Х.Мэргэн - Миний сайн нөхөр

Twitter Print
2018 оны 01-р сар 08-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

Их бичгийн хүн, орчуулагт, нэрт дуун хөрвүүлэгч Х.Мэргэн бурханы орондоо заларчээ. Х.Мэргэн Өнөөдөр сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа "Орчуулагч бид бол байгаа юм шиг хэрнээ байхгүй юм шиг улс. Орчуулагчид компьютерийнхээ ард чимээгүй ажиллаад л сууцгааж байдаг. Бидэнд жүжигчид шиг бусдад гайхуулаад үзүүлж харуулах авьяас байхгүй. Гэхдээ бид киноны бүх дүрийг бие сэтгэлээрээ мэдэрч хэлэх гэснийг нь бүрэн төгөлдөр илэрхийлэх гэж байдаг л оюун ухаанаа дайчилж байдаг" гэсэн байдаг

"Өргөст модны шувуу", "Хатан хаан Сиси", "Мятаршгүй Жулиа" гээд олон сайхан кино герман хэлнээс орчуулж олны хүртээл болгосон нэрт орчуулагч Бямбын Пүрэв агсан 10 жилийн өмнө анддаа зориулж сэтгэл уясам дурсамж бичсэнийг та бүхэнд хүргэе. 

Х.Мэргэн - Миний сайн нөхөр

Яагаад ч юм санаанаас гарахгүй юм гэж байх. Баярлалаа гэхэд хаашаа юм гэхдээ эрхтэн дархтан, албан тушаалтны үзэгний үзүүрээр ажил амьдрал шийдэгдэх торгон мөч ирсэн болоод тэр үү, бүү мэд. Ямар ч гэсэн би ажлаас халагдахдаа тулж, үрчийсэн хачин сүг болчихоод сууж байхад хамт олны хуралд Х. Мэргэн “ Пүрэвийг ажлаас халбал тэмцэнэ “ хэмээн ганцаар “тунхаглан зарласан” билээ. 

Би гэж нэг онгироо сагсуу нөхөр. Дургүй хүрсэн юмаа хэнд хамаагүй хэлнэ. Тэгж яваад л даргын “нүдэнд орсон хог, шүдэнд торсон мах” болоо биз. Тэр яахав, ажил алба хашиж, амьдрал ахуйгаа чирж явахад аль мунгинахыг тэр гэхэв. Хамгийн гол нь хичнээн жил хамт нэг өрөөнд сууж, оюун ухаан эрдэм мэдлэгийг нь биширч явдаг нөхрийгөө олны өмнө тийм үг хэлүүлэх болсонд нэг талаар баярлах ч шиг, нөгөө талаар сэтгэл гүнээ зовох шиг болсон юм. 

Тийм ээ. Бид монголын үндэсний телевизийн дэлгэцэнд гарах уран сайхны болон баримтат, бас хүүхэд, хүүхэлдэйн кино орчуулж олон жил хамт суулаа. Эргээд бодоход би диплом, энгэрийн тэмдэг аваагүй ч гэлээ, Мэргэн гэж нэрлэж болох нэгэн “ их сургууль ” чимээгүйхэн төгссөн хүн юм уу даа. 

Хасбаатарын Мэргэн Монголын утга зохиолын ноён сүмбэр оргилын бэлд өсөж хүмүүжин орос, англи хэлний сүн их далайн ёроолын шүр сувдаас түүсэн эгэл даруу, төлөв түвшин, мэдлэг боловсрол өндөр, амьдралын их ухаанд чамбай суралцсан эрхмийн дээд нэгэн эрхэм билээ. Хичнээн жил энэ хүний нэр төр, далбаан дор ажиллахдаа, түүний олон сайхан эрхэм чанарыг би өөртөө шингээж чадаагүй ч гэлээ, сэтгэл зүрхэндээ мартахын аргагүй нандигнан хадгалж явдаг юм. 

Тэрээр нэг удаа алдарт Шолоховын зохиолоор бүтээсэн “Дөлгөөн Дон“ киноны орчуулагын шагналын мөнгө авсан даруй “Фюрер ээ, хоёулаа Дашцэрэн гуайнд очьё. Хөгшин нь тааруу гэнэ. Орчуулгынхаа мөнгийг аваачиж өгье. Зайлуул, эм тариандаа хэрэглэг“ гэж билээ. Дөлгөөн Дон романыг Дашцэрэн гэдэг хүн орчуулсан гэхээс цааш мэдэх юмгүй би бээр Мэргэнийгээ даган анх удаа Монголын алдартай орчуулагч, бичгийн их хүний гэрт очиж байснаа мартахгүй. Уг кино зохиолыг орчуулж суухдаа Мэргэн талийгаач Дашцэрэн гуайн орчуулсан романы хуудсыг эргүүлэн хааяа хааяа харьцуулан харж суусан төдийгүй орчуулгын шагналын хэдэн төгрөгөө бэлбэсэн гэргийд нь аваачиж өгөхөөр зорин намайг дагуулан явж байсан нь хүн хүнээ хайрлан, эргэн дурсахын агуу ухааныг надад бага ч атагуй мэдрүүлсэн юм бол уу даа гэж баярлаж явдаг билээ. 

Ер нь Мэргэн дэлхийн шилдэг зохиол бүтээл ч бай, эгэл жирийн нэг кино орчуулсан ч маш хариуцлагатай ханддаг болохыг өчнөөн жил дэргэд нь байсан би сайн мэднэ. Монголын үндэсний телевизийн дэлгэцэнд ч юм уу, өөр бусад телевизийн сувгаар гарч буй олон киноноос орчуулгыг нь сонсоод Х. Мэргэн орчуулжээ гэж би бараг андахгүй мэднэ дээ.

Шекспирийн “Ромео Жульете“ зохиолыг орчуулахаар суухдаа ширээн дээрээ суут зохиолчийн англи эх бичгийн хуулбар, орчин үеийн англи хэлээр хэвлэсэн уг жүжгийн зохиол, орос хэлээр орчуулсан орчуулга зэргийг тавин харьцуулан уншиж байсныг бодохоор аргагүй л Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг нүүр бардам төгссөн, монголын нэгэн том сэхээтэн яалт ч үгүй мөн гэж би бахархалтай хэлж чадах байна. Зарим үед монголоор юү гэж хэлэхээ мэдэхгүй тэвдэж сандрах үед би Мэргэнээс л асууна. Хариулт нь үнэхээр оновчтой, яг л голын нь олоод хэлчих шиг болно. Тэр бүү хэл ажил төрөл, дарга цэрэг гээд аль бухимдаж сандрах, уурлаж уцаарлах юм гарахыг алийг тэр гэхэв. Тэр үед Мэргэн намайг тайвшруулж, тайтгаруулна, ухаантай сургамжтай сайхан үг хэлнэ. Энэ олон жил нэг редакцид хамт ажиллахдаа би Мэргэнтэйгээ маргаж муудах нь бүү хэл, өөдөөс нь бараг муухай харж, элдэв эсэргүүцэл илэрхийлж байснаа огт санахгүй юм. 

Ухаантай хүн гэдэг цаанаа ондоо. Хошин шог юм ярихаараа хуруу гозгонуулан, хоёр нүд нь цог лугаа гялалзаад цаанаа нэг хөгжилтэй. Гэхдээ дэндүү даруу бас ичимхий. Харин даанч шооч эрхэм нэгэн. 

Хэдэн жилийн өмнө он солигдох мөчид манай редакци нэгэн компанийн хүмүүстэй хамт шинэ жилийн баяр тэмдэглэсэн юм. Баярын дараа ажилд ирсэн даруй Мэргэн тэрхүү үдэшлэг цэнгүүн дээр манай фондын эрхлэгч Д. Эрдэнчимэг хэмээх 50 эргэм насны ( тухайн үед ) золбоолог авгай буюу Мэргэний нэрлэснээр “Хээмаа” маань компанийн захирал залуутай хэрхэн вальс эргэснийг дүрслэн харуулж, биднийг учиргүй инээлгэж билээ. Бүжгийн ая тийм намуун байсан юм уу, ямар ч гэлээ Мэргэнийн элэглэн дууриах хөдөлгөөн нуурын мандалд хөвөх хос хун лугаа намуун дөлгөөн, уян налирхай, дотно янаг байсныг бодохоор би одоо хүртэл заримдаа ганцаар инээж суудаг юм. 

Х. Мэргэн намайг “фюрер” гэж авгайлна. “Fuehrer“ гэдэг нь германаар удирдагч гэсэн үг л дээ. Намайг германд сургууль төгссөн болохоор тэр үү, эсвэл тухайн үедээ хэсэг хугацаанд би редакцийнхаа ерөнхий редактор гэдэг алба хашиж байсан болоод ч тэр үү, ямар ч гэсэн намайг яалт ч үгүй дандаа тэгж авгайлдаг байлаа. Тийм сайхан хүн намайг төдий дайны авгайлж байхад би гэж нэг хөөрхий тоглож шоглолоо гэж огт бодохгүй, харин ч чимээгүйхэн дотроо залбирч суухаас яалтай. Залбирахын учир нь удирдагч хэмээх тодотголдоо бус харин их бага сурсан эрдэм маань олны хүртээл болж, нүүр улайхгүй явахсан даа гэж боддог байснаа нуух юүн билээ. Бас заримдаа надаас “ чимээгүйхэн” шалгалт авна. 

Лав нэг өдөр “Фюрер! Чулуу гэдгийг германаар юү гэдэг билээ? “ гэж асуухад нь би тулгамдсан уу, яасан “ Stein “ гэж хариулж дөнгөөгүй санагддаг. Сайн хүний дэргэд байхад сар, нар шиг ээлтэй сайхан санагдах юм билээ. Жаахан юм бичээд толгой гашилахын цагт ч юм уу, эсвэл уйтгар гунигийн хөнгөн мананд автахаар Х. Мэргэнийг дуурайн элдэв юм оролдож, байшингийнхаа гадна төмс тарьж хүртэл үзлээ. Х. Мэргэн орчуулгынхаа нөр их хөдөлмөрийн завсраар миний хүүд зорж өгсөн бяцхан модон завь эдүгээ хүртэл хүүгийн маань ширээн дээр хүндтэй байранд залран байдаг юм. 

Арав гаруй жил нэг өрөөнд сууж, голдуу зохиолчдийн зарим нэг нариантай, зарим нэг хөгжилтэй түүхээс сонсож сууснаа бодохоор эдүгээ би ганцаардах шиг болдог юм. Гэхдээ Х. Мэргэн маань хүний нутагт ёстой нүүр бардам явах хүн гэж би мэдэхийн сацуу үнэндээ сэтгэл өег явдаг нэгэн. Ямар ч гэлээ Монгол улсын ерөнхийлөгч Оросын Холбооны Улсад айлчлахад Горькийн сургуулийн гадна бололтой нэг орос хүнийг танилцуулж байхыг телевизийн дэлгэцнээс хараад би ухаан жолоогүй “манай Мэргэн...” гэж хашгиран авгай хүүхдээ дуудан харуулсан юм. Тэд маань ч сайн танихаас гадна бас л хайрлан шүтэж явдаг хүмүүс. Ер нь эгэл даруу, энгүүн их эрдэм номтой хүн олны сэтгэл зүрхэнд ойрхон, хүний нэгэн хайлган явах нь даанч сайхан. Манай Мэргэн тийм л хүний нэг яах аргагүй мөн. 

Хагас дутуу цус харвасан ч гэлээ, өвчин зовлонд бага зэрэг нэрвэгдсэн ч гэлээ Мэргэнийгээ ирэхэд цоо эрүүл, инээд хөөр дүүрэн, бүрэн бүтэн уулзаж, шавайгаа ханатал инээхсэн. 

Сэтгэл өөдрөг аваас үйлс арвин хэмээх сайхан үг монгол хэлэнд байдаг бус уу. 

Бямбын Пүрэв солгойлдлоо. 2008.03.16

Улаанбаатар хот.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.