
Техник, технологи итгэмээргүй өндөр хөгжсөн өнөө цагт дэлхий дахинд тагнуулын хараа хяналтад бүрэн оржээ. Дэлхийн томоохон дайнууд, хүйтэн дайны цаг үед цэрэг арми, цөмийн зэвсгийн нууцад хамаарах мэдээлүүдийн араас тагнуулчид хөөцөлддөг байсан бол сүүлд аж үйлдвэрлэл, эдийн засгийн стратеги төлөвлөлт, цаашилбал хувь хүний тухай бүх мэдээлэл очих ёстой газраа очих болж. Хорвоо ертөнцийг хэрсэн энэ их тагнуулын торны үйл ажиллагаагаа хэрхэн явагддаг болохыг хүн төрөлхтөн сүүлийн үеийн баримт мэдээллээр жаахан ч болов гадарладаг болсон байх. Гэхдээ Израилийн Мосад, Америк, Их Британи, Умард Солонгосын тагнуулын албууд, хуучин ардчилсан Германы Штаси гэх зэрэг гар хөл нь хүрэхгүй газаргүй, аймшигтай өндөр ур чадвартай тагнуулууд байдаг тухай мэдээ, сургаас цаашгүй.
Харин өнөөдөр тагнуулчдын мэдээлэл дамжуулах үйл ажиллагаа урт хугацаанд туршигдаж, үр дүн сайтай гэдэг нь амьдралд батлагдсан уламжлалт аргуудыг орчин үеийн технологитой чадварлагаар хослуулдан хэрэглэдэг болсон байна. Зах зухаас нь сонирхуулъя. Жишээ нь тагнуулчид кафе зэрэг энгийн үйлчилгээний газруудын утасгүй wi-fi сүлжээг ашигладаг байна. Тагнуул кафед орж зөөврийн компьютерээ асаан нөгөө этгээдэд мэдээлэл дамжуулах бүрэн боломжтой гэсэн үг. Мөн үл үзэгдэгч бэх, богино долгионы радио зэрэг орчин үеийн технологи ашигласан төрөл бүрийн арга хэрэглэдгийн нэг нь стеганографи юм. Энэ нь зураг, ямар нэгэн дүрслэл зэрэгт мэдээллийг нууцлан дамжуулах арга бөгөөд хүн төрөлхтөн мянган жилийн өмнөөс хэрэглэж байсан арга аж.
Манай эриний өмнөх тавдугаар зуунд Грекийн дарангуйлагч Histiaeus өөрийн зарц нарын нэгний толгойн үсийг хусаад шивээс маягийн зураг зурж түүндээ дамжуулах мэдээллээ нууцлаж байжээ. Зарцын үс хангалттай ургаж гүйцсэний дараа элчээр илгээдэг аж. Элч буцаж ирэх үед үсийг нь дахин хусаж, мэдээллээ авдаг байсан бөгөөд тухайн үед Персүүдийн томоохон довтолгооны талаархи мэдээллийг "грекийн нууц захиа" хэмээх энэ аргаар амжилттай дамжуулж байсан байна. Харин нэлээд сүүл үеэс морз мэт кодлосон дүрсүүдийг элчийн өмссөн хувцсанд оёх илүү боловсронгуй хэлбэрийг ашиглах болжээ.
Харин орчин үед нууц мэдээллүүдийг 1 болон 0 тоон тэмдэгтүүдийг хувирган фото зураг, дуу, дүрсний файлуудад хавсарган дамжуулах болсон бөгөөд торрент, олон нийтийн сайтууд, интернет протоколуудыг ашигладаг аж. Мэдээллийг JPEG зураг болон MP3 аудио файланд нуухад маш тохиромжтой байдаг. Facebook дэх гэрэл зургууд ч нууц мэдээлэл дамжуулах нэг хэрэгсэл байж болно. ох тухай дурдаж байна. Бүр Аль Кайдагийн сүлжээ 9 сарын 11-ний хэрэг явдлаас өмнө порно сайт ашиглан мэдээлэл дамжуулж сурсан гэх дам яриа байдаг боловч хараахан батлагдаагүй байна.
Харин оросын тагнуулууд 2005 оноос дижитал мэдээлэлд стеганографи аргыг ашиглаж эхэлжээ. Америкийн ХМТ-ны ажилтууд нэг удаагийн ажиллагаагаар нууц үгээр хамгаалагдсан диск болон alt, ctrl, E гэж бичсэн хэсэг цаасны өөдсийг илрүүлсэн байна. Дээрх үгнүүдийг нууц үг байдлаар оруулж дискийг нээж үзэхэд тоон мэдээллийг олон нийтийн сайт зэрэгт байрлах гэрэл зурагт нуух программ хангамжийг суулгасан байжээ. Мөн зарим вэб хуудасуудын хаяг агуулж байсан бөгөөд нээж үзэхэд маш их зураг байсан бөгөөд олон удаа татаж авсан байв. Гэрэл зургуудыг энгийн нүдээр харахад ямар нэгэн онцлог зүйл мэдэгдэхгүй боловч стеганографи программ хангамжаар шинжилгээ хийж үзэхэд их хэмжээний текст мэдээлэл агуулж байжээ. Стеганографийг орчин үед зарим хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд нэг жишээ нь HP, Xerox зэрэг принтерүүдээр хэвлэгдэх материалуудад принтерийн серийн дугаар, хэвлэсэн огноо зэргийг хүний нүдэнд үл үзэгдэгч бэхээр хэвлэдэг байна. Энэ нь хэвлэмэл материалыг ямар нэгэн гэмт үйлдлийн баримт хэлбэрээр ашиглах боломжийг цагдаа нарт олгодог юм. Мөн бидний мэдэх, веб сайтуудад нэвтрэх үед оруулдаг спамаас хамгаалах элдэв хэлбэр дүрс бүхий кодууд нь стеганографийн нэг хэлбэр ажээ.
Р. Этүгэн, www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.