Оюун ухааны доройтол нэг л өдөр "хийсээд" ирдэггүй

Twitter Print
2018 оны 10-р сар 16-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Академич Бехтерев хүний тархийг судлахад бүх насаа зориулсан хүн. Тэрээр: “Хүн төрөлхтний ердөө 20 хувь нь л азтай байж оюун ухаан нь саруул байсаар насан өөд болно. Үлдсэн 80 хувь нь насныхаа эцэст оюун ухаан нь доройтсон, ааш муутай өвгөд эмгэд болон хувирч үр хүүхэд, ач гуч нараа багагүй зовооно" гэсэн байдаг. Тэгвэл хожим энэ “азтай” гэгдэх 20 хувьд багтахын тулд одооноос өөрийгөө анхаарах нь зүйтэй.

Яагаад тэр вэ? Нас ахихын хэрээр бүх хүн залхуу болдог. Ихэнх хүмүүс өтөл насандаа амрахын тулд залуудаа шургуй ажиллаж хөдөлмөрлөдөг. Харин хөгширөхийн хэрээр биеийн амрыг бодож, амттай хооллож ханаталаа унтахыг л хүсч, оюуны хөдөлмөр нь үгийн сүлжээ тайлах төдийхнөөр л хязгаарлагддаг. Түүнчлэн бусдаас элдвийн юм шаардах нь ихэсч, ямар нэгэн юмыг ойлгоогүйгээсээ болж бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүйд хүрдэг. Дээр нь ой тогтоолт нь муудаж, сэтгэн бодох чадвар нь сулраад ирдэг.

Оюун ухааны доройтол нэг л өдөр “хийсээд ирдэггүй”... бага багаар ахисаар тухайн хүнийг эрхшээлдээ бүрмөсөн оруулж орхидог.

Нэг хэвийн амьдралаар удаан амьдарсан хүмүүс оюун ухааны доройтолд орох магадлал өндөртэй байдаг аж. Хэт зарчимч байдал, зөрүүд зан болон консерватив үзэл нь уян хатан сэтгэлгээ, гаргасан шийдвэрийг өөрчлөх чадвар, сэтгэл хөдлөл зэрэгтэй харьцуулахад оюун ухааны доройтолд илүү түргэн хүргэдэг. “Сэтгэлээрээ залуу байх нь хамгийн чухал” гэдэг нь үүнтэй холбоотой байдаг биз ээ...

Тэгвэл тархиныхаа үйл ажиллагааг “апгрэйд” хийх цаг нь ирснийг дараахь шинж тэмдэгээр таньж болох нь:

1. Бусдыг шүүмжлэх дуртай мөртлөө өөрийг нь шүүмжлэхэд ихээхэн эмзэг хүлээн авах.

2. Шинэ юм сурч мэдэх хүсэл үгүй. Жишээ нь, шинэ гар утас ажиллуулж сурахын оронд хуучин утсаа барьсаар байх.

3. “Намайг залуу байхад” хэмээн байн байн дурсаж ярих. Энэ нь амьдралд шинэ, сонирхолтой үйл явдал тохиолдохгүй байгаагийн шинж.

4. Өөрт сонирхолтой сэдвээр хэдэн цагаар ч хамаагүй ярих... сонсож байгаа хүнд уйтгартай байгаа эсэх нь огт хамаагүй.

5. Хүнд эсвэл шинжлэх ухааны сэдэвт ном уншиж байхдаа төвлөрч чадахгүй байх. Уншсанаа ойлгох эсвэл тогтоох чадваргүй. Жишээ нь, өнөөдөр аль нэг номыг талд нь хүртэл уншсанаа маргааш гэхэд л мартсан байх.

6. Урьд нь огт мэддэггүй байсан сэдвээрээ мэдэмхийрч эхлэх. Жишээ нь, улс төр, эдийн засаг, яруу найраг эсвэл уран гулгалтын тухай... Ингэхдээ өөрийгөө, тухайн сэдвийг улс орныг удирдах, мэргэжлийн утга зохиол судлаач эсвэл шүүгч болох хэмжээнд мэддэг хэмээн бодох.

7. Алдарт кино найруулагчийн бүтээл, савангийн дуурь хоёроос аль хөнгөнийг нь сонгож үзэх. Ээдрээтэй үйл явдал бүхий кино үзэж толгойгоо гашилгахын хэрэг юун, тийм биз дээ?

8. Бусад хүмүүс өөрт нь нийцэх ёстой хэмээн үзэх. Ууг нь эсрэгээрээ баймаар...

9. Амьдрал нь тэр чигээрээ тогтсон дэг жаягаар дүүрэн байх. Жишээ нь, шинэ сонин эргүүлж харангаа дуртай аяганаасаа л кофе уухгүй бол уусан болдоггүй. Ямар нэгэн юмыг сурснаараа хийхгүй л бол тэр өдөр бүхэлдээ “час өдөр” адил санагдах.

10. Ямар нэгэн үг, үйлдлэрээ бусдын дургүйд байнга хүргэдэг гэдгээ мэддэг ч түүнийгээ зогсоодоггүй... Энэ нь өөрийгөө зөв, бусдыг буруу гэж үздэгтэй нь холбоотой.

Тархиа "апгрэйд" хийхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

Эрдэмтэд болон урлагийнхан хөгширсөн ч ухаан санаа нь саруул хэвээр байдгийг та анзаарсан байх. Тэд мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалан судалгааны ажлыг тасралтгүй хийж, ном зохиол уншиж, янз бүрийн тоо баримт цээжилж, өөрөөр хэлбэл оюун ухаанаа бүрэн дайчилдаг. Түүнчлэн шинэ соргог бүхнээс хоцрохгүйн тулд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж (заримдаа бүр түрүүлж алхах нь ч бий), ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог. Оюун ухааны доройтолд орчихолгүй, насан өндөр болтлоо бүрэн дүүрэн амьдралаар амьдрахын нууц чухам энэ бүхэнд л оршидог байх нь.

Оюун ухааны доройтолд орохоос хэрхэн сэргийлэх вэ хэмээн та гайхаж байгаа байх... Тэгвэл эдгээр зөвлөгөөг уншаад та өөрт хэрэгтэйгээ олоод авна биз ээ. Үүнд:

1. 2-3 жил тутамд ямар нэгэн шинэ зүйлд суралцаж бай. Ингэхийн тулд заавал их дээд сургуульд элсэн орох шаардлагагүй. Та богино хугацааны курс дамжаанд сууж мэргэжлээ дээшлүүлж болно. Эсвэл цоо шинэ мэргэжил эзэмшиж яагаад болохгүй гэж. Эсвэл өмнө нь огт амсаж үзээгүй шинэ содон жимс, ногоо зэргээр хоол хийж сур.

2. Хүүхэд залуучуудтай бужигнаж, тэднээс шинэ содон зүйлд байнга суралцаж бай. Жишээ нь, сүүлийн үеийн гар утасны технологийн тухай. Одооны хүүхэд залуучууд таны мэдэхгүй ямар их зүйлийг мэддэгийг та төсөөлөх ч үгүй.

3. Үе үе төрөл бүрийн тест бөглөж IQ-гаа сорьж бай. Тийм тест гар дор байхгүй бол хүүхдийнхээ тооны номноос өгүүлбэртэй тоо эсвэл тэгшитгэл бодсон ч болно шүү дээ.

4. Гадаад хэл сур... хожим нь түүгээр ярихгүй байсан ч хамаагүй. Хамгийн гол нь гадаад хэл сурахад олон шинэ үг, хэллэг цээжлэх хэрэгтэй болдог. Харин энэ чинь л таны ой тогтоолтыг “дасгалжуулж” өгөх юм.

5. Биеийн тамираар тогтмол хичээллэж бай. Энэ нь тархин дахь хүчил төрөгч болон цусан хангамжийг сайжруулж, оюун ухааныг доройтолд орохоос урьдчилан сэргийлнэ.

6. Өмнө нь цээжээрээ мэддэг байсан дуу шүлгээ эргэн санах, найз нөхдийнхөө утасны дугаарыг тогтоох, дэлхийн нийслэл хотуудын нэрийг цээжлэх замаар ой тогтоолтоо байнга дасгалжуулж бай.

7. Тогтсон дадал зуршлаа эвд. Өдөр бүр өмнөх өдрөөсөө өөр байх тусам та оюун ухааны доройтолд орох магадлал улам бүр буурна. Өглөө болгон ажил руугаа өөр өөр замаар явж бай. Цайныхаа цагаар нэг л хоолны газар орж нэг л төрлийн хоол захиалдаг байсан бол одооноос эхлэн өдөр бүр өөр өөр хоол авч, шинэ содон амтыг мэдэр. Амьдрал баялаг гэдэг биз дээ...

8. Бусад хүмүүсийг ойр зуурын ажлаас чөлөөлж, аль болох өөрөө хийж бай. Хийж байгаа зүйл тань аль болох гэнэтийн, төлөвлөөгүй байвал бүр сайн. Учир нь бүтээлч сэтгэлгээ тань хэдий чинээ их хөгжинө, ухаан санаа тань төдий чинээ саруул байна гэсэн үг.

Жич: 82 настай энэ хөөрхөн эмээг Масако Васамия гэдэг. Тэрээр iPhone гар утасны аппликэйшн зохиогч хамгийн өндөр настай хүн юм. Хийх юм олдохгүй уйдсандаа, мөн оюун ухаанаа саруул хэвээр нь авч үлдэх гэсэндээ тэрээр 60 настайдаа гар утасны аппликэйшн зохиоход ашиглагддаг кодыг бие даан сурч эхэлсэн гэнэ. Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг нь энэ бус уу...

2018-01-21

Эх сурвалж: econet.ru

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (182.160.1.90) 2018-09-13 11:39
      • 0
      • 0

      bayarlalaa uneheer

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.87) 2018-09-10 21:05
      • 0
      • 0

      Ямар сайхан зөвлөгөө вэ, баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.10) 2018-01-24 20:51
      • 0
      • 3

      Маш сайхан зөвлөгөө өгдөгт дандаа талархдаг шүү. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

      Хариулах