Төр шатахуун импортлогч хувийн хэвшлүүдтэйгээ тохиролцож чадахгүй бол шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой болох нь

Twitter Print
2018 оны 01-р сар 09-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

-“Магнай трейд”, “Тэс петролиум”, “Сод монгол” зэрэг шатахуун түгээх станц шатахуундаа хязгаарлалт хийж, хомстол үүсгэж байгаа нь хууль бус гэж тогтоогдвол өнгөрсөн жилийн орлогынхоо 4-6 хувиар торгуулна-

Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр хуульчлагдсан. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх зорилгоор тонн тутамдаа 100 мянган төгрөгөөр нэмэгдэх байсан татварыг 40 мянган төгрөг болгон бууруулах шийдвэрт хүрсэн юм. Гэсэн хэдий ч шатахуун импортлогчид шинэ он гарахаас өмнө жижиглэнгийн үнэдээ хязгаарлалт хийж, улмаар үнээ нэмж эхлээд буй.

Хуулиар шатахуун жижиглэнгээр борлуулж буй аж ахуйн нэгжүүд үнээ өсгөх, хомстол үүсгэх эрхгүй юм байна. Түүнчлэн шатахуундаа хязгаарлалт хийж буй дээрх байгууллагын энэ үйлдлийг ШӨХТГ буруутгаж байна. Тиймээс шатахуун түгээх станцуудад шалгалт хийгээд эхэлжээ. 

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж улмаар автобензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор импортлох 90 хүртэлх октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30 мянган төгрөг, 90 болон түүнээс дээш октантай автобензины татварыг тонн тутамд 50 мянга, дизель түлшний онцгой албан татвар тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа.

Үүнтэй холбоотойгоор “Магнай трейд”, “Тэс петролиум”, “Сод монгол” зэрэг шатахуун түгээх станц дизель түлшээ зөвхөн гэрээт газрууддаа борлуулах, 50 мянган төгрөгөөс дээш дүнд үйлчлэхгүй байх зэрэг хязгаарлалт хийгээд байгаа юм. ШӨХТГ үүнд шалгалт хийж байгаа бөгөөд хэрэв хууль бусаар хомстол бий болгосон нь тогтоогдвол Өрсөлдөөний тухай хуулиар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувийг торгууль болгон авах юм байна.

Шатахууны асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Засгийн газар стратегийн бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, бараа бүтээгдэхүүний иргэдэд хүндрэл учруулахгүй байх тал дээр зохицуулалтуудыг хийж ирсэн. Зарим аж ахуйн нэгж байгууллагууд шатахууны хомстол үүсгэж байгаа байдлыг бид буруутгаж байгаа. Шатахууны хязгаарлалт тогтоосон аж ахуй нэгжүүдийг өрсөлдөөний хуулийн дагуу шалгаж байна. Хязгаарлалт тогтоосон нь ямар эх үүсвэртэй байгааг олж тогтооно. Шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй аж ахуйн нэгжүүд үнээ өсгөх, хомстол үүсгэх эрх байхгүй. Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл үнийн асуудлаар шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан, хомстол үүсгэсэн аж ахуйн нэгжүүдтэй эвлэрч ажиллахгүй. Өнгөрсөн долоо хоногт хомстол үүсгэсэн компанийн холбогдох хүнийг дуудаж уулзсан. Төрийн болон хувийн байгууллагуудад хомстол үүсгэхгүй байх зөвлөмж хүргүүлж ажиллаж байна” гэсэн юм.Төрийн төлөөллүүд шатахуун импортлогч хувийн хэвшлүүдтэйгээ тохиролцоонд хүрч чадахгүй бол шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой болох

ШӨХТГ-ын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбиш "Зохиомол хандалт үүсгээд шатахууны үнийг зориудаар нэмсэн бол аж ахуйн нэгжүүдийг Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн төрлөөс хамааран өмнөх жилийн борлуулсан орлогын дөрөв болон зургаан хувьтай тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгох хуулийн заалттай. Шатахууны хязгаарлалт үүсгээд байгаа аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Энэ тал дээр анхаарч ажиллана гэсэн" гэлээ.

Холбогдох байгууллагын төлөөлөл өнгөрсөн сард “Бидэнд хангалттай шатахууны нөөц бий. Ойрын хоёр сард шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэж байсан. Гэвч энэ сарын 5-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар шатахууны үнийг аравдугаар сараас эхлэн барьсан. Харамсалтай нь дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсч байгаа. Үүнийг дагаад манай улсад ч шатахууны үнэ тодорхой хэмжээгээр өсөх нөхцөл бүрдлээ. Шатахуун импортолж байгаа аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллах болсон. Засгийн газрын зүгээс социализмын үе шиг бүх үнийг хатуу барьж, зах зээлийн үнийг тогтоож чадахгүй. Үнэ ханш нь зах зээлийнхээ дагуу явах ёстой. Тиймээс шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байна” гэсэн юм.

Харин Засгийн газраас гаргасан шийдвэрийн үндсэн дээр Үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогчидтой хэлэлцээр хийх учиртай ч тодорхойгүй шалтгаанаар хуралдаан хойшилсоор байсан юм. Харин өнөөдөр хуралдааныг хойшлуулахгүйгээр, явуулахаар тогтсон байна.

Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд ахалж, нарийн бичгийн даргаар нь Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга ажилладаг. Гишүүдэд төрийн талаас Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, ТЕГ, ГЕГ, Тагнуулын ерөнхий газрын дарга багтдаг байна.

Хувийн хэвшил талаас “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ий гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ий гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Сод Монгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар багтдаг.

Үнийн зөвлөлөөс шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэх эсэх шийдвэр эцсийн байдлаар гарах тул ихээхэн хүлээлт үүсгээд байна. Төрийн төлөөллүүд шатахуун импортлогч хувийн хэвшлүүдтэйгээ тохиролцоонд хүрч чадахгүй бол шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой болох билээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.186.83) 2018-01-09 13:48
      • 0
      • 0

      Соц үёээс хойш аль ч засгийн газрын үёд төр бэнзиний үнийг тогтвортой барих бодлого хэрэгжүүлж явж ирсэн Бэнзиний үнийг төр хянаж чадахгүй бол юу болох нь ойлгомжтой Харин Хүрэлсүх л бэнзиний үнийг төрөөс хүчээр хазаарлах нь буруу Төр үүнд нөлөөлж чадахгүй гэж шууд хэлж байхыг бодлвол ёрөнхий сайд маань өөрөө бэнзиний бизнэс эрхэлдэг юм байна л даа Хүрд эргүүлэх боломж олдсон дээр бэнзинтй үнийг чөлөөлж хөөрөгдөж авах нь дээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.83) 2018-01-09 13:41
      • 0
      • 0

      Ккккк

      Хариулах