Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа, туршилтын хугацааны цалин хөлсийг хэрхэн тооцох вэ

Twitter Print
2018 оны 01-р сар 11-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

-Хөдөлмөрийн эрх зүй. Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа, туршилтын хугацааны цалин хөлс-

Ажил олгогчийн зүгээс ажилтныг ажилд авах үедээ хөдөлмөрийн гэрээнд /ихэнх тохиолдолд/ туршилтын хугацааг зааж өгсөн байдаг. Туршилтын хугацаа гэдэг нь ажилтан тухайн ажлын байранд мэргэжил, ур чадвар, ажлын дадлага туршлага нь ажлыг гүйцэтгэхэд тохирсон эсэхийг тодорхой хугацааны туршид шалгах зорилоготой хугацаа юм.

Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацааг ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоох ёстой. Бодит байдал дээр ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг ихэвчлэн 4-6 сар байхаар тогтоосон байдаг. Гэвч хөдөлмөрийн тухай хуульнд туршилтын хугацааг 3 сар хүртэл байхаар 2017 оны 04 дүгээр сарын 21-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Иймээс хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацааг 3 сараас илүүгээр тогтоож болохгүй бөгөөд хэрэв хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй эсхүл туршилтын хугацааг 3 сараас илүүгээр тогтоосон бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсан гэж үзнэ.

Ажил олгогчийн зүгээс ажилтныг туршилтын хугацаагаар ажилд авсан нэрээр хөдөлмөрийн гэрээг байгуулахгүйгээр ажил үүргийг гүйцэтгүүлэх, туршилтын хугацааг дууссаны дараа хөдөлмөрийн гэрээг байгуулж үндсэн ажилтнаар авна гэсэн тохиролцоог ажилтантай хийх тохиолдлууд байдаг. 

Гэвч туршилтын хугацаагаар ажилд авсан нэрээр хөдөлмөрийн гэрээг байгуулахгүйгээр ажилтнаар ажил, үүргийг гүйцэтгүүлэх нь буруу юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтныг ажилд авсан өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргийг хүлээсэн.

Хэрэв ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол /хуулийн этгээдийг/ нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуульд заасан. Мөн ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажил үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй, ажилтан гүйцэтгэх үүрэггүй юм.

Ажил олгогч ажилтныг туршилтын хугцаагаар ажилд авсан ч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж зохих шимтгэлийг төлөх, ажилд авсан өдрөө “ажилд авсан тушаал” зэргийг ажилтанд өгөх үүрэгтэй.

Ажил олгогчоос туршилтын хугацаанд ажилтанд цалин хөлс олгохгүйгээр эсхүл бага цалин хөлстэйгөөр ажиллуулах тохиолдолдлууд ч бас байна. Ажил олгогчоос ажилтны үндсэн цалинг олгохдоо тухайн ажилтны ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг олгож байх үүргийг Хөдөлмөрийн хуулиар хүлээсэн. Мөн туршилтын хугацаанд ажилтанд олгож байгаа цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байж болохгүй юм. 

Хэрэв ажилтанд хөдөлмөрийн хөлснөөс бага цалин хөлс олгож байгаа бол ажил олгогчийг Зөрчлийн тухай хуульд зааснаар / хуулийн этгээд / таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан.

Хуульч С.Энхбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.