Х.Баттулга: Дагуул хотууд байх газарт зарим яамд, их, дээд сургууль, Элчин сайдын яамдыг гаргая

Twitter Print
2018 оны 01-р сар 15-нд 21:10 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр СТӨ-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь түүний аймаг, дүүргийн иргэдтэй хийх хоёр дахь уулзалт байв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж байна. Тулгамдсан асуудлаа иргэд өөрсдөө ярьж УИХ, Засгийн газарт “ташуур” өгөх ёстой. Зөвхөн би биш өөр хоорондоо ярилцъя” гээд уулзалтыг эхлүүллээ.

Төрийн тэргүүн уулзалтыг үргэлжлүүлж хэлсэн үгэндээ:

“Улаанбаатар хотын хүн ам 1990-2017 онд 854 мянгаар буюу 146 хувиар огцом өслөө. Үүний 623 мянган хүн буюу 73 хувь нь орон нутгаас ирсэн байна. Харин 2008-2016 онд агаарын бохирдолд 147 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, гадаадын зээл, тусламжаар 60 сая ам.доллар зарцуулжээ. Нийтдээ 170 мянган ширхэг зуух тараасан байна.

Мөн өнөөдөр хотод 1.3 сая хүн амьдарч байна. Энэ их ачааллыг дахин төлөвлөхөд хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс Улаанбаатар хотыг түшиглээд дагуул хот байгуулах тухай асуудлыг би хөндөн ярьж байгаа. Дагуул хотууд байх газарт зарим яамд, их, дээд сургууль, Элчин сайдын яамдыг гаргая гэж байгаа юм. Дагуул хот байх газарт орон сууцны үнэ нэг сая хүрэхгүй төгрөгөөр зарагдах боломжтой. Учир нь, хямд өртгөөр орон сууц барих боломжтой үйлдвэр хэдийнэ ашиглалтад орсон байна. Энэ төслийг өмнө нь бэлдчихсэн, одоо аваад ашиглахад бэлэн байгаа.

Харин ядуурал гэдэг маань ажилгүйдэл. Ажилгүйдэл гэдэг нь ердөө л бизнесийн хумигдмал байдал. Энэ хумигдмал байдлыг задлах ёстой. Дэд бүтэц, бусад олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм бол бизнес өргөжин тэлж, иргэд ажилтай болно. Өнөөдөр бид 1949 онд барьсан төмөр замтайгаа л байгаа. 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан ч хэрэгжүүлээгүй. Автозамын бодлого мөн адил батлагдсан ч хэрэгжээгүй. Үүн дээр Говийг усжуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлбэл, ажилгүй олон залуус ажилтай болж, ядуурал буурах ёстой.

Гэтэл өнөөдөр ядуурлын түвшин Улаанбаатарт 24 хувь, орон нутагт 38 хувьтай байна. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд 40 мянга хүрэх гэж байна. Энэ бол асар их тоо” гэлээ.

Мөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар:

“Малчдын тоо 310 мянга, малын тоо, толгой 66 саяыг давлаа. Жилд 15 сая мал, 500 мянган тонн мах, 15 сая ширхэг арьс шир, 9000 тонн ноолуур, 27 мянган тонн ноос дотоодын зах зээлд бий болж байна. Гэвч, эдгээр нь ямар ч нэмүү өртөг шингэхгүйгээр урд хөрш рүү гарч байна. Хэрвээ, аж үйлдвэрийг сэргээх юм бол түүхий эд бүрийг боловсруулах ажилд ажлын байр нэмэгдэнэ. Энэ талын илүү гүнзгий, ул суурьтай судалгаа хийгдсэн.

Мөн газрын баялаг ард түмний өмч байдаг ч хэдхэн гэр бүлийн гарт орсон. Өдөр, шөнөгүй байгалийн баялаг урд хилээр гарч байгаа. Энэ мөнгө хаашаа ороод байгааг бид одоо хүртэл олж, тогтоож чадахгүй байна. Хууль хяналтын байгууллага үнэхээр хойрго хандаж байгаа.

Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг хүн бүр мэднэ. Монгол Улсыг одоо хүртэл тэжээж байгаа  энэ үйлдвэр аж үйлдвэрийн салбарын арвин туршлага болж байгаа. Тиймээс бид баялгаа шууд гаргахгүйгээр “Эрдэнэт” үйлдвэр шиг боловсруулах боломжтой. Өнөөдөр нэг тонн зэсийн үнэ гэхэд л 8000-10000 ам.доллар, метал зэсийн үнэ тонн тутамдаа 7000 ам.доллар боллоо. Экспортын гаалийн мэдээнээс харахад:

Коксжих нүүрс 25.8 сая тонн

Төмрийн хүдэр 6 сая тонн

Зэсийн баяжмал 1.6 сая тонн