Ясүкүни сүм

Twitter Print
2018 оны 01-р сар 13-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

-靖国神社 /Ясүкүни сүм/-

Жил бүрийн 12-р сарын 31-ний өдөр тохиодог Цагаан сарын үеэр япончууд та бидэнтэй адил сүм хийдэд очиж мөргөл үйлдэж, эцэг өвгөдийнхөө сүнсэнд залбирч, энэ жилийн өнгө төрх ямар байхыг омикүжи /сугалаа/ татаж үздэг. Энэ бол нийтлэг энгийн ард иргэдийн цагаан сараар хийдэг зан үйл.

Тэгвэл дээд зиндааны эрхэмүүд, парламентын гишүүд, ерөнхий сайд гээд улс орныг удирдаж байгаа лидерүүд томоохон сүм хийд, тухайлбал 靖国神社 /ясүкүни/ сүмд жил бүр очиж дайчин өвөг дээдсийн сүнсийг аргадах ёслол үйлддэг байна. Энэ үеэр голдуу Японд амьдарч буй Солонгос, Хятад улсын харьяат иргэд эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулдаг. Яагаад ингэдэг гэж та бодож байна. Энэ тухай түүхээс нь авч үзье.

Коомэй /1831-1867/ Эзэн хааны Кэй Оүгийн 4-р онд түүхэнд Бошин /戊辰戦争/ хэмээх нэртэйгээр үлдсэн хүчирхэг овог аймгуудийн өвөр хоорондоо хийсэн дайнд энгийн цэрэг эрс үй олноор амь үрэгджээ. Эзэн хааны ууган хүү бас хуурай газрын жанжин тэрээр алагдсан цэрэг эрсийн оршуулах ёслолыг хааны ордны гадаа үйлдэж, дайчин эрсийн сүнсийг дуудах баяр наадам зохион байгуулжээ. Ийнхүү ёслол болсны дараа дайнд эр нөхөр, энхрий хайртай үрээ алдсан хүн ард өөр өөрсдийн нутагтаа сүнс дуудах баяр хийж, улмаар сүм барих ажил эхэлжээ. 

Энэ үед Японы хуурай цэргийн эцэг хэмээгддэг Оомура Накатоши /大村永敏/ жанжин Японы газар нутгуудаар ийм их олон сүм барьж болохгүй хэмээн эсэргүүцэн Шёоконшяа /招魂社/ хэмээх цэрэг эрсийн шарилыг хүндэтгэдэг бас тэдний сүнс сүлдийг магтан дуулж, бахархах зан үйл гүйцэтгэх ганцхан том сүмийг барих саналыг эзэн хаанд өргөн барьжээ. Хэрэв газар нутаг бүрт ийм олон сүм хийд баригдвал улс орны тусгаар тогтнолд аюул учирна гэж Оомура Накатоши жанжин өгүүлж байжээ.

Ингээд 1869 онд сүмийн нэрийг анх Токио Шёоконшяа /招魂社 хэмээн нэрийдэн барьсан байна. Шёоконшяа /招魂/ гэдэг нь сүнс урих, дуудах гэсэн утгатай ханз юм. Улмаар 10 жилийн дараа 1879 онд Мэйжи эзэн хаан улсаа амар тайван, энх амаглан байлгах гэсэн утгыг давхар агуулсан ханзаар уг сүмийн нэрийг өөрчилж Ясүкүни жинжя /靖国神社/ хэмээн нэрийджээ.

Уг ханзны дуудлага нь олон янз байдаг ба тэр хэмжээгээрээ өөр өөр утгыг илэрхийлдэг байна. Амар амгалан улсын төлөө гэж ерөнхийдөө орчуулагдах хэдий ч ханзны гүн утга нь "...Эзэн хааны төлөө, эх орныхоо төлөө залуу халуун амиа өргөх..." гэсэн утгыг агуулдаг гэж түүхчид бичжээ.

Ясүкүни сүмд одоогийн байдлаар 1860-аад оны Бошин дайнд амь үрэгдсэн 7.751, баруун өмнөдийн дайны 6.971 бас 1894 оны Япон, Хятадын дайны 13.619, Орос, Японы 1904 оны дайны 88.429, Дэлхийн 1-р дайны үеийн 4.850, Манжуур, Хятад, Номхон далайн дайн зэрэг олон газар амь үрэгдсэн цэрэг эрсийн 2.466.532 чандар хадгалагдаж байгаа гэсэн тоог гаргажээ.

Ийм учраас эцэг өвгөдийн сүнс, сүлдэндээ мөргөхөөр Эзэн хаан, дээд зиндааны сайд дарга нар бас энгийн ард иргэд ч жил бүр ирж мөргөл үйлддэг байна. Үүнийг Солонгос, Хятадын талаас буруушааж тухайн үед эцэг өвгөдийнхөө олон хүний амь насыг хөнөөсөн дайн хийснийг зөвтгөж байгаа үйлдэл гэж үзэн эсэргүүцдэг.

Тэртээ он жилүүдэд амь насаа алдсан эцэг өвгөдийнхөө сүнс сүлдэнд залбирч, тэднийг тайтгаруулж буй энэ орны зан үйлийг буруутгах аргагүй юм.

Ясүкүний сүмд мөргөх явдал бол зан үйл болохоос улс төрийн санаатай үйлдэл болоод олон улсын асуудал ерөөсөө биш юм.

Эцэг өвгөдийнхөө догшин ариун сүнсийг аргадах энэхүү ёслол мөргөл жил бүрийн Цагаан сарын үеэр болдог аж.

Найдангийн Базарсүрэн, Дусал өнгө, Япон улс

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.