Хятадууд он гарсаар оффшор данстай 18 иргэнээ баривчлан авчирчээ

Twitter Print
2018 оны 01-р сар 10-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

Хятадууд түүхэндээ эрс шинэчлэлт хийх зорилт тавин ажиллаж буй. БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ зорилтыг хангахад Коммунист нам чухал үүрэгтэй гэж үзэж байгаагаар зогсохгүй энэ "шидэт зэвсэг"-ээр "Аугаа их цус сэлбэлт" буюу намын кадруудыг шинэчлэн хүч сэлбэнэ гэж тэмдэглэсэн билээ.

БНХАУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин 2012 онд төрийн жолоо барих болсон цагаасаа намын бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, Мао Зэдуны хэмжээний өндөр эрх дарханд хүрэх бүх талын нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж олон улсын шинжээчид үздэг билээ.

Түүний авч хэрэгжүүлсэн авилгын эсрэг тэмцэл тулаан ч намын бүтэц зохион байгуулалтад өргөн хэмжээний цэвэрлэгээ явуулж, Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга асан Жоу Юнкан зэрэг найдваргүй этгээдүүдийг цэвэрлэж, улс орныг айдаст автуулсан гэж үздэг.  

Энэ тэмцэлдээ коммунист намыг "шидэт зэвсгээ" болгож авсан Си өөрийнх нь хэлдгээр «Хятад мөрөөдөл»-д хүргэх “цус сэлбэлтийн ажлаа” эрчимжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахууль аван гадаад улс орон руу зугтсан хүмүүсийг гадаад орноос баривчлан авчрах шийдвэрийг Хятадын эрх баригчид 2015 оны дөрөвдүгээр сард “Тэнгэрийн сүлжээ” нэртэйгээр эхлүүлсэн юм. Энэхүү авлигатай тэмцэх “Тэнгэрийн сүлжээ” кампанит ажлыг эхлүүлснээс хойш хилийн чанадад зугтан гарсан мянга орчим авлигачийг тус улсад албадан шилжүүлсэн эсвэл сайн дураараа эх орондоо эргэн иржээ. Тэдний 250 гаруй нь өөрсдийнх хашиж байсан албан тушаалтай холбоотой гэмт хэргийг үйлдсэн” хэмээн Хятадын Авлигатай тэмцэх газрын орлогч дарга, Хятадын Коммунист намын Төв хорооны оргодол авлигачдыг баривчлах хэрэг эрхэлсэн зохицуулах бүлгийн дарга Лю Зяньчао мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, Хятадад буцаж ирсэн сэжигтнүүдийн 40 гаруй хувийг нь тус улсад албадан шилжүүлсэн байна. Мөн ийм тооны хүмүүс сайн дураараа нутагтаа ирсэн бол үлдсэн нь “зарим болзолтойгоор” эргэж ирсэн байна.

Энэ хэргийн явцын талаарх мэдээллийг 2017 оны дундуур анх удаа олон нийтэд зарласан юм.

Хятадын Авлигатай тэмцэх байгууллага өнгөрсөн оны 4-р сарын 28-нд их хэмжээний авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон гадаад орнуудад зугтан гарсан Хятадын төрд томоохон албан тушаал хашиж байсан 946 хүний нэрсийн жагсаалтыг гарган авлигатай хийж буй Хятадын төрийн бодлогыг дэмжин эдгээр хүмүүсийг эргүүлэн өгөх байх хэмээн найдаж буйгаа эдгээр орнуудын тэргүүн нарт хандан мэдэгдсэн. 

2017 оны 4-р сарын 28-ны өдөр олон нийтэд ил болгосон уг жагсаалтаар гадаадад оргон гарсан Хятадын авлигачдын нэр овог болон бусад мэдээллийг анх удаа зарласан юм. 

Нийт зарлагдаад буй 946 авлигач түшмэдийн 365-ийнх нь хаана оршин суугааг Хятадын хууль хүчний байгууллага яв таг мэдэж байгаа гэж мэдээлэлд дурдсан байсан. Үлдсэн 581 хүний мэдээлэл тодорхойгүй байгаа гэж Хятадын Коммунист намын Сахилга, ёс журмын төв комиссын албан ёсны тайлан мэдээлэлд дурдагджээ. Доорхи зурагт оргон гарсан, буцаж ирсэн хүмүүс болон тэдний хөрөнгийн хэмжээг онуудаар графикт харуулжээ.

Anti-graft agency hunts 946 fugitives

"Эдгээр авлигач түшмэдүүд улсын төсөв, олон нийтийн сангаас их хэмжээний мөнгө хулгайлаад ял шийтгэлээс зугтаан гадаад орнуудад оргон зайлсан нь ард түмний төрд итгэх итгэлд асар их хор хөнөөл учруулж байна. Түүнчлэн хуулийн өмнө буруутай бол эрх тэгш байх зарчим алдагдаж байгааг чухалчлан авч үзэж, эдгээр хүмүүсийг барьж ирж хуулийн хариуцлага хүлээлгэх нь ёс зүйд нийцнэ" гэж Хятадын Коммунист намын Сахилга, журмын хорооны Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга Лю Зяньчао хэлсэн үгэндээ онцлон тэмдэглээд "Бид энэ жагсаалтыг ил болгож байгаагаараа олон нийтэд хэн нь хэн бэ гэдгийг таниулах, авлига авч буй, авахаар завдаж буй, аваад зугтаах гэж төлөвлөж буй төрийн албан хаагчдад бид тэдэнтэй дэлхийн хаана ч байсан олж хариуцлага тооцож чадна гэдгийг мэдүүлж байна" хэмээн дурдсан. 

Лю Зяньчао дарга түүнчлэн дэлхийн хамтын нийгэмлэгт хандан авлигатай тэмцэх олон улсын конвенцийн дагуу эдгээр авлигач түшмэдүүдийг барьж хариуцлага хүлээлгэхэд Хятадын хууль хүчнийхэнтэй хамтран ажиллахыг уриалсан. 

Гадаад орнуудын хүний эрхийн хууль болон бусад зарчмын зөрүүтэй хууль тогтоомжуудыг Хятад улс хүндэтгэн үзэх ч ард түмэн, улсын өмчөөс их хэмжээгээр хулгайлсан Хятадын авлигачдыг хаацайлан орогнуулахгүй, тэрчлэн хууль бусаар олсон өмч хөрөнгийг шилжүүлэхгүй, бүртгэхгүй байхыг тэрчлэн хүссэн билээ. 

Сүүлийн жилүүдэд Хятадын дарга Си Зиньпиний авлигатай хийж буй тэмцлийн улмаас хэдэн арван жилээр төрийн албанд бугшаад байсан авлига, хээл хахуулийн хэрэг илэрч, авлигачид ихээр гадаад орнууд руу тэр дундаа АНУ, Канад руу оргон зайлсан юм.

Дөрөвдүгээр сарын 28-нд ил болгосон энэ жагсаалтаас төрд өндөр албан тушаал хашиж байсан 22 хүний мэдээллийг онцлон тараасан. Тэдний 15 нь АНУ болон Канадад оршин сууж байгаа нь тодорхой болсон. Тараагдсан мэдээлэлд бүтэн нэр овог, зураг, иргэний үнэмлэхний хуулбар, регисрийн дугаар, гадаад паспортын дугаар, хашиж байсан албан тушаал, хийсэн хэрэг, учруулсан хохирол, улсын хилээр гарсан он сар өдөр болон одоо оршин сууж байж болзошгүй орон, хот, хаяг зэргийг багтаажээ. Энэ тухай өдөр тутмын China Daily сонин болон Reuters агентлагууд мэдээлсэн.  

Anti-graft agency hunts 946 fugitives

Лю даргын "Бид жагсаалтад нэр дурдагдсан бүх хүмүүсийг толгой дараалан авчирч хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ингэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллана. Иймд эдгээр авлигачид эх орондоо сайн дураараа ирж хэргээ хүлээх хэрэгтэй. Ингэвэл тэдний ял шийтгэл зохих журмаар оногдоно. Хэргээ хүлээхгүй удаан хугацаагаар зугтан баригдаж ирвэл оноогдох ялыг хүндрүүлэх нөхцөл болно гэдгийг эдгээр хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Учир нь бидний гараас нэг ч хүн зүгээр гарахгүй, бүгд гэм нүглээ үүрэх нь тодорхой" гэсэн үг яг таг хэрэгжиж байна. 

2018 он гарсаар нэгдүгээр сарын 7-ны өдөр оффшор данстай 18 иргэнийг хилийн чанадаас баривчилан авчирсан байна. Зөвхөн энэ 18 хүний оффшор данснаас нийт 2.3 тэрбум ам.долларыг буцаан авсан гэсэн мэдээлэл байна. 

Хятадад оффшор данстай 18 иргэнийг хилийн чанадаас баривчлан авчирчээ

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Мао

      (180.149.78.99) 2018-01-10 12:19
      • 0
      • 0

      Манайх хэзээ авлигачдаа баривчилж авчрах вэ?

      Хариулах

    • Мао

      (180.149.78.99) 2018-01-10 12:22
      • 0
      • 0

      Хятад улс хэзээ хятадын монголын иргэн Баярцогтыгаа баривчлахаар хүн явуулах бол?

      Хариулах