“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргалаа

Twitter Print
2018 оны 01-р сар 04-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах утга бүхий 23-р тогтоолыг өнгөрөгч 2017 оны хоёрдугаар сард баталж, уг тогтоолын хэрэгжилтийг хангах нэрийн дор ТӨБЗГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-аас 49 хувийн төлөөллүүдийг хасч, эзэмших эрхийн гэрчилгээг нь ОӨУБЕГ “100 хувь төрийн өмч” болгон өөрчилсөн билээ.

УИХ-ын тогтоолыг үндэслэж Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлсэн үйл явцыг буруутгаж Монголын зэс корпораци шүүхэд хандсан. Учир нь Засгийн газрын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэйгээ ямар нэгэн байдлаар хэлцэл хийж, төлбөрийг барагдуулах чиглэлд тохиролцоогүй цаг үед энэхүү шийдвэрийг гаргасан байдаг. Иймд хувийн хэвшлийн зүгээс ТӨБЗГ, ОӨУБЕГ-ыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэн, шүүхийн байгууллагад гомдол гаргаж, шат шатны шүүхээр хэлэлцүүлсэн юм.

Улмаар Дээд шүүхээс /2017.12.07/ Монголын зэс корпорацийн эрхийг сэргээх эцсийн шийд гаргаснаар улсын бүртгэлийн гэрчилгээ болон ТУЗ-ын гишүүдэд дахин өөрчлөлт орох шаардлагатай тулгарсан билээ.

Ингэснээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс ОӨУБЕГ /2017.12.28/ эзэмших эрхийн гэрчилгээг хуучнаар нь буюу төр 51, Монголын зэс корпораци 49 хувийг эзэмшилтэйгээр өөрчилж олгоод буй. Ингэснээр 49 хувийн төлөөлөл “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д багтах албан ёсны эрх үүссэн юм.

Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ өчигдөр хуралдсан. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн хуралдаанд 51 хувь талаас У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Б.Доржсэмбэд, Д.Дэмбэрэл нар оролцсон бол 49 хувь талаас М.Мөнхбаатар, Д.Ганболд, О.Орхоны бие төлөөлөл нар байлцжээ. Хувийн хэвшил талаас ТУЗ-ийн гишүүнд багтдаг ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон гадаадад ажлаар явсан тул хуралдаанд итгэмжлэгдсэн бие төлөөлөгч нь оролцсон аж.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн хуралдаанаар нийтдээ зургаан асуудал хэлэлцэж, талууд байр сууриа нэгтгэсэн аж. Хуралдаанд “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн оролцож, байгууллагынхаа талаар ерөнхий танилцуулга хийсэн байна. ТУЗ-ийн хуралдаан харьцангуй тайван уур амьсгалтай болж, өнгөрсөн хугацаанд шийдэгдэхээр хүлээгдэж байсан асуудлууд дээрээ төвлөрч ярилцсан гэх мэдээлэл байна.

Дээд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ 51/49 хувийн төлөөлөлтэйгээр хуралдсантай холбогдуулан өнөөдөр  Засгийн газар ээлжит бусаар хуралдаан зарлаж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэлэлцжээ.

Тус хуралдаанаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Хөгжлийн банк, “Кью Эс Си” ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу “Кью Эс Си” ХХК-д олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тоо нийлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамбад тус тус даалгалаа.

 

“49 хувийг эзэмшиж байсан талд 400.27 сая ам.доллар төлснийг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх харилцан суутгах шийдвэрийг гаргалаа” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

 

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах арга хэмжээг зохион байгуулахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагад тус тус даалгалаа.

Хуралдаанаар УИХ-аас баталсан “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгох агуулга бүхий 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Ингэхдээ  49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэй харилцан суутгах замаар тооцоо нийлнэ гэж мэдэгдэв. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газраас өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах нь зүйтэй гэж үзлээ. ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувьд 470 сая ам.долларын төлбөр хийсэн байдаг. Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгож байсан зээл, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээл, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээний 217 тэрбум төгрөгийг хүчингүй болгож, түүний хөрөнгийг суутгалд оруулж тооцохоор Засгийн газраас шийдвэрлэлээ. Ингэснээр 1 их наяд 340 тэрбум төгрөгийг харилцан суутгах шийдвэр гаргалаа” гэж тодотгосон юм.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, асуудтанд хариулсан юм. 

-Ч.ХҮРЭЛБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ОЛОНХИД ҮНДЭСЛЭЖ ГАРДАГ-

-Та  УИХ-ын гишүүн байхдаа 23 дугаар тогтоолыг эсэргүүцэж, сөрөг санал өгч байсан.  Гэтэл өнөөдрийн Засгийн газрын шийдвэр таны байр суурийн эсрэг гарлаа. Үүнийг хувь гишүүнийхээ зүгээс хэрхэн харж байна. Хоёрт, “Монголын зэс” корпорацийн мөнгө улсынх байсан гэдэг нь шүүхээр тогтоогдсон юм уу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газар УИХ-ын тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Засгийн газар хоёр сарын хугацаанд 49 хувийг эзэмшигч талтай хэлцэл хийсэн. Хэлцлийн үндсэн дээр асуудлаа Засгийн газарт оруулж танилцуулж байгаа. Засгийн газрын шийдвэр олонхид үндэслэж гардаг. Засгийн газрын гишүүний санал эсрэг байх шийдвэр яригддаггүй ээ гэдгийг хэлье.

-Харилцан суутгах замаар төлбөр төлөх асуудлыг “Монголын зэс” корпорацитай ярилцаж, тохиролцсон уу. Огт хэлэлцээр хийгээгүй гэсэн мэдээлэл байна?

-2017 онд байгуулагдсан ажлын хэсэг “Монголын зэс” корпорцитай дөрвөн удаагийн уулзалт хийсэн. УИХ-ын 23-р тогтоолын дагуу суутгал хийх саналтай байгаагаа хэлцсэн. “Монголын зэс” корпораци хүлээн зөвшөөрөхгүй зүйл бий. Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж байна.

-51 хувьтай холбоотой асуудал яаж шийдэгдэх вэ. Зээлийн барьцаанд тавьсан гэх асуудал одоо болтол эцэслэгдээгүй байгаа?

-Энэ асуудлыг Төрийн өмчийн хорооноос асуух хэрэгтэй.

-Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэрийг яах вэ?

-УИХ-ын 23-р тогтоол буруу байсан гэж ямар нэг шийдвэр гараагүй.

-ТУЗ-д өөрчлөлт орох, гэрчилгээг дахин гаргах, удирдлагыг нь өөрчлөх асуудал яригдах уу?

-Шийдвэр гарсан учраас холбогдох төрийн байгууллагууд хуулийн дагуу ажил үүргээ биелүүлээд явна.

-Ц.НЯМДОРЖ: ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ШИЙДВЭРҮҮД ХЭРЭГЖЭЭД ЯВНА-

-Улсын дээд шүүхээс Засгийн газрын шийдвэр буруу байсан гэдэг шийдвэр гаргасан.  “Эрдэнэт”-ийн 49, 51 талын төлөөлөл оролцсон ТУЗ хуралдаж, тодорхой шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газар өнөөдөр төрд авах шийдвэр гаргачихлаа. Төр, шүүхийн байгууллага нь хоёр өөр шийдвэр гаргаад байхаар Монголын төр өөрөө муухай харагдахгүй юу?

-УИХ-ын тогтоол гараад жил гаруй хугацаа өнгөрч байна. Өмнөх Засгийн газар харилцан суутгал хийх заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ огт аваагүй. Ийм байхад Оюуны өмч, улсын бүртгэлийн газар төрийн өмч гэж бүртгэсэн. Түүнтэй холбоотой гомдол гарч, шат шатандаа явсаар Улсын дээд шүүх дээр “Монголын зэс” корпораци дээр бүртгэх шийдвэр гарсан. Тэр бүртгэл шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарч байгаа шийдвэр бол Засгийн газар тооцоогоо хийж, улсаас авсан мөнгөн дүнтэй тэнцэж байгаа учраас харилцан суутгал хийж, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь улсын өмчид бүртгэх шийдвэр гаргасан. Өмнө нь ийм шийдвэр гараагүй байсан.

-“Монголын зэс” корпораци дахин шүүхэд хандах, Арбитрын шүүхэд хандаад Засгийн газар ялагдвал төлбөрийг нь татар төлөгчдийн мөнгөөр төлөх болно шүү дээ

-Гомдол гаргах эсэх нь тэдний асуудал. Одоо Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүд хэрэгжээд явна. Арбитрын шүүхэнд хандвал Засгийн газар өөрийнхөө шийдвэрийг зөв гэдэг нотлох баримтаа гаргаж өгнө. Ер нь бол “Эрдэнэт” үйлдвэрийн талаар гарсан 2016 оны зургадугаар сарын 13-ны тогтоол өөрөө хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын ажлын хэсэг тогтоосон.

-“Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд орсон. Цаашид ямар процесс өрнөх вэ. Иргэдэд хувьцаа хэлбэрээр олгон гэх яриа байсан?

-Стратегийн орд газруудын 10 хувийг хуулиараа олон нийтэд эзэмшүүлнэ гэсэн зарчимтай. Засгийн газар хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.

Г.Ганаа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.