Эх орноо ордондоо цоожилж, машиндаа түгжиж, Их тэнгэрт нохой шиг хорь...

Twitter Print
2018 оны 01-р сар 11-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Хүүгийн сургуулийн үүдэнд цэвэр усны сав барьсан ах цангаа тайлах ус гуйгаад зогсож байх юм. Cafe bene-гийн хаалгаар хоёр нооройсон ах орж ирээд, ад үзсэн үйлчлэгчид "Жаахан дулаацчихаад гаръя" гэж учирлах. Дэлгүүрийн хаалга бараадсан ах эгч хоёрын үнэр гэж дэлхий дэлбэрмээр, харц гэж хаяаны нохойноос дор. Бид энэ хүмүүстэй нэг эх оронтой гэдгийг минь алхам тутамд тэд сануулсаар.

Гэтэл бид эх орноо гэртээ цоожилж, орцондоо хориод, машиндаа түгжчихвэл болох юм шиг санаж ямар олон жилийг үдэв ээ. Заримтай нь ярилцаад үзэхээр ажлаасаа халагдсанаас хойш амьдрал урудсаар ийм болчихлоо гэх. Нөгөө зарим нь анхнаасаа л хог түүж өссөн гэж хариулж байна.

Дэндүү сайхан залуу нас гудамжинд золбирч, дэндүү ховор монгол сэтгэл траншейнд новширч байгааг харах тусам энэ улс орон эзэнтэй, үгүйд эргэлзэх юм.

Нэг ч гэсэн уурхай хөдөлгөөд, ганц ч гэсэн үйлдвэр ашиглалтанд оруулаатахвал золбирсон сэтгэл, туйлдсан зүрхний зарим нь ч гэсэн гудамжнаас гэрт залрах байгаа даа. Монгол хүн ингэтлээ туйлдаж, тэгтлээ доройтсон нь Манжийн колони улс байх үеийнх. Одоо ер тусгаар тогтнол дутаа юу, төрийн эрх мэдэл балчирдаа юу? Овсгоотой нь гадагшаа нүүгээд, олзгүй азгүй нь олноороо гудамжинд гарчихлаа.

Төрийн түшээд нь эх орон гэж ярих л юм, сонсох л юм. Эсвэл тэдний эх орон тусдаа, төрийн ордонд нам хамгаалалттай, Зайсанд завгүй залраатай, Их тэнгэрт инээж байдаг юм болов уу. Эх орноо харшдаа хориод, машиндаа түгжээд, хар хавтсандаа хатаагаад үхэх гээ юу? Үр хүүхэд маань ч бас эх оронтойгоо хамт өндөр зэрэглэлийн сургуулийн торон хашаанд хоригдож, өндөр довжоотой хаусны тортой цонхны цаанаас амьдралыг харж, өндөр хаазтай машинаасаа бууж чадахгүй бүлтэлзэж үлдэх үү? Мөнгөний төмөр шүүгээндээ эх орноо цоожилчихоод аваад үхэх юм шиг бодож явдаг хүн ч цөөнгүй болжээ.

Эх орон хаана байна аа? Энэ уудам нутгийн альхан талд нь миний эх орон амсхийж, монгол түмэн амарсхийх юм бэ? Бид нэг эх оронтой. Гуйлгачдаасаа зугтаад, хог түүгчдээсээ айгаад амьдарлаа юу. Тэдний цээжинд наад хятад солонгос сериалуудын чинь дүрүүдийнхээс илүү халуун сэтгэл, хайрсан нулимс ээдэж байна...э

Эх орон ямар шорон юм уу? Золбин хүн, нохой хоёроосоо айж явдаг хоригдол нь ямар бид юм уу?

Р.Эмүжин

 

 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (175.193.86.101) 2018-01-11 17:14
      • 0
      • 0

      Tiim shuu.eh ornii ed es bolson ene humuus zolbin ch bai hogchin ch bai bugd l hun shig amidrahiig l moroodpj bgaa shuu dee.teglee geed tenger hol gazar hatuu gedeg shig hoorhiis hetsuu huvi zayataigaa evlereed end tend honog tooruulen amidarch bgaa ni ezengui toriin emgenel gehees oor heleh ch ug alga daa.

      Хариулах