Төгрөгийн ханш чангарах төлөвтэй байна гэлээ

Twitter Print
2018 оны 01-р сар 12-нд 17:48 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Төв банкны тухай хууль батлагдсантай холбогдуулан Авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төв банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль  батлагдсантай холбогдуулан холбогдох арга хэмжээг авах юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгтийн “Валютын ханшийг буулгаж, төгрөгийн ханшийг чангалах боломжтой юу” гэсэн асуултад Төв банкны дэд Ерөнхийлөгч Н.Лхагвасүрэн "Монгол банкны валютын нөөц 3 тэрбум болсон. Энэ нь зургаан сарын нөөц. Худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. Цаашдаа төгрөг ханшаа алдах эдийн засгийн нөхцөл байхгүй, харин чангарах бодлого ажиглагдаж байгаа" гэлээ.

Ингээд Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Дараагаар нь Донорын тухай хуулийн төслийг  хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ажлын хэсгээс гаргасан амьгүй донортой холбоотой  “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ жолооны үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно”тухай заалт гишүүдийн дунд маргаан дэгдээсэн юм.

Хууль санаачлагчид “25 нас гэдэг нь иргэний үнэмлэхээ дахин авах үе. Хэрвээ донор болохыг зөвшөөрвөл нотиаратаар батлуулаад жолооны үнэмлэх дээр тэмдэглүүлэх олон улсын жишгийг дагах хэрэгтэй” гэсэн тайлбар хийж байлаа.

Гишүүн Ц.Нямдорж “Нотиаратын тамга нь жолооны үнэмлэхээс том эд. Тиймээс энэ саналыг дахин нягтлах хэрэгтэй. Дээр нь  тархины үхжилттэй болсон тохиолдолд эрхтэнийг нь хуулийн байгууллагаас зөвшөөрөл авна гэжээ. Зөвшөөрлийг хэнээс авах вэ? Эмнэлгээс үү, цагдаагаас уу, прокуророос уу. Тодорхой болго. Бүрхэг байна”  гэсэн байр суурьтай байсан юм.

Санал хураалтаар ажлын хэсгийн саналыг гишүүд дэмжсэн юм. Чуулган хуралдаан үргэлжилж байна. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.