Соёл урлагийнхны өмнө тулгамдаж буй асуудлууд

Twitter Print
2018 оны 01-р сар 08-нд 21:26 цагт
Мэдээний зураг,

-Соёлын ажилтны чуулган болсон. Үр дүн хэзээ, хэрхэн гарах вэ-

1928 оны тавдугаар сард Улаанбаатар хотод болсон Соёлын ажилтны улсын анхдугаар зөвлөлгөөн, 1950-иад оноос хойш зохион байгуулсан соёлын ажилтны зөвлөлгөөнүүдээр нэлээд тодорхой асуудлыг томъёолон хэлэлцэж хэрэгжүүлэх арга замыг заасан зөвлөмж гаргаж байж. Энэ оны арванхоёрдугаар сард болсон чуулганаас ямар нэг зөвлөмж гарсангүй, “тунхаг”-ийн шинжтэй болж өнгөрлөө гэсэн сэтгэгдэлтэй хүмүүс нэлээд байна.

Манай улсын уран сайхны соёлын салбарт хуримтлагдсан “хур” бэрхшээл нэлээд бий. Урлагийн байгууллагуудын санхүүжилт, цалин хөлс хангалтгүй, мэргэжлийн уран бүтээлчдийн хүрэлцээ муу, найруулагч, хөгжмийн удирдаач зэрэг уран сайхны удирдах кадрууд дутуу, жүжиг, хөгжмийн зохиолын бүтээл хомс, материаллаг бааз дорой хэвээр байгаа тухай орон нутгаас ирсэн нөхдийн ярианд голложээ. Эдгээр нь олон жил яригдсаар ирсэн бэрхшээл.

Бүтэц орон тоонд баримжаалсан цалингийн санхүүжилт гэгдэх улсын “дотац”-аар соёл урлагийн байгуулагууд олон жилийн турш  үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Төсвийн байгуулалтын удирдлага санхүүжилтийн энэ тогтолцоо соёл урлагийн байгууллагуудын бие даасан байдлыг хязгаарлаж, бүтээлч үйл ажиллагааг нь хөхиүлэн дэмжих хөшүүрэг болж чадахгүй байсаар ирсэн билээ. Олсон бүх орлогыг төсөвт төвлөрүүлдэг учраас үнэн хэрэгтээ төлөвлөснөөс илүү тоглолт хийх  сонирхолгүй болгож ирсэн, урамшууллын ямар ч системгүй санхүүжилт юм.

ТҮСУ-ийн шаталбарт соёл урлагийн ажилтны цалин хангамж хамгийн доогуур байсаар байгаа нь Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан, соёлын ажилтан, уран бүтээлчдийн хөдөлмөрийн үнэлгээг дээшлүүлэхэд чиглэгдсэн заалт огт хэрэгжихгүй байгааг харуулсаар байна. Ойрын жилүүдэд санхүүжилтийн зэрэглэлийн ТҮСУ-ийн зургаа, тав шаталбарыг ахиулах боломж үгүй байх.  Ийм нөхцөлд уран бүтээлийн байгууллагуудын санхүүжилт ( дотац )-ийн хэмжээг дөрвөн жилээр буюу тухайн Засгийн газруудын бүрэн эрхийн хугацаанд тогтвортой байхаар тогтоож, төлөвлөгөөнөөс давсан  орлогыг театр чуулгуудын мэдэлд үлдээж байгууллага, уран бүтээлчдээ хөгжүүлэх сан бүрдүүлэх асуудлыг хуульчлах хэрэгтэй гэж санагддаг. Театр, концертын байгууллагыг хөгжүүлэх сангийн хуримтлал  буюу төлөвлөгөөнөөс давсан орлого бол улсын төсөвт нөлөөлөх хэмжээтэй мөнгө биш бөгөөд  уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх гарц  болж болох юм.

Мэргэжлийн уран бүтээлчид, ялангуяа хөгжимчдийг бэлдэхэд цаг хугацаа, ихээхэн хүч хөдөлмөр  зарцуулагддаг. Эрүүл саруул хэнийг ч сургаж  эмч, багш, инженер, эдийн засагч болгож болно. Харин өндөр дэсийн хөгжимчид, дуучид бол хэдэн зуун хүний дотор цөөхөн тохиох, байгаль эхээс заяасан онцгой сонсголтой хүмүүн байдаг учраас хосгүй нандин хоолойтой, оюуны өндөр чадавхитай дуучид, ижилгүй авьастай хөгжимчид  төр засгийн онцгой анхаарал халамжид багтаж байдгийг соёлт гүрнүүдийн жишээ харуулдаг.

Уран бүтээлчдийг дотоод гадаадын элдэв арга хэмжээнд хайр гамгүй зарж эх орны нэр нүүрийг тахалдаг атлаа соёл урлаг бол зардал сүйтгэл нь дийлддэггүй ачаа дарамт мэт үздэг суртахуунаас манай төр засаг ангижирч чадаагүй байгаа нь нэгэн зүйл эмгэнэл, сэтгэлгээний хоцрогдолын бодит жишээ мөн.

Мэргэжлийн уран бүтээлчдийн хүрэлцээ, чадварлаг боловсон хүчний асуудал, ялангуяа орон нутгийн театр чуулгуудын хувьд  хүндрэлтэй асуудал байсаар ирсэн.  БСШУС-ын яаманд нэлээд тодорхой бүртгэл, статистик судалгаа байдаг биз.

Соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг статитик мэдээллээр бүрэн төгс илэрхийлэх боломж байдаггүй.  Тухайн театр чуулгын орон тооны бүрдэл, үзэгчдийн тоо гэх мэт үзүүлэлт статистик мэдээллээр илэрхийлэгдэнэ. Харин уран бүтээлчдийн ур чадварын түвшин, бүтээлийн уран сайхны боловсруулалтын хэмжээ, соёлын үйлчилгээний чанар үзэгчдийн таашаалд нийцэж байгаа эсэхийг тоон үзүүлэлтээр  илэрхийлэх боломжгүй юм. Зөвхөн газар дээр нь очиж нүдээр үзэж, чихээр сонсож байж  магадлах боломжтой. Соёлын яам, Хөгжмийн зохиолчдын холбоо, Урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр чуулгуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан зөвлөлгөө өгөх,  бүсчилсэн үзлэг тоглолт зохиож ололт амжилтыг нь харьцуулан дүгнэж, шаардлагатай газарт нь удирдаач, найруулагч, бүжгийн багш нарыг тодорхой хугацаагаар илгээж туслах ажлыг тогтмол  явуулж байсан өнгөрсөн үеийн туршлага их үр дүнтэй байсныг урлаг соёлын ахмадууд дурсаж, харъяалах яам энэ ажлыг  сэргээн үргэлжлүүлээсэй гэж хүсдэг юм байна. Гэхдээ, хариуцсан яам энэ чиглэлийн ажлыг  дангаар гүйцэтгэхэд хэцүү, боломж ч байхгүй.

Энэ ажлыг төлөвлөгөөжүүлэн Урлагийн ажилтны холбоо, Хөгжмийн зохиолчдын холбоо БСШУСЯ-ны ивээл доор хийж гүйцэтгэх бүрэн боломжтой бөгөөд зориулалтын төсвийг яамны сайдын багцаас жил бүр хуваарилж байх нь чухал. Өнгөрсөн үед Хөгжмийн зохиолчдын холбоо, Урлагийн ажилтны холбоог  зориулалтын багагүй санхүүжилтээр хангадаг байв.

Мэргэжилтэй боловсон хүчний асуудал бол уран бүтээлийн байгуулагуудын суурь асуудал байсаар ирсэн билээ.

Өнгөрсөн зууны 80-аад оны эхээр түүхэн үүргээ гүйцэтгэсэн аймгийн соёлын орднуудыг мэргэжлийн урлагийн байгууллагын замд оруулах ажил хийгдэж ХБДС, САДС (Соёлын ажилтны дунд сургууль), УБДС-ийн Кино драм, найрал дууны анги төгсөгчдийг хэсэг бүлгээр нь томилон илгээх, тухайн аймгуудаас авьяаслаг залуусыг сонгон  УАДБЧ, ХБДС, САДС-ийн дэргэдэх түргэвчилсэн курсуудэд сургаж бэлдэх зэргээр уран бүтээлчдийн эгнээг бүрдүүлж байсан билээ. Энэ арга одоо ч гэсэн нэг их хуучраагүй байна.

Сургууль дүүргэсэн залуу мэргэжилтнүүдийг ганц нэгээр нь орон нутгийн театр чуулгуудад томилон илгээх нь үр дүн багатай байдаг учраас аймгуудаас студи хэлбэрээр сургах нь илүү үр дүнтэй болох юм. Тухайн аймгуудын хөнгөлөлттэй зээл зэрэг зориулалтын төсөв, гэрээт зардалаар СУИС, Хөгжмийн дээд сургуулийн үндсэн болон тусгайлсан сургалтад хамтлагаар нь сургах асуудлыг Төрийн  бодлогын түвшинд авч үзэж шийдэх цаг болсон мэт.

Мэргэжлийн урлагийн байгуулагуудын уран сайхны удирдах кадруудын асуудал харъяалах яамны анхаарлын төвд цаг ямагт байх ёстой. Орон нутгаас ирсэн төлөөлөгчид, найруулагч, удирдаач байхгүй байгаа талаар онцлон ярьцгааж байсан. СУИС найруулагч, жүжигчдийг сургаж бэлдэх туршлага чадамжтай болсон, харин төгсөгчдийг орон нутагт томилон ажиллуулах нөхцөлийг л бүрдүүлэх хэрэгтэй юм. Манай орны төв, хөдөөгийн мэргэжлийн урлагийн бүх байгууллага хөгжмийн театрын баримжаатай тул хөгжмийн удирдаачийн асуудал чухлаас чухал байсаар ирсэн. 1970-аад оны сүүлчээр УБДС-ийн дэргэд анги нээж Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар төгсгөсөн арваад удирдаач орон нутгийн театр чуулгуудад онцгой үүрэг гүйцэтгэж бүтээл туурвилын бүхэл бүтэн үеийн түүхийг нэр төртэй бүтээлцсэн билээ.

Энэ жишигээр Монгол Улсын Хөгжмийн дээд сургуульд хөгжмийн тусгай боловсрол эзэмшсэн чадварлаг залуусаас бүрдсэн  удирдаачийн ангийг Урлагийн гавъяат зүтгэлтэн, профессор Ч.Чинбатын удирдлагын доор бүх аймгаас элсэлт авч бэлдэх нь чухал байна.

Бас нэгэн хөндөхгүй орхиж болохгүй асуудал бий. Энэ бол тогтвор суурьшилтай ажиллаж туршлага хуримтлуулсан театр, чуулга, музей, номын сангийн дарга, захирлуудыгдуртай үедээ улстөрчдийн нөлөөгөөр халж мэргэжлийн  “А” ч үгүй хүмүүсээр сольдог болсон нь урлаг соёлын байгууллагуудын хамтлагийн бүрдэл, урам зоригийг сарниулж байна.

Аймаг, сумдын Засаг дарга, Иргэдийн хурлын удирдах ажилтны семинар зөвлөлгөөнийг нийслэл хотноо жил бүр нэг бус удаа зохион байгуулдаг. Ийм цугларалтуудыг ашиглаж БСШУС-ын яамны удирдлагууд соёлын бодлого, боловсон хүчний асуудлаар санал бодлоо илэрхийлж байвал зүгээрсэн.

Өнгөрсөн үед, аймаг сумдын нам захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөнд БНМАУ-ын Соёлын яамны сайд, орлогч сайд нараас заавал оролцож  төрийн соёлын бодлогын хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцодог байсан нь  орон нутгийн удирдлагуудтай харилцан ойлголцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд ихээхэн тус нэмэр болдог байж билээ.

Соёл урлагийн байгууллагад тогтвортой ажиллаж ирсэн, аж ахуй бизнесийн бүтээлч сэтгэлгээтэй зарим ажилтан, уран бүтээлчдээс сонгож СУИС-ийн менжментийн салбарт тусгайлсан сургалтанд хамруулж орон нутгийн соёл урлагийн байгууллагын дарга, захирлуудыг бэлдэх бодлогын асуудлыг аймгийн удирдлагуудтай  хэлэлцэх боломж бий.

Шийдлээ хүлээсээр байгаа бас нэг чухал асуудал бол уран бүтээлээ туурвих тохь тухтай орчин бүрдүүлсэн барилга байгууламжийн асуудал мөн. Ирэх он жилүүдэд соёлын ордны хуучин байрандаа байгаа театруудыг шинэ барилга байгууламжтай болгох төлөв буй гэнэ. Олон хүний суудалтай театр чуулгын саруул сайхан барилга барих нэг асуудал. Театр чуулгын барилага байгууламжийн үндсэн бөгөөд онцгойлох шаардлага нь тайз байдаг. Тайзны хэмжээ, дээд, доод  механизмын төлөвлөлт, угсралтын стандарт, тэдгээрийн найдвартай байдал гэсэн үг. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн аймагт театр чуулгын шинэ барилага байгуулагдаж. Гэхдээ шинээр барьсан театрын барилгуудын төлөвлөлт нэгэнт тогтсон сонгодог стандарттай төгс нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Дорнод аймгийн театраар орж үзсэн, сайхан барилага барьж. Гэхдээ, хөгжмийн яам нь оркестрын дуурьслын хүчийг үлэмж бууруулахаар хэт гүнзгий, тайзны доогуур шургуулж байрлуулсан, дуу чимээ, гэрэлтүүлгийн удирдлагын төвийн байршил тун буруу байгаа нь шууд харагдаж байсан. Тайзны чимэглэлийг  зөөвөрлөх дээд механизмын төлөвлөлт, угсралт яамар байдлаар хийгдсэнийг үзэх л хэрэгтэй. Сумдын соёлын төвийн шинээр барих барилга байгууламжийн тайзны орон зайн төлөвлөлт  ч анхаарлын гадна үлдэж болохгүй асуудал бас мөн.

-Соёл урлагийн салбар мэдээллийн нэгдсэн системгүй салбар байсаар байна-

БСШУ-ны яамнаас гаргасан журмаар, орон нутгийн урлагийн газруудыг мэдээллээр хангах, мэргэжил дээшлүүлэх, арга зүйн зөвлөлгөө өгөх ажлыг мэргэжлийн урлагийн төв байгууллагууд хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэй гэнэ.  Гэвч энэ ажил огт урагшлахгүй байх шиг. Төвийн театруудын сайтыг үзэхэд мэдээлэл нь туйлын ядмаг, ач холбогдлоо алдсан байх жишээтэй. Тэгээд ч аймгийн театр чуулгуудад чухам юу хийгдэж байгаа, чухам ямар зөвлөлгөө шаардлагатай байгааг мэдэхгүйгээр ямар нэгэн арга зүйн зөвлөлгөө өгнө гэдэг боломжгүй зүйл. Тиймээс Соёл урлагийн салбарыг мэдээллийн  “On line” сэтгүүлийн талбартай болгох ажлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай юм. On line сэтгүүл цаг хугацаа, багтаамж хязгааргүй, эргэх холбоо нээлттэй. Сэтгүүлийн хуудсаар томоохон арга хэмжээний төлөвлөгөө, урлаг уран сайхны ертөнцөд гарсан шинэ содон зүйлийн шуурхай мэдээлэл, аль нэг аймгийн театр чуулгаас ирсэн хүсэлтэд урлагийн төв байгууллагуудын уран бүтээлчид, СУИС, Консерваторийн багш нар хариулж зөвлөмж өгч байх боломжтой. СУЭШ-ий хүрээлэнгийн судлаачид театр урлагийн түүхтэй холбоотой судалгааны шинэ материалыг дэлгэн тавих боломж их. Урлагийн төв байгууллагуудын шинэ бүтээлийг урлаг сулаачдын шүүмж, тайлбарыг хавсарган талибах, жүжиг, хөгжмийн  шинэ бүтээлийн бичлэгийг үзүүлэх гэх мэт чухал ажлыг амжуулах боломж нээгдэнэ. Үзэсгэлэнгийн танхимуудаас зураач урчуудын шинэ бүтээлээс хийсэн бичлэг, СУИС, Хөгжмийн дээд сургуулийн багш нарын “мастер класс” нээлттэй хичээлийг дамжуулах зэргээр мэргэжил дээшлүүлэх ажлыг явуулах, мэдээлэл, арга зүйн зөвлөлгөө өгөх өргөн боломж нээгдэнэ.

Драмын театрынхан жил бүр ахмадуудаа дурсаж хүндэтгэл үзүүлэх сайхан арга хэмжээ зохиодог. Энэ жил л гэхэд нэрт жүжгийн зохиолчид, найруулагчдын тэгш ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн цомог тоглолтуудыг зохиолоо. Урлагийн сургууль - ХБДС, Морин хуурын чуулгын тэмдэглэлт ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал-тоглолт, Драмын урлагийн дээд мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал тоглолтууд, Үндэсний хөгжмийн их найралын 55, Улсын филармонийн 45 жилийн ой, Урчуудын эвлэлийн 75 жилийн ойд зориулсан тоглолт, үзэсгэлэн зэрэг хүндэтгэлийн олон арга хэмжээ болж өнгөрөв. Ийм арга хэмжээний бичлэг, ядаж тойм сурвалжийг On line талбараар цаг тухайд нь түгээж байвал орон нутгийн театр чуулгын уран бүтээлчдэд шинийг бодож сэтгэхэд ихээхэн тус нэмэр болох нь дамжиггүй.

Соёлын өвийг хамгаалах, сан хөмрөгийг арвижуулж, шинэ контентуудыг буй болгоход тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн нь их сайхан сонсогдож байна. Төсөвлсөн энэ хөрөнгө соёл цэнгүүний аж үйлдвэрлэлд бус, урлаг соёлын жинхэнэ шинэ шинэ бүтээгдэхүүнийг хөхиүлэн дэмжихэд зориулагдаасай.

Хөгжим судлаач, нэрт соён гэгээрүүлэгч Н.Жанцанноров, Ч.Буянхишиг нарын санаачлан хөтөлж ирсэн “Зүрхэнд хоногшсон аялгуу” лүгээ хосгүй цуврал нэвтрүүлгүүдийг цаг алдалгүй CD, DVD болгон хувилж түгээх шаардлага байна. Орчин цагийн Монголын хөгжмийн соёлын он цагийн бичвэр болсон, мэргэжлийн асар өндөр түвшинд хийгддэг, энэ хоёр эрхмийн үл давтагдах теле цуврал лекцүүд бол Монголын ард түмний оюуны ертөнцөд үеийн үед мөнхрөх соёлын өв мөнөөс мөн билээ.

Уран зургийн галерейн тухайд сайд Л.Цогзолмаа анхаарлаа хандуулж байгаа гэсэн. Галерей байрлаж байгаа байр угаасаа үзэсгэлэнгийн зориулалттай юм. Зориулалтын бус, тэгээд ч хаалга нь салхины амыг угтсан байрлалтай баригдсан, салхины урсгал давхруудыг хуурайшуулж байдгаас нэлээд зургийн өнгө цайрах тийшээ хандаж байгааг анхаарах л ёстой.

Уран зургийн галерейн фондод нэг жилд худалдаж авах бүтээлүүдэд төсөвлсөн хөрөнгө нь албаныхны хүлэглэдэг жийп тэрэгний үнийн хагаст ч хүрдэггүй байсныг юу ч гэмээр юм дээ. Одоо эрх биш нэмэгдэж байгаа биз. Энэ мэтээс улбаалан чадварлаг зураачид бүтээлээ галерейн фондын сонголтод оруулахаа больсныг ойлгож болно.

Уран сайхны соёлын зүтгэлтнүүд, уран бүтээлчдийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, нийгмийн асуудлаа сайжруулах, санхүүжилтийн зохистой нөхцөлийг бүрдүүлэх талаар өөрсдийн саналыг сайтар бодож боловсруулсан төсөл болгож эрх барих дээд байгууллагууд, түшээдэд өргөн барьж шантаралгүй хөөцөлдвөл нааштай шийдэгдэх боломж байгаа гэдэгт би хувьдаа итгэлтэй байдаг.

Соёлын салбарын ахмад ажилтан, доктор, Бодонгууд Ж. БААТАРЦОГТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.