Хоёр Солонгосын хэлэлцээгээр зохих үр дүнд хүрэх нь салж хагацсан ард түмэнд том бэлэг болно гэлээ

Twitter Print
2018 оны 01-р сар 09-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 5-ны өдөр Умард Солонгосын тал Өмнөдийн тавьсан "Дээд хэмжээний уулзалт хийх" саналыг хүлээн авч буйгаа мэдэгдсэн билээ.

Сүүлийн өдрүүдэд Сөүл, Пхеньянын харилцаа зөөлөрч, сүүлийн хоёр жил тасалдаад байсан утсан харилцаагаа сэргээсэн. Улмаар хоёр Солонгосын харилцаа Умардын удирдагч Ким Жон Ун шинэ оны эхний өдөр хэлсэн ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ олон арван жил үргэлжилж буй хоёр Солонгосын дайсагналд энхийн замыг эрэлхийлнэ гэж хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Тэрбээр мөн Пёнчаны өвлийн олимпт тамирчдаа оролцуулна гэсэнтэй холбоотойгоор хоёр Солонгосын харилцаанд нааштай уур амьсгал бий болсон билээ. 

Тэрчлэн БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин БНАСАУ-ын тамирчид олимпт оролцох нь хоёр Солонгосын энх тайван оршин тогтнолд маш чухал үүрэгтэй гэж CNN телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. 

Сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хоёр Солонгос хоорондын анхны хэлэлцээ төлөвлөсөн ёсоор орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:00 цагт Панмүнжом тосгон буюу Хойд, Өмнөдийн хилийн цэргүүд өөд өөдөөсөө харан харуулд зогсдог 250 орчим км газрыг эзлэн оршдог цэрэггүй бүсд эхэллээ. Өмнөд Солонгосын талын төлөөлөгчдийг Үндэстний нэгдлийн яамны сайд Чо Мён Гюн, Умард Солонгосын төлөөлөгчдийг Солонгосыг Энх тайвнаар нэгтгэх хорооны тэргүүн Ри Сон Гвон тэргүүлж байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэе Ин болон Хойдын удирдагч Ким Жон Ун нар уулзалтын явцыг телевизээр шууд үзэж, шаардлагатай бол зогсоох боломжтой нөхцөлд уг Дээд хэмжээний уулзалт явагдаж байна. Тэрчлэн шууд шугамаар дамжуулан өөрсдийн үзэл бодол, саналаа хэлж, оролцох боломжтой юм байна. 

Энэхүү дээд түвшний уулзалтыг хоёр талын харилцааг сайжруулах боломж гэж Сөүл үзэж байна. Уг уулзалтаар дамжуулан Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, Солонгосын дайны улмаас хилээр тусгаарлагдан хагацсан хүмүүсийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулах асуудлыг Умард Солонгосын талтай авч хэлэлцэхийг Сөүл эрмэлзэж байгаа аж.

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын тамирчдыг оролцуулах асуудлыг талууд голлон авч хэлэлцэх төлөвтэй байна. АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтууд хийхээ болихыг энэ уулзалтын үеэр Умард Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгосын талд уриалж мададгүй гэж ажиглагчид үзэж байна.

Уулзалт элэгсэг дотно байдлаар эхэлсэн гэж CNN агентлаг мэдээллээ. Хоёр тал бие биедээ найр тавьсан, харилцан ойлголцсон халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хэн хэндээ сайхан үг хэлэхийг хэн хэн нь чармайсан байдалтай байсан гэж мэдээлэлд дурджээ.  

South Korean Unification Minister Cho Myoung-gyon and the head of North Korean delegation, Ri Son Gwon, meet at the Panmunjom in the Demilitarized Zone in Paju, South Korea.

Өмнөд Солонгосын Үндэстний нэгдлийн яамны сайд Чо Мён Гюн, Умард Солонгосын Солонгосыг Энх тайвнаар нэгтгэх хорооны тэргүүн Ри Сон Гвон нарын тэргүүлсэн хоёр Солонгосын Дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгосын Пажу мужид орших Панмунжом цэрэггүй бүсэд эхэллээ
 

Уулзалтын эхэнд уламжлал ёсоор гадаа хүйтэрч хасах хэмтэй байгаа цаг агаарын тухай яриа эхлэхэд Хойдын төлөөлөгчдийг ахалж буй Ри "хоёр Солонгосын харилцаа гадаах тэсгим өвлийн хүйтнээс ч хүйтэн, хөлдүү байна" хэмээн хошигнож, уур амьсгалыг эерүүлэхийг оролдоод 2000 оны тунхаглалаас хойш 18 жилийн дараа болж буй энэ чухал уулзалтанд хоёр тал нэн хариуцлагатай, сэтгэлтэй хандаж, зохих үр дүнд хүрэх нь салж хагацсан Солонгос орон болоод биднээс нааштай үр дүн хүлээж, амьсгаа даран чагнаж буй хоёр орны ард түмэнд Шинэ оны анхны том бэлэг болно хэмээн онцлон тэмдэглэлээ.  

Түүний хэлсэн үгийг үгчлэн орчуулбал: “Энэ жил ихээхэн хэмжээний цастай, гол мөрөн, уул тал хөлдсөн их хүйтэн өвөл болж байна. Хоёр Солонгосын харилцаа үүнээс ч хүйтэн хөлдүү байна гэвэл үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Гэсэн ч энэхүү хүйтнийг эс тоон хоёр орны харилцааг сайжирч эерүүлэхийг хүссэн Хойд, Өмнөд Солонгосын ард түмний итгэл найдвар хөлдсөн голын мөсөн доогуур урсах булгийн ус адил ундарсан хэвээр байна" гэжээ.  

Хариуд нь Өмнөд Солонгосын талын төлөөлөгчдийг ахалж буй Үндэстний нэгдлийн яамны сайд Чо Мён Гюн бүх зүйл сайн сайхнаар эхэллээ, "Сайн эхлэл ажлын тал" гэдэг Солонгос ардын зүйр үг бий хэмээгээд уулзалт амжилттай болно гэдэг эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр асуудалд аль аль тал тэвчээртэй, хүлээцтэй, үр дүн гаргахын тулд хичээнгүйлэн хандахыг уриаллаа. 

Хойд Солонгос улс 2018 оны 2-р сард Өмнөдийн нийслэл Сөүл хотод зохиогдох 2018 оны Өвлийн олимпод тамирчдаа оролцуулахаа илэрхийлсэн. Хойд Солонгосын төлөөлөгчдийн багт тамирчдаас гадна гэр бүл, хөгжөөн дэмжигчид оролцоно гэж Сөүл мэдэгдээд байсан. Үүнийг уулзалтын үеэр Хойд Солонгос нотоллоо. 2018 оны Өвлийн олимпод Хойд Солонгос том бүрэлдэхүүнтэй оролцоно.  Бид тамирчдаас гадна албаны хүмүүс, хөгжөөн дэмжигчид, ажиглагчид, тулааны урлагийн болон урлаг, соёлын төлөөлөл гээд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөж байна хэмээн үдээс өмнөх уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр Хойд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн, Хойд Солонгосын Энх тайвнаар нэгдэх хорооны дарга Ри Сон Гвон мэдэгдлээ. 

Харин Өмнөд Солонгосын төлөөлөгчид хоёр Солонгос Пёнчан дахь Цанын бааз хотхонд хоёр орны тамирчид хамтдаа алхан орох саналыг тавьсан байна. 

Тэрчлэн Солонгосын дайны үеэр салж хагацсан гэр бүлүүдийн уулзалтыг 2018 оны Өвлийн олимпийн үеэр эсвэл Солонгосын уламжлалт Шинэ оны үеэр зохион байгуулах саналаа Өмнөд Солонгос улс Хойдуудад тавиад байна. Энэ асуудал хоёр Солонгосын хамгийн эмзэг асуудал бөгөөд Өмнөд Солонгосууд салж хагацсан гэр бүлүүдийг ойр ойрхон уулзуулж байх асуудлыг байнга тавьдаг. 

Мягмар гарагт эхэлсэн Дээд хэмжээний уулзалтанд хойдууд барууны маягаар хувцаслаж, энгэртээ Хойд Солонгосын далбаа бүхий улаан дэвсгэр дээр их удирдагч Ким Чин Ир болон Ким Жон Ил нарын дүрс бүхий энгэрийн тэмдэг зүүжээ. Харин Өмнөд Солонгосын төлөөлөгчид төрийн далбаа болон Пёнчаны Олимпийн бэлэг тэмдэг бүхий энгэрийн тэмдэг зүүж ирсэн байна. 

Уулзалтын ширээн дээр “Pyeongchang Water” буюу Өвлийн олимп зохиогдох хотын нэрээр нэрлэгдсэн рашаан ус, улаан хүн хорхоодойн цай зэргийг тавьжээ. Уулзалтын зоогийг Өмнөд Солонгосын хүнсний дэлхийн нэрийн хуудас болсон Лотте групп бэлтгэн нийлүүлж байгаа юм байна. 

Тэрчлэн Хойд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн энэхүү уулзалтыг шууд дамжуулан үзүүлэхийг зөвшөөрөхыг Өмнөд Солонгосчуудад санал болгосон байна. 

Хойд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Умард Солонгосын Эх орноо энх тайван замаар нэгтгэх хорооны тэргүүн Ри Сон Гвон  хоёр Солонгосын Дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Энэхүү уулзалтаас хоёр орны ард түмэн их зүйл хүлээж байгаа. Иймд бид энэ уулзалтыг тэдэнд шууд дамжуулан хүргээсэй хэмээн хүсч байна" гэлээ. 

Харин Өмнөд Солонгосын Үндэстний нэгдлийн яамны сайд Чо уулзалт хаалттай хаалганы цаана болж байгаа ч хэрэгтэй гэж үзвэл нээлттэй болгоход татгалзах зүйлгүй хэмээн хариулсан байна.

Эх сурвалж: CNN

М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.143.10) 2018-01-09 16:50
      • 0
      • 0

      Хойдууд уудзалтыг нээлттэй явуулах гээд өмнөдүүд хаалттай явуулах гээд эсрэгээрээ юу л болоод байна даа.

      Хариулах