Цагаан сар ба есөн цагаан ёсон

Twitter Print
2018 оны 02-р сар 12-нд 19:24 цагт
Мэдээний зураг,

1.Байгаль дэлхийг тахих ёсон. Цагаан сарын шиний 1-ний ѳглѳѳ, гэрийн эзэгтэй эртлэн босч гэрээ нар зѳв тойрон гороолж, ертѳнцийн 4 зүг 8 зовхист хандан газар тэнгэрийн савслагаар чиг барин цагаан сүүний дээдийг ѳргѳж эх дэлхийгээ тахидаг бѳѳгийн ёс одоог хүртэл уламжлагдан иржээ. Тэр үеийн сацлын халбага нь нэг үзүүртээ сацлын 9 хонхорхойтой, нѳгѳѳ үзүүртээ цагаан хялгасан унжуургатай модон халбага байжээ. Одоо ч зарим нутагт тааралддаг юм байна.

2.Хотоо мялаах ёсон. Гэрийн эзэн цагаан сарын шинийн 1-ний ѳглѳѳ эртлэн босч, эрт гарсан цагаан хурга тэврэн хонины хотоо нар зѳв тойрон ерѳѳлийн үг хэлдэг байжээ.

3.Уяа мялаах ёсон. Монгол эр хүний хийморь морьтой олон зүйлээр холбогддог. Цагаан сарын шинийн 1-нийг угтан битүүний шѳнѳ, дэлий нь засч гоёж янзалсан цагаан бүгээн зүсмийн адуу уяж хонодог байжээ.

4. Гэрийн үүд тахих ёсон. Цагааны энэ ёсыг одоо хүртэл зарим нутагт үйлддэг. Цагаан сарын шинийн 1-ний ѳглѳѳ, гэрийн баруун тотгоны дээд биенд цагаан чулуу, эсвэл цагаан хѳр цас тавин тогтоож, сайн юмс орж ирэхийг билэгддэг.

5. Гэрээ цагаалж чимэх. Цагаан сараа угтан гэр орноо цэвэрлэж, хир хур буртаганаас нь салган угааж цэвэрлэх нь монгол туургатны ёсон. Цагаан сараар аль л ѳѳдтэй ѳнгѳтэй гэсэн ширдэг, олбог, хивсээ дэвсдэг. Дээхэн үедээ шинэ цагаан эсгий гарган дэвсдэг байжээ.

6. Зоогийн цагаан идээ бэлдэх ёсон. Гэрийн хойморт явган ширээ тавин, бяслаг хэвийн боовоор таваг засч, цагаан идээ арвин тавьж, ирсэн орсон гийчдэд амсуулдаг ёс бол эртний уламжлалтай юм.

7. Биеэ гоёх зан үйл. Монголчууд цагаан сараар цагаан бѳс торго, хурган, сэсүүргэн дээл ѳмсч гоён айл хунараар орохдоо цагаан морь хѳлѳглѳн дэгжирхдэг байжээ.

8. Цагаан сэтгэлийн илэрхийлэл. Цагаан сараар муу юм ярьдаггүй ёс бий. Цагаан сэтгэлийн илэрхийлэл болгон цагаан хурган нударгаа нэгэнтээ сэгсэрч сэтгэлээ илэрхийлэн золгодог байсан юм байна. Нударга зангидан юмуу шамлан золгодог монгол хүн гэж үгүй. Хожим нь хадаг барин золгодог болжээ. Золгосны дараа сэтгэлээ нээн үг солилцож, хаш гаанс, хѳѳрѳг дуу гарган зѳрүүлж, сэтгэлийн гүнд юм үлдсэн бол тайлж, бие биедээ найрсаг сайхан ерѳѳл хэлж харилцдаг сайхан ёс ѳнѳѳдрийг хүртэл түмний дунд уламжлагдан үлджээ.

9. Гар цайлгах ёсон. Цагаан сараар оймс цуглуулж бэлэг ѳгдѳг болсон нь сүүлд гарсан зүйл. Эртхэндээ бэлэг гэдэг ойлголт байсангүй, харин хүүхэд хѳгшчүүл, ирээгүй удсан айлчин гийчинд гар цайлгах гэх ёс байсан юм байна. Хошуу торгонд хэвийн боов, хавсай, бяслаг аарул цагаан идээ боож ѳгдѳг байжээ. Манжийн үед дээдэст 3 лангаас эхлүүлэн 50 лангийн хүртэл ембүү барин золгодог байсан юм билээ.

Ийнхүү, ЦАГААН САР гэсний учир нь цагаан үйл, урин цагийг хаврын тэргүүн сараар билэгдэе гэсэн утга болтой, зарим хүмүүсийн цас, цагаан идээтэй холбож тайлбарлаад байдаг нь бас л учир дутуу юм байна гэж. Бэлхнээ байгаа юмсын ѳнгѳ тѳрхийг хэлээгүй, монголчуудын сэтгэлээ ариун цагаан байлгая гэсэн эрмэлзлийн ухаан, ахан дүүсээрээ эвтэй эетэй оршие гэсэн ургийн ухаан, байгал дэлхий байгаа орчноо шүтэж амьдрая гэсэн аж тѳрѳхийн ухаан гээд олон талтай монгол ухаанаар бүтээгдсэн, урсан ирж буй урин цагийг цагаанаар угтан золгохыг билэгдсэн монгол соёлийн гайхамшигт ѳв, уламжлалт ёс юм байна шүү гэдгийг л илтгэн хэлэх байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.