Ч.Насантогтох: Арваадхан жилийн түүхтэй жиу жицу бөх хурдацтай хөгжиж байна

Twitter Print
2018 оны 01-р сар 08-нд 06:26 цагт
Мэдээний зураг,

Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргасан Монголын жюү жицугийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтохтой уулзаж дараах тодруулга ярилцлагыг авлаа.

-Монголын жюү жицугийн холбооны улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээний онцлог юу байна. Тэмцээнд хэчнээн байгууллагын бөхчүүд оролцож байгаа вэ?

-Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 36 байгууллагын 350-иад тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулсан. Монголын жюү жицу бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч мэргэжлийн болж байгааг тус тэмцээний цагаан бүсний эрэгтэйчүүдийн мастерс хоёр ангилалын 69 кг-ын жинд өрсөлдсөн “Garuda” клубын тамирчин, 'ТВ коктейль' хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө мөнгөн медаль хүртсэнээс харж болох юм. Хамгийн бэртэл гэмтэлгүй бөхийн төрөл гэгддэг жюү жицү бөхөөр хичээллэх болсон жүжигчин А.Өнөржаргал өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсныг санаж байна. Энэ мэтчилэн тэмцээнд оролцох бөхчүүдийн тоо нь харьцангуй өсч, өрсөлдөөн ч ширүүхэн болж байгаа нь энэ удаагийн тэмцээний онцлог болж байна.  

Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу энэ ням гарагт “No Gi” болон контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн болно. Амралтын өдрүүдэд үргэлжилж буй тус тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, “No Gi” төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгааг зохион байгуулагчид дурдаж байсан.

-Жюү жицугийн гадаад харилцаа ямархуу түвшинд байгаа бол. Манай тамирчид дэлхий олон улсын тэмцээнүүдэд ямархуу амжилттай оролцож байгаа бол?

-Мэдээж гадаадын тэмцээн уралдаануудад аль болох оролцож л байвал бөхчүүдийн ур чадвар тэр хэрээр өсөх нь ойлгомжтой. Арван жилийн ойтойгоо золгосон Монголын Жюү Жицүгийн холбоо энэ оны эхэнд хоёр том тэмцээн зохион байгуулж байгаагийн нэг нь одоо үргэлжилж буй улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Харин удаах тэмцээн нь нэгдүгээр сарын 27-28-нд Улаанбаатар хотод  Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран зохион байгуулах Азийн нээлттэй тэмцээн /Asia continental pro jiu-jitsu championship-GI/ болно. Одоогоор дээрх тэмцээний бэлтгэл ажлыг зохих байгууллагууд нь амжилттай гүйцэлдүүлж байгаа нь тодорхой.

-Ер нь хамгийн гэмтэл бэртэлгүй бөхийн төрөл гэгддэг жюү жицуг олимпийн төрөлд багтаах талаар Олон улсын зүгээс яригдаж байгаа асуудал бий болов уу. Хэрэв жюү жицу олимпийн хөтөлбөрт багтвал Монголын тамирчдын олимпийн их наадмаас хүртэх медалийн тоо нэмэгдэх нь тодорхой? 

-Энэ талаар тэгтлээ дорвитой яригдаж байгаа зүйл одоогоор дуулдахгүй л байна. Гэхдээ Япончууд айхтар улс ямар нэгэн зүйл сэдэж л байгаа болов уу. Монголын бөхчүүд самбо, жүдогийн суурь сайтай учир жюү жицугээр ихээхэн амжилт гарах магадлалтай. 

-Таны хувьд жүдо бөхийн Үндсэний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас хэзээ чөлөөлөгдсөн билээ. Одоо та ямар алба хашиж байна?

-Миний хувьд 2011 оны есдүгээр сард өөрийн хүсэлтээр жүдо бөхийн Үндсэний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдсөн. Шигшээ багт дасгалжуулж байсан Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр болон Х.Цагаанбаатар зэрэг авьяас чадвартай олон шавийнхаа хүч зүтгэлээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш гээд засаг төрийнхөө өндөр шагналыг бишгүй л нэг хүртлээ. Миний хашиж байсан албыг “Алдар” спорт хороог тэргүүлж байсан  Ардын багш, аварга О.Балжиннаям сонгон шалгаруулалтаар сонгогдон авч байсан. 

Харин би 2011 оны 11 дүгээр сараас БТСГ-ын дарга асан Ч.Наранбаатарын санал болгосон   Монгол Улсын үндэсний шигшээ багийн албаны Улсын дасгалжуулагчийн албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн. Гол нь Лондонгийн олимпийн наадамд оролцох тамирчдад заавар, чиглэл өгч, үндэсний шигшээ багт харьяалагдаж буй шигшээ багийнхны /өсвөр, залуучууд, насанд хүрэгчид/ зөвлөхөөр ажиллах үүрэг даалгавар өгч байсан.Энэ ажлаа ч зохих ёсоор хийж ирлээ.

-Таны шавь нараас хамгийн анх 1989 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ардын багш О.Балжинням мөнгө, гавьяат тамирчин Д.Баттулга хүрэл медаль хүртэж байсан бол 2008 оны Бээжингийн олимпоос Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр алтан медаль хүртэж Монгол түмнийг эвлэрүүлэн нэгдүүлж байсан. Одоо ер нь жүдогийн залгамж халаа аль хэр бэлтгэгдэж байгаа гэж бодож явдаг вэ?

-Одоо Спортын төв ордны зааланд багтахгүй шахам олон хүүхэд багаасаа жүдогоор тууштай хичээллэж байна. Одооны хүүхдүүд амьдралын тодорхой зорилготой болсон нь Д.Сумьяа, М.Уранцэцэг эгч нар шигээ амжилт гаргавал амьдралын баталгаатай болно гэдгээ сайн мэддэг болсных юм.Ийм учраас ч жүдогоор хичээллэх хүүхдийн тоо тууштай нэмэгдэж байгаа. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар Жүдо бөхийн ордон барихаар хөрөнгө мөнгө цуглуулж байгаа нь энэ спортын төрөл Монголд эрчимтэй хөгжиж, топ спортын төрөл байсаар байх нотолгоо болно. Хамгийн гол нь шинжлэх ухааны үндэслэлтэй, спортын анагаах ухааныг зэрэцүүлэн сайтар хөгжүүлэх нь чухал юм. Одоо дэлхий нийтийн чиг хандлагыг ажиглавал спортын анагаах ухаанд хөрөнгө мөнгө сайтар зарцуулж, тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалж, ирээдүйд гаргах амжилтыг нь баталгаажуулдаг болсон.  

-Энэ 2018 онд манай жүдочдыг ямар ямар томоохон уралдаан тэмцээн хүлээж байгаа бол?   

-Энэ 2018 онд Монголын жүдочдийг томоохон олон уралдаан тэмцээн шил шилээ даран хүлээж байгаа. Ирэх дөрөвдүгээр сарын 26- 29-ний өдрүүдэд  Израилийн Тель-Авив хотод  жудо бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно.  Түүнчлэн өнгөрөгч оны эхээр 2018 оны жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 32 дахь удаагийн  тэмцээн Азербайжаны Баку хотод болохыг мэдээлж байсан. За тэгээд Европын цуврал тэмцээнүүд байгаа даа.

-Өнөөдөр Монголын спорт холбоодоос үйл ажиллагаа нь хамгийн тогтворжсон холбооны нэг нь жүдо бөхийн холбоо гэдгийг олон нийт сайн мэднэ. Ер нь Монголын жүдо бөхийн холбоо хэдэн оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол?

-За байз жүдо бөхийг 1960-аад оны үед ЗХУЗүүн ГерманЧехословак зэрэг улсуудад сурч байсан Монгол оюутнууд анхлан эх орондоо авчирсан гэдэг.1971 оны нэгдүгээр сард анхны жүдогийн дэвжээ байгуулагдаж Үндэсний Спортын хорооны зөвшөөрлийн дагуу Монгол дахь албан ёсны спорт болон батлагдсан байдаг.

1972 онд Монголын Жүдогийн Холбоо нь Азийн Жүдогийн Холбоо болон Олон улсын Жүдогийн Холбооны гишүүн болсон. Тухайн жилдээ засгийн газрын тушаалаар Жүдогийн шигшээ баг бүрдүүлэн 1972 оны Мюнхены зуны олимпийн наадамд амжилттай оролцсон түүхтэй.

Одоогийн байдлаар нийт 4000 гаруй гишүүнтэй, улсын аваргын тэмцээнд 480 хүүхэд, насанд хүрэгчдийн ангилалд тогтмол 240 гаруй хүн оролцдог тоо байдаг. 14 жүдогийн дэвжээ, Олон улсын стандартад нийцсэн 5 дожо бий. МЖХ нь жил бүр Улсын Аварга шалгаруулах тэмцээн (Насан хүрэгчид, залуучууд, бага насны ангилал), Холбооны Цомын аварга, Ц.Дамдины нэрэмжит Цомын аварга шалгаруулах тэмцээн гэх зэрэг үндэсний хэмжээний 5-8 тэмцээн зохиодог.

Монголын Жүдогийн Холбоо нь 14 жүдогийн клуб, 21 аймгийн Спорт төвөөс бүрддэг.

Холбооны цаашдын үйл ажиллагааг улам сайжруулж, боловсронгуй болгох үүднээс 4 жилд нэг удаа Нэгдсэн хурал зарлаж хуралддаг. Холбооны гишүүн клубүүдээс сонгогддог төлөөлөл дундаас холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичиг, Төлөөлөн удирдах, Хяналтын зөвлөлийг сонгодог.

-За танд шинэ 2018 онд улам их амжилт хүсье. Мөн жүдогийн Үндэсний шигшээ багийнхан ч амжилтаа бататгаж Европын аварга аварга шалгаруулах болон цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож, Азарбайжаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шинэ аваргуудаа тосон авахын ерөөл өргөж байна?

-За ерөөлөөр болог. Манай шинэхэн баатар болон гавьяат цолтнууд энэ 2018 онд багагүй амжилт гаргах болов уу. Тэгээд ч “Токиогийн олимп хүртэл амжилтаа бууруулж болохгүй” гэсэн Ерөнхийлөгчийн захиа даалгавар бий.

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.