Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр зөвхөн бие махбодийн хохирол биш...

Twitter Print
2018 оны 01-р сар 09-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хамаарах хүн, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах болон гэр бүлийн хүчирхийллийг нуун дарагдуулсны эрх зүн үр дагавар.

Ихэнх хүмүүсийн дунд гэр бүлийн хүчирхийлэл гэхээр (зөвхөн гэрлэгчдийн дунд үйлдэгддэг, хүчирхийлэл үйлдэгч тухайн этгээд хохирогчийн бие махбодид санаатай үйлдлээр гэм хор, хохирол учруулсан байвал…) Үүнийг л гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр мэтээр ойлгох тохиолдлууд бий. Гэвч гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн энэхүү ойлголтод багтахгүй юм.

Гэр бүлийн хүчирхийлэл нь гэрлэгчдийн хооронд үйлдэгдээд зогсохгүй ба гэр бүлийн хамаарал бүхий этгээд /гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч, хамтран амьдарч байсан хүмүүс, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ -ийн хооронд үйлдэгдэж болох бөгөөд хүчирхийллийн хэлбэр нь хохирогчийн бие махбодид халдаж, гэм хор учруулснаар хязгаарлагдахгүй юм.

Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай “ГБХТТ” хууль нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдан, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхлэсэн. Энэхүү “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуульд Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг /Бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэх./ Эдгээр үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр байхаар заасан байна.

Тэгвэл дээрх Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүдээс,

Сэтгэл санааны хүчирхийлэл гэж:

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ. ГБХТТ-хуулийн 6.3

Эдийн засгийн хүчирхийлэл гэж:

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ. ГБХТТ-хуулийн 6.4

Бэлгийн хүчирхийлэл гэж:

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хамаарах этгээд эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ. ГБХТТ-хуулийн 6.5

Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зөвхөн хохирогчийн эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулснаар гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр хязгаарлагдахгүй байхаар заасан ба сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн зэрэг альваа албадлагын үлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр байхаар заасан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүдээс гадна хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, Түүнчлэн гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаархаар заасан. Торуулбал хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхрийн хэн нэг нь нөгөөгөө дарамтлах, мөрдөн мөшгих, гүтгэх зэргээр сэтгэл санааны дарамт учруулж байгаа бол уг үйлдэл хийсэн этгээдэд эрүүгийн хууль, эсхүл зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх, үйлдлийн улмаас хохирсон этгээд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болохыг ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнийг хамгаалах. 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар Бүх шатны засаг дарга, Цагдаагийн байгууллага нь Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнийг хамгаалах хамтарсан баг гаргаж ажиллах, Гэр бүлийн хүчирхийллээс урьчилан сэргийлэх зэрэг үүргийг хүлээсэн. Мөн Төрийн бус байгууллага дүрмийнхээ зорилгод нийцүүлэн гэрээний үндсэн дээр хохирогчийг хамгаалах, хүчирхийллийн талаарх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүргийг хэрэгжүүлж болохоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан баг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, холбон зуучлах үйлчилгээ зэргийг үзүүлдэг.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан, эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан, сум, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтанууд, мөн иргэн хуулийн этгээд нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдсэн тохиолдолд цагдаагийн байгууллага, цагдаагийн албан хаагчийн эзгүйд сум, багийн засаг даргад мэдээлэх үүргийг хүлээсэн байдаг.

Зарим хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдсэн боловч энэ талаар холбогдох байгууллага албан тушаалтанд мэдээлдэггүй.

Мэдээлдэггүй гол шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн дарамт, сүрдүүлэг зэргээс айдагтай шууд холбоотой. Нөгөөтэйгүүр хүчирхийлэл үйлдэгдэж байгаа нөхцөл байдлын талаар мэдсэн ч юу ч болоогүй юмшиг хажуугаараа өнгөрүүлдэг хүмүүс бас бий.

Тэгвэл Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдсэн хүн энэ талаарх мэдээллээ холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5.4.1 дэх хэсэгт зааснаар хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.

Иймээс иргэн та гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх нь хуульд заасан үүргээ биелүүлэх, нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх таний үүрэг, оролцоо болохыг дурдаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг иргэн та хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн оршин сууж байгаа газрын харьяаллаас үл хамааран ойр байгаа цагдаагийн байгууллагад амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр гаргаж болох бөгөөд таний гаргасан мэдээллийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан мэдээллийг гадагш задруулахыг хуулиар хориглосон ба байгууллага, албан тушаалтан мэдээлийг нууцлах үүрэгтэй байхаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасан байдаг. 

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлсэн хүнийг цагдаагийн байгууллага “Гэрч хохирогчийг хамгаалах тухай” хуульд зааснаар хамгаалалтанд авах зохицуулалттай юм.

Хуульч С. Энхбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.