Ядуу хүнд ч нэр хүнд, өөрийгөө хүндлэх эрхэм чанар бий

Twitter Print
2018 оны 01-р сар 15-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

Ганган ганган хувцастай ах, эгч нар айлын гэрт ТВ дагуулж орчихоод "нэн ядуугаар" нь дуудаад хүүхдүүдийг нь бүлтэлзүүлж байгаад худлаа үнэн бэлэг өгсөн болоод тэрийгээ камераар аваад телевизээр гаргах юм. "Нэн ядуу өрхийн хүүхдүүд" гээд улс орон даяар зарлагдсан бага, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүй, өөртөө итгэх итгэл, ирээдүйн төлөвшил, хүмүүжил ямар байх уу? Сайхан байхгүй нь лав мэдээж.

Хогийн цэг дээр очиж нэг жоохон хүүхдэд ууттай хүнс өгөнгөө жийптэй ах буян хийснээ гайхуулж, хамт авахуулсан зургаа ид хав болгон цахим сүлжээнд байршуулна. 

Тэгээд болоогүй "сайхан сэтгэлийнхээ үзүүрээс" өгч байгаа юм шүү гэх юм. Сайхан сэтгэлийнхээ үзүүрээс өгч байгаа юм бол телевизээр нэвтрүүлэг болгож гаргах, нийтийн сүлжээгээр зураг хөрөгтэй нь цацаж гутаан доромжлох ямар хэрэгтэй юм бэ? Ямар ч хүнд нэр төр, эрхэм чанар өөрийн хүндэтгэл, бардам зан гэж байдаг. Ядуу хүнд ч эдгээр зүйлүүд бий. Ядуу хүмүүсийг хэн аз жаргалгүй гээв? Аз жаргал баян, ядуугаас үл хамааран хүн бүрт байдаг зүйл, тэр чинь эд хөрөнгө, эд баялгаас ч хамаараад байдаг зүйл биш шүү дээ.

Хүнд хүндлэх, хүндлэгдэх зайлшгүй хэрэгцээ байдаг, энэ бол хүний заяагдмал эрх, эрх чөлөөний нэг хэсэг. Хүний эрх, нэр хүндэд ингэж халдаж болж байгаа юм уу? Өвчин зовлондоо шаналж байгаа хүмүүст бэлэг өглөө гээд хэвтэрт байгаа хүний царайг камераар бичээд шууд телевизээрээ цацчих юм.

Сонгууль ойртоод дээдчүүл нь дуулж, бүжиглээд, доодчуул нь хүн доромжилж, гутааж, "ядуу зүдүү өвчтэй зовлонтой"-г нь зарлаж пиараа хийдэг болоод удлаа. Хичнээн муухай санагдаж, харагддаг гээч. Энэ хэдэн телевизүүд одоо гаргах, гаргахгүй юмаа бас мэдэхээ больчихсон юм уу, хаашаа юм бэ?

Ер нь улстөрчид гэдэг чинь бодлого боловсруулагчид биш алиа салбадай, алиалагч нар болчихсон юм уу?

Жич: Улстөрийн байгууллагууд, улстөрийн намуудын дэргэдэх бүх ТББ-уудын удирдлагууд хэрэвзээ ямарваа нэгэн сайн үйл хийсэн бол түүнийгээ бүү зарлаж бай, ялангуяа ТВ-ээр хэзээ ч бүү гаргаж бай, зарлавал сайхан сэтгэлийн үзүүрээс тэр үйлийг хийсэн гэдэгт чинь эргэлзээ төрч, пиараа л хийж байна гэж бодогдож байна. Өөрсдийнхөө пиарыг бусад хүмүүсийн эмзэг зүйл дээр дөрөөлөн хүний нэр хүнд, эрхэм чанарыг золиослож байж хийх нь ёсзүйд үл нийцнэ шүү!

Хүлгэн Нямхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • БИ БОЛД

      (66.181.168.72) 2018-01-15 17:11
      • 0
      • 0

      Хүлгэн Нямхүү Үнэн л юм бичиж дээ,даанч нөгөө пиарчид нь ойлгрхгүй л дээ.

      Хариулах