Улстөрчид гэгчдийн утаа тойрсон урагшгүйтэл...

Twitter Print
2018 оны 01-р сар 14-нд 01:36 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бид дөрвөн жилийн давтамжтай мөн ч жигтэйхэн юмнуудыг “Энэ улстөрч байж магадгүй, эсвэл болчих ч юм билүү” хэмээгээд толгой дээрээ залчихдаг үнэхээр ланжгар бөх зүрхтэй ард түмэн юмсанж. Маньтайгаа адилхан майжигнаж явснаа УИХ-ын сонгууль гэгч их түйвээний маргааш нь “улстөрч” болчихоод жаргалтай нойрноосоо сэрдэг өнөөх гайхалууд нь төрийн ордон дотроо өрөөгөө олохгүй сар хагас төөрдгийг хэнэггүй, хээгүй Монголчууд гадарладаг ч үгүй, “Төөрсөөр төрөлдөө” очдогийг нь сонирхдог ч үгүй гэж уугайн. Сонгуулийн дараах жаргалтайн дэлгэр зуны гурван сардаа хөдөө гадаагүй найрлаж, хот хүрээгүй наймаалцаж байснаа наадмын дараахан гэнэтхэн цөмөөрөө духаа алгадаж “Пөх зуны сар зургаа биш. Намрын сар найм биш. Ар гэр, ажил сургуулиа бодолгүй хэцүүдлээ” гэцгээгээд дуртай дургүй нийслэл хүрээндээ цугларцгааж шинэков улстөрч гэгчид нь хууль зохион батлахаар төрийн ордонд морилоцгоож, хууртаж хулхидуулж ханадаггүй ард зон нь өвс хадлан, тариа ногооныхоо зүг хошуурцгаадаг. За тэгж байтал алтан навч хийсч, аяны шувуу ганганалдаад явчихтай зэрэгцэн төрийн ордонд хөл толгойгүй маазрал үүсч, энд ч наймаалцал, тэнд ч хуйвалдаан, бөөндөө туйвалдаан өрнөөд явчихна.

Одоо хамгийн ойроор нь өнгөрч одсон 2017 оны 12 дугаар сараас хуралдан зангирч, өнөөдөр ч улстөрч нэртэнгүүдийн тархийг гашилгаж, тамирыг нь бараад байгаа ганцхан асуудлын эргэн тойронд жаал эргэлдэцгээе л дээ. Даяар олон УИХ-ын гишүүд байтугай дархан Монголын маань эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулгын ч ухааны чагтагыг таслахаа шахаж, түвхгэр цээжийг нь түлбэлзүүлээд байгаа тэрхүү гайхал бол угаартуулж хядчих гээд байгаа Улаанбаатарын нүүгэлтсэн утаа билээ. Хамгийн жигтэй нь улстөрч гэгчид маань Улаанбаатарын утааны талаар “Ухаанд нь ухна унаж үхсэн” аятай бараг л 76 янзын бодолтой байгаа нь эмгэнэлтэй хэрнээ инээдмийн далай л гэсэн үг. Одоо жишээ гэв гэнэтхэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар “цоороод” гараад ирсэн Н.Цэрэнбат гэгч МАН-ын бүлгийн хурал дээр “Улаанбаатарын утаа ихэссэн ч хортой үзүүлэлт нь багассан” гээд сууж байгаа юм. Үгээр хүнийг алж ч болно, аварч ч болно гэгчээр Н.Цэрэнбат сайдынхаа үгийг сонссоныхоо дараа УИХ дахь МАН-ын 65-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Одоо утаа бууртал нэг сарын хугацаанд бид юу ч хийж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Харин утааг бууруулах тал дээр цогц арга хэмжээ авч ажиллахаар болж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Хаврын чуулганаар Засгийн газар утааг бууруулах чиглэлд хийх томоохон ажлуудыг эрэмбэлж, УИХ-д танилцуулна” хэмээгээд хоёр гараа өргөж, хэлээ гаргаад суучихаж байгаа юм.

Улаанбаатарын утааны асуудал УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хоёр гарыг нь өргүүлж, алинг нь алдуулахаас хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Улаанбаатарын утааны асуудалд ташуур өгч “Хэрвээ, өнөөдөр утааны асуудлыг шийдэж чадахгүй бол цагаан сар болон цагаан сарын дараа асуудал хүндэрнэ. Тэр үед УИХ-ыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга” хэмээж Улаанбаатарын утааны угаартал УИХ-аас хальж Монгол төрийн тэргүүний толгойг ч дүйнгэтүүлж байгааг чадлаараа нэг сайн хашхираад авсан.

Ерөнхийлөгчийг тийнхүү хашхирсаны дөнгөж маргааш нь л өнөөх тайлбар тавигч Д.Хаянхярваа дарга “Бид утааны асуудал хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхлаа. Гурван удаа УИХ-ыг тараах тухай ярилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь санал болгосноор мөн ийм саналаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцсөнөөр тараана гэж заасан байдаг. Ерөнхийлөгч энэ хавраас эхлээд утаа арилахгүй байна гээд УИХ-ыг тараах тухай гудамжаар ярьж гүйх тухай ярьж байна. Монгол төрийн тэргүүн ийм зүйл ярьж болохгүй. Дөргүй бух шиг явж байгаа төрийн зохион байгуулалтаас бид өнөөдөр салах цаг болсон. УИХ дээр орж ирээд шантааж маягийн зүйл яриад гараад явдаг боллоо” хэмээн жаал гаслав.

Д.Хаянхярваа ийнхүү гасалж, Ерөнхийлөгчийг цээжээ түхийлгэхээс нэлээн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч угаартаж, маск зүүгээд жаал харайлгасан удаатай. Мань эр ч яах вэ угийн хатуухан самар тул шулуухан л маскны цаанаас “Сүүлийн 10 жилд зөвхөн Улаанбаатарын утааг устгахын тулд улсын төсвөөс 147 тэрбум төгрөгийг үрэн таран хийгээд хийсгэчихсэн байна. Утаа арилсан уу гэвэл үгүй. Харин манай Засгийн газрын үед 17.5 тэрбум төгрөгийг утааг бууруулахад төсөвлөсөн байгаа. Энэ мөнгө зөвхөн утааг бууруулахад л зарцуулагдах ёстой. Хэн ч ашиг хонжоо хайх ёсгүй, чаддаг юм бол хулгайлаад үзээрэй л дээ. Иргэн бүр өөрсдөө утаанаас хэрхэн салах тухай байнга бодож, өөрийн хувь нэмрийг оруулснаар та бид ирээдүй хойч үеэ болон өөрсдийгөө хамгаалж чадахыг л ойлгочих хэрэгтэй” гээд аваад хаячихсан гэж уугай.

Ерөнхий сайд ингэж хэлж дуусаагүй шахуу байтал УИХ дахь бас нэгэн Дархан аварга, алдарт эцэг А.Сүхбат “Яндан байна гэдэг нь утаа гарна гэсэн үг. Тийм учраас нийслэл хот болон утааны асуудал тулгарсан аймаг бүр “ЯНДАН ҮГҮЙ” болох хэрэгтэй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “энэ дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдол багасахгүй бол миний толгойтой яриарай” гэсэн. Одоо мөрөн дээр нь толгой нь байж л байна” хэмээн нэгнийхээ толгойг хяргах юм ярьж бусдыгаа толгойгоо барьж үзэхэд хүргэдэг юм байна. Нөгөөдүүл нь ч хөөрхийс толгой нь мөрөн дээрээ байгааг мэдрэнгүүтээ тачигнатал хөхрөлдөж “Та минь ээ, бид нээрээ Улаанбаатарынхаа утааг энэ яваа насандаа арилгаж хүчрэхгүй юм байна. Яршиг зүгээр хэдүүлээ хуулиа л зохиоцгооё. Монголын хууль гуравхан хоногтой байдаг юм чинь муусайн хуулийг ар араас нь үйлдвэрлэцгээе. Магадгүй тэгж байтал үйлдвэрлэгч орон болчих ч юм билүү, хэн мэдлээ. Чаддаг чаддагаараа л чарлацгаая. Улаанбаатарын утаа ч яршиг л байна, бөмбөр минь дээ хө” гэцгээн танхим дүүрэн бархиралдаж гарав.

Нээрээ л манай улстөрчид бөндгөр нь мөрөн дээрээ байгаа цагт Улаанбаатарын утааг арилгаж хүчрэхгүй л дээ, хөөрхийс.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.42.219) 2018-01-13 20:36
      • 0
      • 0

      яг үнэндээ улстөрчид биш , улстөрчийн дүр тоглож байгаа жүжигчид

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.141) 2018-01-10 13:14
      • 0
      • 1

      Enkhtuvshingiin bichleguudiig unshuh durtai. Manai ulstorchid harin olj unshih bolov uu

      Хариулах