Байдраг голын усан

Twitter Print
2018 оны 01-р сар 13-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

Байдраг гол захлан гэсэж усан шалхнаг гүймэглэнэ. Баринтаг суллан хайлмагтан задгайрах нь энэ. Ханхар дайдыг нь сүвлэн чигжсэн өвлийн өнжмөл хаядасууд, хаврын хавсарганы шавдасуудыг угаан урсган мөдхөн л улаан хоормоглон уурлах нь ээ. Гэвч ханшийн нялх ногоо, айлсан саахалтлан буух цагаан цагаан гэрүүдийг амьтан хүн адуу малтай нь хөвөөндөө зулна. Хаврын Байдрагаа санана... Санахгүй байж чадахгүй юм даа.

Байдраг голын ус гилтэгнэн урсана. Гялтагнасан хар булган урсгалаа гүйлгэн гүйлгэн уралдуулна. Бидэн шиг урдах нь хойшоо, хойтох нь урдаа орж барилдахгүй юм зодолдох нь бүр үгүй юм. Түрүүлж урагшаа орох нь байв чиг түүндээ огт атаархахгүй юм, юм үзсэн хүн шиг тоох ч үгүй юм. Гэвч бүгд л дагт нь урагшаа. Урагшаа л давшин уралдан уралдан урсана. Ингэж л зогсол үгүй ахиж дөхөж сурахсан... Чадахгүй юм даа.

Байдраг голын ус захаасаа зайрмагтана. Үс шанаанаасаа бууралтах мэт. Хоёр шанааны нь зайр мөс урсгалд түлхүүлэн хол хол дуугарна. Бидэн шиг хойшоо бай зай бол гээд л хол хол дуун гаргаад буй бололтой дог. Гэвч хорвоог цочоохгүй юм, бидэн шиг бар бар бархирахгүй юм. Хол хол дуун нь холдохгүй юмаа тэрүүхэн тэндээ, даруухан айвуухан ийм л байхсан. Ихийн овоо, уур цухлаа ингэж л даран чадахсан... Чадахгүй юм даа.

Байдраг голын мөс гялталзан толиорно. Хүйт даасан цэвдэг толио нь холхийг дааруулан цавцайна. Бухимдана уу яана хаа нэгтэй хагар тусан түгхийнэ Тэшүүлэн хальтчуулж, тэнгэр сөхчим тэвдүүлэнэ. Халиатан цантаж, халууцан тийрч бургилана. Хүн бидэн шиг л, янз гүнж авирлана. Гэвч баринтаг хиргүй Байдраг нэртэйгээ мянган жил... Ийм л бөх нэртэй байхсан, чадахсан. Чадахгүй юм даа, усан минь.

Бямбажавын Ганбаатар

2017, Баянхонгор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.