О.Баасанхүүг УИХ-аас эргүүлэн татна

Twitter Print
2018 оны 01-р сар 04-нд 19:43 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хэсэг хүмүүс оны өмнө МАХН-ын их хурал гэх нэртэй хурал зохион байгуулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. Улмаар энэхүү Их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу МАН-ын даргаар О.Баасанхүүг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МАХН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зарлан хуралдуулсан Их хурал гэгч нь өөрөө хууль бус үйлдэл. О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохион байгуулна, үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөг төлөх хүсэлтээ 2018 оны нэгдүгээр сард хүргүүлсэн. Энэ үед нь МАХН-ын зүгээс манай нам ямар нэгэн хурал зохион байгуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан.

Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилж, намын их хурал нэртэй хууль бус хурлаа зохион байгуулсан. Мөн О.Баасанхүү нь Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 11, 2, 23 дугаар зүйлийн 3, 4-р заалтуудыг зөрчсөн учраас АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ үүнийг хэлэлцээд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн" гэв. 

Мөн "Намын дүрмээр их хурал зохион байгуулах асуудлыг намын Гүйцэтгэх товчооны хурлаар товлож, их хуралд оролцох гишүүдийг намын гишүүдээс сонгодог дүрэмтэй. МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэрээр намын их хурал ирэх хоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болно. Энэ хурлаар намын даргаа шинээр сонгох уу, үргэлжлүүлэн томилох уу гэдгээ бид ярилцана. Тэр хүртэл Н.Энхбаяр МАХН-ын дарга хэвээрээ байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай намын гишүүн биш. Намын нэрээр УИХ-ын гишүүнээр ажиллах ёс суртахуунгүй хүн. Намын Бага чуулганаар намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Намын эсрэг ажиллаж байгаа, өөр намд үйлчилдэг, намын бодлогын эсрэг ажиллаж байгаа гишүүдийг намаас хөөх өөрчлөлт оруулсан. Шинэ дүрмийг Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Гэхдээ манай намын хувьд хүчин төгөлдөр. Намын Ёс зүйн хорооноос О.Баасанхүүг хөөх шийдвэр гарсан байгаа. Улсын дээд шүүхээс Их хурлаар дүрмээ хэлэлцүүлж баталсны дараа бүртгэнэ гэсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулсан хууль бус хуралд оролцсон гишүүдийн нэрсийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан МАХН-ын гишүүдийн бүртгэлтэй тулгахад намын гишүүн биш, гишүүдийн нэр, регистрийн дугаар нь зөрж байгаа. Тиймээс О.Баасанхүүг намын Эрүүгийн хууль зөрчсөн үйлдлүүдээр нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно" гэлээ.

Харин энэ талаар О.Баасанхүү гишүүнтэй холбогдож тодруулахад МАХН-ын нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс миний төрд халдаж, маргааш /2017.01.05/ Улсын дээд шүүхийн хуралдаанд нөлөөлөхийг оролдсон үйлдэл гаргаж байна. Дээд шүүхийн шийдвэр нааштай гарна гэдэгт эргэлзэж байна. Улсын дээд шүүхэд номлох баримт, тайлбар өгөх боломж өгөхгүйгээр шууд хурал хийж байгаа нь хуралд нөлөөлөх гэж оролдож байна гэж үзэж байгаа гэлээ. “МАХН-ын жирийн гишүүдийг өнөөдөр зохион байгуулалттайгаар мөрдөж, мөшгиж, хавчин гадуурхаж, хууль бус үйлдэл гаргаж байна. МАХН гэдэг нам ганцхан Н.Энхбаяр гэдэг хүний нам биш. Би намаа цэвэрлэх гэж явж байна" гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.