Хоёр Солонгос батлан хамгаалах салбарт ч хамтран ажиллана

Twitter Print
2018 оны 01-р сар 10-нд 16:53 цагт
Мэдээний зураг,

-ХОЁР СОЛОНГОСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ҮР ДҮНД  БНАСАУ-ЫН ТАМИРЧИД 2018 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПТ ОРОЛЦОХООР БОЛСНОО НОТОЛЛОО. ТЭРЧЛЭН ХОЁР СОЛОНГОСЫН ТАМИРЧИД ОЛИМПЫН НЭЭЛТЭД ХАМТ ГАРЧ ИРНЭ-

Солонгосын хойгийн дайнд цэг тавих гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан Паммунжом тосгонд хоёр Солонгосын хоорондох дээд хэмжээний уулзалт өчигдөр болж өндөрлөлөө.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр Солонгосын харилцаа улам дордсоор байсан. Тодруулж хэлбэл хоёр жилийн хугацаанд Умард Солонгос гурван удаа цөмийн туршилт хийж, үүнээс олон удаа баллистик пуужин туршсан.

Харин шинэ оны эхний өдөр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун-ын хийсэн мэдэгдэл хоёр улсын харилцааг эргэн сэргэх эхлэлийг тавьсан юм.

Хоёр улсын дээд хэмжээний нүүр тулсын уулзалтаар, хэрэв Умард Солонгосын тамирчид олимпт орох боломжтой гэж талууд тохиролцвол 2000, 2004, 2006 онуудын өвлийн олимпын адил олимпын нээлт хаалтын үеэр хоёр улсын тамирчид хамтдаа цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх үү гэдэг асуулт анхаарал татаж байсан юм. Тэгвэл уулзалтын үр дүнд Умард Солонгос Пёнчаны өвлийн олимпт Умардын Үндэсний олимпын комисс тамирчдаас гадна албаны хүмүүс, хөгжөөн дэмжигчид, таеквондогийн үзүүлбэр үзүүлэх тамирчид болон урлаг соёлын төлөөлөгчдийг ч багтаасан өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоо мэдэгдээд байна. Түүнээс гадна хоёр улсын тамирчид олимпын нээлт, хаалтын үеэр хамтаа гарч ирэхээр талууд тохиролцсон байна.

Бүтэн хоёр жилийн дараа нүүр тулан уулзаж буй хоёр Солонгосын уулзалт зөвхөн олимпын талаар хэлэлцсэнгүй. Солонгосын дайны үеэр салж хагацсан гэр бүл, ахан дүүсийг ирэх сард уулзуулах саналыг өмнөдийн тал уулзалтын эхэнд хөндлөө.

Түүнчлэн өмнөд Солонгос тодорхой хугацаагаар Умардын эсрэг тавьсан хоригоо цуцалж магадгүй боллоо. Өөрөөр хэлбэл олимпын тамирчид болон төлөөлөгчид чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд хоригийг түр хугацаанд суллах санал гарлаа. Сөүлийн удирдлагууд Умардын хэд хэдэн өндөр албан тушаалтныг Өмнөд рүү орох эрхийг нь хаагаад байсан юм.

People watch a TV screen showing South Korean Unification Minister Cho Myoung-gyon, left, meets with the head of North Korean delegation Ri Son Gwon

Ким Жон Ун ийнхүү Өмнөд хөрштэйгөө найрсаг харилцаа тогтоохоор чармайж байгаа нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна. Энэ нь түүний 2017 онд хийсэн "БНАСАУ цөмийн зэвсэгтэй орон. Гэхдээ цөмийн зэвсгээрээ аль нэг орныг сүрдүүлэн айлгах биш, энх тайвныг сахигч орон байна" гэж мэдэгдсэнтэй холбоотой байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл энх тайван, эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпт тамирчдаа оролцуулж, олон улсад Умард Солонгосын талаарх үзэл бодолд эерэг дүр зураг оруулах санаа зорилгыг тээж байж мэдэх юм. 2018 оны Ким Жон Уны бодлогод "цөмийн зэвсэгтэй ч энхийг сахиулагч" орон гэдгээ дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх гэдэг бодлого багтаж байгааг олон улсын ажиглагчид онцолж байгаа юм.

Мягмар гаригт болсон хоёр Солонгосын уулзалтаар олимпт оролцох Умардын тамирчдын асуудлаас гадна хоёр улсын цэргийн ажиллагаа, дайсагналыг намжаах арга хэмжээ авах талаар яригдсан байна.

Хоёр жилд анх удаа болсон хоёр Солонгосын төлөөлөгчдийн Дээд хэмжээний уулзалтын үеэр талууд батлан хамгаалахын салбарын талаар хэлэлцсэн байна. Хэлэлцээрээр талууд дайсагнасан цэргийн үйл ажиллагаануудаа зогсоох шийдвэр гаргажээ.

Түүнчлэн хоёр улсын уулзалтаар ирэх сард болох Азийн сар шинийн баяраас өмнө дайны үед хагацсан гэр бүл, ахан дүүсийн уулзалтыг зохион байгуулахаар ярилцлаа.

Head of the North Korean delegation, Ri Son Gwon exchanges documents with South Korean counterpart Cho Myoung-gyon after their meeting at the truce village of Panmunjom

Харин бүс нутагт энхтайван, амар амгалан тогтоох зорилгоор цөмийн зэвсэггүй бүс болох тухай яриаг Умардынхан төдийлөн дэмжиж, өргөжүүлэн ярилцахаас цааргалсан байдалтай хэлэлцээрийг өндөрлүүллээ. Гэсэн ч энэхүү уулзалт нь хоёр Солонгос цаашид хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр хийх эхлэлийг тавьсан нь уулзалтын том ач холбогдол оршино гэлээ. 

Гэсэн ч хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын дараа БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хийсэн мэдэгдэлдээ Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй орон болгох эрмэлзлэл цаашид манай улсын бодлого хэвээр байх болно. Цөмийн зэвсэггүй байж гэмээн Солонгосын хойг энх тайван, ард иргэд аз жаргалтай оршин тогтноно гэж үзэж байна гэлээ. Тэрбээр цааш нь БНАСАУ цөмийн зэвсэггүй орон боллоо гээд бид хоёр Солонгосыг яаран нэгтгэх асуудал ярихгүй. Харин цөмийн зэвсэггүй хоёр орон эв найрамдалтай оршин тогтнохыг бид уриалсан хэвээр байх болно гэлээ. Мөн Умард Солонгостой дараагийн шатны яриа хэлэлцээрүүд хийхийн тулд эхний ээлжинд Умардын цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг хөндөх болно гэлээ.

Түүнчлэн ирэх сард болох Пёнчаны өвлийн олимп бол "Эв нэгдлийн" илэрхийлэл. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын тамирчид олимпт оролцох болсон үйл явдлыг сайшаан хүлээн авч байна гэж Мүүн Жэ Ин тэмдэглэлээ. 

Эх сурвалж: Reuters, France24 News

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.