Томуугийн вакцин бол зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх эм юм

Twitter Print
2020 оны 12-р сар 01-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

НЭМГ-аас улирлын томуугийн эсрэг вакцинаар бага насны хүүхдүүд, эрсдэлт бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/ болон эрүүл мэндийн ажилтнуудыг дархлаажуулах ажлыг хэрэгжүүлж, нийслэлийн хэмжээнд улиралын томуугийн эсрэг вакцинд өргөнөөр хамрагджээ.

Эндээс анхаарал татсан асуудал бол зөвхөн эрүүл хүмүүс гэлтгүй архаг суурь өвчтэй хүмүүсийг хамруулж байгаа нь туйлын чухал байж болох юм. Ялангуяа зүрх судас тархи судасны өвчний эрсдэл бүхий хүмүүст их ач холбогдолтой байх нь. Энүүнтэй холбоотой хоёр судалгааны ажлын үр дүн оруулья. Гэр оронд тань ийм хүмүүс байгаа бол заавал томуугийн эсрэг вакцинд хамрагдуулаарай.

ТОМУУГИЙН ВАКЦИН ЗҮРХНИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭМ

Жил бүр бидний хийлгэдэг томуугийн эсрэг вакцин халдвараас урьдчилан сэргийлэхээс гадна өөр чухал ач холбогдол агуулдаг бололтой. АНУ-ын Иахайн АУ-ны Сургуулийн (Icahn School of Medicine at Mount Sinai) судлаачид 30 орчим сая хэвтүүлэн эмчлүүлэгчийн бүртгэлийг судалж үзээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх явцадаа томуугийн вакцин хийлгэсэн өвчтөнүүд вакцин хийлгээгүй өвчтөнүүдтэй харьцуулахад нэг жилийн хугацаанд зүрхний шигдээс болох эрсдэл 10%-иар буурдаг болохыг тогтоогджээ. Судлаачид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Америкийн Зүрхний Холбооны 68 дахь чуулганд (ACC 2019) танилцуулсан байгааг хураангуйлан хүргэж байна.

Ойролцоогоор 2% нь эмнэлэгт хэвтэх үеэр вакцин хийлгэдэг

Судлаачид эхлээд АНУ-ын хэмжээний хэвтэн эмчлүүлэгсдийн түүврийн дээжээс (NIS: Nationwide Inpatient Samle) 2014 онд тус улсын эмнэлгийн байгууллагад үзүүлсэн 30 орчим сая насанд хүрэгчдийн тохиолдлыг сонгож авсан. Дараа нь, тухайн жилд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийг эмнэлэгт хэвтэж байх үедээ томуугийн вакцин хийлгэсэн бүлэг (нийт дүнгийн 2% орчим) болон хийлгээгүй бүлэгт хуваан тухайн жилийн туршид зүрхний шигдээс эсвэл тогтворгүй хэлбэрийн стенокардийн оношоор дахин эмнэлэгт хандсан тохиолдлын хувийг тус тусад нь дүн шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ эмнэлэгт хэвтсэн хугацаанаас бусад вакцин хийлгэсэн тохиолдлуудыг хассан гэнэ.

Уг судалгаа томуугийн эсрэг вакцин ба зүрхний өвчний хоорондын хамаарлыг шалгаж үзсэн хамгийн том хэмжээний судалгаа болох юм байна.

Судалгаанаас зүрхний шигдээс эсвэл тогтворгүй хэлбэрийн стенокардийн өвчлөл томуугийн вакцин хийлгээгүй бүлэгт 4% өндөр байхад вакцин хийлгэсэн бүлэгт 3% бага буюу хоёр бүлгийн хоорондын ач холбогдолтой ялгаа байгаа үр дүн гарчээ. Энэ үр дүн нь томуугийн дархлаажуулалтын бүлэгт анх тооцоолсон зүрхний шигдээс эсвэл тогтворгүй хэлбэрийн стенокардийн өвчлөлийн тооноос даруй 5000 тохиолдлоор бага гарчээ. Төрөл бүрийн төөрөлдүүлэгч хүчин зүйлүүдийг зассаны дараа ч дараа томуугийн эсрэг вакцинжуулалт нь зүрхний шигдээсийн эрсдлийг 10%-иар бууруулж байгаа болохыг харуулж байгаа аж. Энэ нь вакцин хийлгэсний дараа зүрх судасны өвчний эрсдлийг бууруулж байж болзошгүй тухай өмнөх судалгуунуудын үр дүнтэй нийцэж байгаа бөгөөд энэхүү судалгааны үр дүн нь томуугийн вакцин зүрх суудасны өвчний эрсдэл хоёрын хамаарлыг судалсан хамгийн том хэмжээний судалгаа болох юм байна.

Судалгааны багаас "Цусны даралт, цусан дахь сахар, холестерины хэмжээг хянах менежменттэй нэгэн адил томуугийн вакцинжуулалтыг зүрхний өвчний анхдагч урьдчилан сэргийлэлт гэж авч үзэх хэрэгтэй" гэж үзэж байгаа ажээ. Тэдний зүгээс хэдийгээр вакцинжуулалт нь халдварын эрсдлийг бүрмөсөн арилгадаггүй ч "вакцинжуулалтыг хийснээр ноцтой хүндрэлээс сэргийлж чадах учир зүрхний өвчинд ач холбогдолтой байх боломжтой" хэмээн үзсэн байна.

АНУ-ын Өвчин хяналтын төв (CDC) 6 сараас дээш насныханд томуугийн дархлаажуулалтыг жил бүр хийхийг зөвлөж байгаа ч, АНУ-д насанд хүрэгчдийн 10 хүн тутмын дөнгөж 4 нь л томуугийн дархлаажуулалтад хамрагддаг аж.

Судлаачид “Томуугийн вакцинд хамрагдалтын хүрээг нэмэгдүүлэхийн тулд эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдэд хийх нь илүү үр дүнтэй байж болох юм” хэмээн үзсэн байна.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.