Ж.Гомбожав: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монголын төрийг дээрэмдэж авахаар улайрч байна

Twitter Print
2018 оны 01-р сар 11-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

1992 оны Үндсэн хуулийг “Усыг нь шахаж, утгыг нь тодруулан” батлалцсан 1990 оны АИХ-ын гишүүд төрийн ордонд цуглан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь дуртай намынхан хүссэн цагтаа хийгээд байдаг ажил биш” хэмээн ярилцаж 2000 оны 12 дүгээр сард Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон өөрчлөлтөө давын өмнө хуучин ёсоор нь болгох учиртай” хэмээн ярилцав.

Тэдний зүгээс ихэнх нь мэдлэг, туршлага багатай балчир гишүүдээс бүрэлдсэн УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар улайрч байгааг “Цагаа олоогүй цамаан явдал” хэмээж байсан юм. Энэ үеэр 1992 оны Үндсэн хуулийг батлах үед АИХ-ын дарга байсан Ж.Гомбожавтай хийсэн яриаг болгооно уу.

-Та бүхэн сая “Үндсэн хуульд хэн дуртай нь гар хүрч болдоггүй юм, бүх ард түмнээр сайтар хэлэлцүүлэх ёстой” гэж ярилцаж байна. Нэг намын бүлэг хэтэрхий олонхи байх үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэр зохистой зүйл вэ?   

-1992 оны Үндсэн хуулийг бүх талаас нь сайтар хэлэлцэж батлалцсан АИХ-ын 260-аад депутат амьд байгаагаас өнөөдөр энд 40 гаруй нь цуглан ярилцлаа. Бид өнөөдөр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг мөн үү, тэгвэл яагаад бүх ард түмнээр сайтар хэлэлцүүлэхгүй хэдхэн сумын дарга нар, сумын төвийн албан хаагчдаар хэлэлцүүлсэн болоод гар хүрэх гээд байна” гэдгийг бүх талаас нь сайтар хэлэлцлээ. Өнөөдрийн эрх баригчид одоо Үндсэн хуульд долоохон зүйлийн өөрчлөлт хийнэ гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ манай АИХ-ын депутатуудын тоолсноор 31-32 өөрчлөлт оруулахаар хэзээ мөдгүй дайрахад бэлэн болоод байгаа юм. Энэ нь 2010 оны “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журам”-ын тухай хуулийн зарим заалтуудыг ноцтой зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр хуулиар бол “Үндсэн хуулийн суурь зарчимд нөлөөлөх ийм заалтуудыг УИХ хэлэлцэх ёсгүй” гэж байгаа. Хэрвээ ийм хуулийг санаачилвал Үндсэн хуульд халдсан, төрийн эргэлт хийхийг завдсан гэдгээр Эрүүгийн хэрэг үүсгэх тухай заалт ч дээрх хуулинд бий. Гэтэл өнөөдрийн эрх баригчид үүнийг зөрчөөд бүдүүлгээр халдсан байна. Халдахдаа өөрсдийнхөө заль мэхийг нууж хууль гаргах журмаар халдсан байгаа. Хавар эд нар “Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль” гэдгийг батлан гаргасан. Тэр хуулийн 5.3.3 дээр “Үндсэн хуулийн ийм ийм зүйл заалтыг өөрчлөхийн тулд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар зөвлөлдөнө” гээд оруулчихсан байгаа юм.Ер нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулинд тиймэрхүү Үндсэн хуульд бүдүүлгээр халдах тухай оруулах нь өөрөө байж боломжгүй ёс зүйгүй явдал юм. Тэр заалтынхаа дагуу энэ хавар “Монголын ард түмнээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар орон даяар хэлэлцүүллээ” гэсэн нэг ёсны жүжиг тавьчихсан улс.

-МАН-ынхан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар орон даяар санал асуулгыг маш амжилттай зохион байгууллаа гэж хаваржин зунжин сурталчилсан л даа. Гэтэл та түүнийг нь “жүжиг” гэж байх юм?  

-Би түүнийг яагаад жүжиг гэж байна вэ гэвэл хэдэн аймаг сумдын ИТХ-ын албаны хүмүүс, Засаг даргынх нь Тамгын газрын албаны хүмүүс л оролцсон учраас сайтар найруулан тавьсан жүжиг болсноос биш Монголын ард түмнээр огтхон ч хэлэлцүүлээгүй. Ард түмэн үнэндээ өнөөдрийг хүртэл эрх баригчдын ямар санаатай, юу хийгээд байгаад огтхон ч мэдэхгүй байгаа. Бүсчилсэн хэлэлцүүлэг, хурлууд гэгч нь яг үнэндээ өнөөдрийн эрх баригчдын төлөөний түшмэлүүд, тэдний гар хөл болсон бүлэг хүмүүсийн л цугларалт, дараа нь баахан архидалт болоод дууссан. Гэхдээ зарим аймгийн хүмүүс саналаа өгсөн л байна лээ. Ард түмэн саналаа өгөх нь зөв хэдий ч эцсийн эцэст Үндсэн хуульд гар хүрэхийн тулд ингэж ч ард түмнээр хэлэлцүүлсэн нэр хүлээж, хууран мэхэлж болохгүй.

Бид 1992 оны Үндсэн хуулийг Монголын бүх ард түмнээр их олон сар хэлэлцүүлж, ард түмний зөв оновчтой олон саналыг авч хэрэгжүүлсэн юм шүү. Өмнө нь  УИХ-аар хоёр удаа, Улсын Бага хурлаар мөн л хэлэлцэж байж бүх ард түмнээр хэлэлцүүлэх төслөө баталж байсан. Гэтэл өнөөдрийн эрх баригчид Зөвлөлдөх санал асуулгаар 700 хүний санал авсан нэр хэмээгээд Үндсэн хуульд гар хүрэхээр улайрч байна. Тэр санал асуулгад оролцсон 700 хүнд урьдчилаад хоёр өдрийн хичээл зааж, сургалтанд хамруулж байгаад санал асуулгад оруулж байх жишээтэй. Ер нь Үндсэн хууль бол Монголын бүх ард түмний зөвшилцлийн гэрээ бичиг учир аль нэг эрх баригч нам өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн дур зоргоороо халдаж огтхон ч болохгүй баримт бичиг юм. Хэрвээ өнөөдрийн эрх баригчид өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуульд иймэрхүү хулгайн аргаар халдвал магадгүй ирэх хавар Монголын ард түмний тэмцэл хөдөлгөөн ч гарахыг үгүйсгэхгүй. Би энэ чигээрээ явбал энэ оны 4-5 дугаар сард Монголын ард түмэн нижигнээд босоод ирэхийг огтхон ч үгүйсгэх аргагүй л гэж хэлэх байна. Ийм ноцттой байдалд хүргэх үр дагавартай “Эцэг хууль”-иар өнөөдрийнх шиг ингэж замбараагүй оролдож, дур зоргоороо авирлавал хуулиа хамгаалдаг ард түмэн байдаг юм шүү гэдгийг эрх баригчид сайтар ойлгох ёстой.

-“2000 оны дордуулсан долоон өөрчлөлт”-ийг яах вэ. Түүнийг засах, өөрчлөх эрх нь уг нь Үндсэн хуулийн Цэцэд бий биз дээ?

-2000-2001 оны зааг дээр бас л хулгайгаар Үндсэн хуульд дордуулсан долоон өөрчлөлт оруулсаны балаг багагүй гарсан. Тэр долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц дахиж  авч үзэх ёстой. Энэ талаар АИХ-ын депутатууд Үндсэн хуулийн цэцэд хандъя гэж үндсэндээ шийдсэн. Уг нь бол 2000 онд Үндсэн хуулийн цэц Их суудлаараа хэлэлцээд эцсийн үгээ хэлчихсэн юм л даа. Тэгэхэд нь тэр үеийн УИХ Үндсэн хуулийн цэцийн Их суудлын тэр шийдвэрийг тоож үзэлгүйгээр хоёр оны зааг дээр, Монголчууд шинэ жил гээд бужигнаж байх хойгуур нь хулгайлгаар баталчихсан. Ингэж хулгайгаар хуралдах, Үндсэн хуульд дур мэдэн гар хүрэхийг хориглож Үндсэн хуулийн Маргаан хэлэлцэх тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхой заачихсан байдаг юм.

-Одоо оруулахаар улайраад байгаа өөрчлөлтүүд дунд ямар ноцтой зүйл, заалт байгаа бол?  

-Одоогийн энэ өөрчлөлтийн дунд “Хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи” гэсэн хулгайн заалт явж байгаа. Гэтэл “Хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи” гэдэг бол өглөө хуралдаа ирсэн 39 гишүүн өдөр 20 болоод хууль батлах тухай л юм. Нөгөө тэсч үлдсэн 20 гишүүний 11-12 нь дийлэх олонхи болоод хууль батлахыг баталгаажуулах гэсэн хулгайн заалт юм.

Хоёрдугааарт “Сонгуулийн гэсэн үгний дараа тогтолцоо гэдэг үг нэмнэ” гэсэн заалт явж байгаа. Гэтэл Тогтолцоо гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр Можаратор байх уу Пропорцианал байх уу гэдгийг л шийднэ гэсэн үг л дээ. Ингэхээр өнөөдрийн эрх баригчид Пропорционал тогтолцоо руу чөлөөтэй шилжих эрхээ л баталгаажуулчихсан байна гэсэн үг юм. Ингэж ганцхан үгээр хулгай хийж, төрийн эрхийг дээрэмдэж авахаар МАН-ынхан жинхэнэ улайрч байна. Монголын ард түмэн сэрэмжтэй байж эдгээр дээрэмчидтэй болохгүй бол тэмцэл хийх цаг ирж байна. Ийм хулгай луйврыг лав л АИХ-ын депутатууд тэвчихгүй эсэргүүцлээ үзүүлнэ гэдгээ ярилцлаа. Мэдээж Монгол төрийг дээрэмдэж авахаар улайрч байгаа энэ эрх баригчидтай ард түмэн тэмцэх нь тодорхой.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.70.42.158) 2018-01-09 13:49
      • 0
      • 0

      Элэнцгийн нь статистикийн ухааны түүврийн арга гэж. Бүх ард түмнээр нээлттэй ил тод хэлэлцүүлэх учиртай. Тэр тэнцвэртэй бодитой мэдээллээ хэвлэл мэдээллийн бүх хэрэгслйиг ашиглан хангах л учиртай. Луйвар хийхдээ, ард түмний тархийг угаахдаа энэ аргаа их сайн ашиглаад байдаг биз дээ.

      Хариулах

    • сэнгэ

      (202.131.243.190) 2018-01-08 23:16
      • 0
      • 0

      Бүх ард түмнийг тэнцвэртэй,бодитой мэдээллээр хангахад хүндрэлтэй.Йимд бүх иргэдийг төлөөлж чадахуйц төлөөллийг статистикийн шинжлэх ухаанд үндэслэн санамсаргүй түүврийн аргаар 1560 айл өрхийг сонгон тэнцвэртэй мэдээллээр хангаад 780 хүний саналын үр дүнгээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм гэнэ.Статистикийн Шинжлэх Ухааны түүврийн онолд муу ард түмэн бол ойлнохгүй л байх.Статистикийн Ухааны Түүврийн аргаа гэж...

      Хариулах

    • сэнгэ

      (202.131.243.190) 2018-01-08 23:16
      • 0
      • 0

      Бүх ард түмнийг тэнцвэртэй,бодитой мэдээллээр хангахад хүндрэлтэй.Йимд бүх иргэдийг төлөөлж чадахуйц төлөөллийг статистикийн шинжлэх ухаанд үндэслэн санамсаргүй түүврийн аргаар 1560 айл өрхийг сонгон тэнцвэртэй мэдээллээр хангаад 780 хүний саналын үр дүнгээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм гэнэ.Статистикийн Шинжлэх Ухааны түүврийн онолд муу ард түмэн бол ойлнохгүй л байх.Статистикийн Ухааны Түүврийн аргаа гэж...

      Хариулах