Донорын хуулийг дэмжив

Twitter Print
2018 оны 01-р сар 12-нд 19:31 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Донорын тухай хууль батлагдсанаар амьд болон, тархины үхжилттэй иргэнийг донор болгох боломжтой болох юм. Ингэхдээ тухайн иргэнээс заавал зөвшөөрөл авах заалтыг тусгасан билээ.

Тархи нь үхэжсэн иргэний гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг эх, асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авсны дараа донор болгох юм. Тэрчлэн энэ хууль батлагдсанаар Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд байгуулах юм. Харин эмнэлгийн байгууллага талдаа донорын эс, эд, эрхтнийг бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэж ажиллах аж. Түүнчлэн үүдэл эсийн банктай болсноор цусны хавдар төдийгүй цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөрөг дархлааны бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломж бүрдэх юм.

Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Гантулга ажилсан бөгөөд тэрбээр эд, эрхтэн экспортлохгүй, харин олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу зөвхөн эмчилгээний зориулалтаар баталгаажуулсан эд эрхтэн импортолж болно. Мөн цус, цусан бүтээгдэхүүн экспортолж болох зохицуулалтыг хуульд тусгасан гэдгийг онцолсон юм. 

2006 ОНООС ХОЙШ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ:

  • 128 иргэнд бөөр
  • 28 иргэнд элэг
  • хоёр иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол Улсад хийсэн байна. 

Тэгвэл өнгөрсөн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу зорчсон бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50-250 мянган ам.доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал-эмчилгээний зардалд 50-110 мянган ам.доллар зарцуулдаг аж. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.