгасан гэрээ дууссан. Иймээс бид дахин гэрээ байгуулахгүйгээр “Капитал” банкнаас мөнгөө татаж ав гэсэн чиг үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт өгсөн. Гэрээ сунгаагүй, мөнгөө авч чадахгүй байсаар байж 2019 оны тавдугаар сард Монголбанкнаас “Капитал” банкыг татан буулгах шийдвэрийг гаргасан.

Би сайдаар томилогдсоноосоо хойш нэмэлт шинэ гэрээ байгуулсан удаагүй. Энэ мөнгийг буцаан авах асуудлыг төв банктай ярьж байгаа. Монголбанкны зүгээс “Капитал”-ын үндсэн хөрөнгөөр хохирлыг барагдуулж авах боломжтой гэдэг зүйл ярьсан. Гэхдээ “Капитал” банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас хөрөнгө нь битүүмжлэгдсэн байгаа. Прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай. Манай талаас үндсэн хөрөнгө авахтай холбоотойгоор хоёр асуудлыг тавьж байна. Нэгдүгээрт, үндсэн хөрөнгийн чанарын асуудал. Хоёрдугаарт, зах зээлийн дундаж үнэтэй ойролцоо үнэтэй байна уу гэдгийг судалж, байр сууриа илэрхийлье гэсэн. Төв банкны шинэ удирдлага “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг барагдуулахад шуурхай хандаж байгаа” гэсэн юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.