Аргадах шивнээ нь хайрыг өгүүлнэ

Twitter Print
2017 оны 12-р сар 27-нд 16:56 цагт
Мэдээний зураг,

Бидний одоогийн амьдарч буй нийгэмд гарч буй далд хүчирхийллийг үгүй болгох, нийгмийн сэтгэлзүйг өөрчилж хууль журам, бодлогын бодит өөрчлөлт хийх, хүн хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн ажлын хүрээнд “Лантуун дохио” ТББ-ын санаачилсан НҮДЭЭ НЭЭ! Үндэсний хөдөлгөөнд зураач Х.Ариунзаяа нэгдлээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд тэрбээр тэрбээр хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өөрийн уран бүтээлээрээ дамжуулан хүмүүст хүргэхийг хүсч “НүдээНЭЭ! НүцгэнҮНЭН” үзэсгэлэнгээ "Corporate Hotel & Convention Centre"-т  толилууллаа.

Тэрбээр эдгээр зургуудынхаа тухай "Би 2016 оноос эхлэн нэг жилийн хугацаанд судалгаа хийж байж үзэсгэлэнгээ гаргасан. Гэр бүл салсан, нөхөр нь хуурсан, бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдтэй уулзаж, тэр бодит хүмүүсийг бүтээлүүддээ тусгасан.

Өөрөө зорьж очиж, нийгэмд ямар асуудал тулгамдаад байна, яагаад эмэгтэйчүүд өрх толгойлж амьдарч байна, гэр бүлийн хүчирхийлэл ямар хэмжээнд байна вэ гэдгийг судалсан. Тэдэнтэй уулзаж байхад өөрсдийгөө хүчирхийлэлд өртсөнөө хэлдэггүй. Дотроо хадгалаад байдаг юм билээ. Тиймээс би тэр хүмүүсийн дуу хоолой нь болж, уран бүтээлээрээ дотоод ертөнцийг нь гаргаж тавьж байна.

Хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй ярилцаад юу мэдэрч зовж байгааг нь  бүтээлдээ тусгаж, "Би хүчирхийлэлд өртөж байна. Надад туслаач" гэж хашхирч буйг уран зургаар гаргаж хүмүүст дамжуулахыг хүссэн.

Урлаг бол нийгмээс хол тасархай юм биш. Иймд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо уран зургаар илэрхийлэн гаргаж, урлагаар нийгэм рүү нэг алхам ойртохыг хүссэн" гэлээ.

Миний хашгираан - Чиний, миний дотор хэлэхийг, ойлгуулахыг хүссэн бухимдал үнэнг хайсан дуу хоолойг энэ зургаараа илэрхийлсэн. Дотроос буцалж байгаа үгнүүдээ хэрэв би чаддаг бол арьсаа урж, хавиргаа нэвтэлж өөрийн хэлэх гэсэн үгээ хэлэхийг хүссэн.

Нэг өдрийн нууц амраг -Н ууц амрагийн гол учир юу вэ? Гэр бүлээс гадуурх дотно харилцааг харуулсан зураг. Тохиолдлоор өөр хүнээс авсан таашаал амттай ч тухайн залуу нь гэр бүлтэй тул дахин уулзах боломжгүй. Тухайн агшин дахь мэдрэмжийг илэрхийлсэн зураг. Амраглалын цаана түүнээс гарах үр дагавар нь хүүхэд, гэр бүлийн уур амьсгал, өөрсдийн амьдралын хэв маягийг эвддэг зүйлийг харуулахыг хүссэн.

Энэхүү үзэсгэлэнг гаргасан уран бүтээлч Х.Ариунзаяагийн талаар урлаг судлаач Н.Эсү хэрхэн дүгнэн бичсэнийг та бүхэнд хүргэе. 

Тэд мэдэхгүй зүйлийнхээ тухай хэзээ ч өгүүлдэггүй. Харин өөрийгөө хамгийн их судлах тул зотон дээрээ өөрсдийнхөө тухай хүүрнэн өгүүлэх нь их. Үүгээрээ бүсгүй зураачдын ертөнц содон сонирхолтой. Харин урлаг нь илүү шударга, гэрэл гэгээтэй байдаг гэдэгт би итгэдэг

Жилийн өмнө залуу уран бүтээлч Х. Ариунзаяа “Passion” үзэсгэлэнгээрээ олны анхаарлын төвд орсон билээ. Тэр өөрийнхөө тухай бүхнийг уран бүтээлээрээ дэлгэж үзүүлсэн. Түүний хэвшмэл бус хүүрнэлийн арга барил, илэрхийлэлийн зоригтой, чөлөөт байдал уран бүтээлчид болон үзэгчдэд содон сонирхолтой санагдсан нь гарцаагүй. Аливаад шинийг эрэлхийлэх тэрээр өсөн хөгжсөөр байгаа уран бүтээлч юм.   

Түүнд зураач гэх мэргэжлийн диплом үгүй. Тиймээс тэр зураач биш. Тэрээр уран бүтээлч. Диплом өвөртлөсөн болгон уран бүтээлч үл болох. Харин бүтээхүйн онгодод дурласан хүн уран бүтээлч болох.

Түүний бүтээлүүд билэгдэлт дүр, адилтгал, зүйрлэлээр дүүрэн. Зүүд, зөн билгийн шинж чанартай, эрс тэс авч, ганцаардал уйсалаар дүүрэн байх нь их. Хурц тодоор “хашгирах” өнгө, өөр гарагийн мэт дүрүүдийн цаана зөөлөн аргадан шивнэх “шивнээ” сонсогдох нь ч бий. Тэрхүү шивнээг нь тогтон сонсох аваас эгэл бүсгүй хүний хайрын түүхийг хүүрнэн өгүүлэх. Хайр нь харин олон янз... Заримдаа эрийн араас тачаадах хайр, арга билэг шиг эвлэн нийлэх хайр, эхийн сүүгээ ширгэтэл энэлэх хайр, бусдыг уучлахын хайр, өөрийгөө хайрлах хайр, бусдаас өөр хайр... Нийгэмтэйгээ үл зохицох авч өөртэйгээ нийцэх хайр...

Харин энэ удаа тэрээр хайрын тухай шивнэх биш, хайраар “хашгирах”-аар шийджээ. Зураач Х.Ариунзаяагийн “НүдээНээ! Нүцгэн ҮНЭН!” үзэсгэлэн нь эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг хүчирхийлэлиийн эсрэг дуу хоолойгоо өргөж буй нэгэн төрлийн урлагийн тэмцэл болох нь ээ. Залуу зураач маань хайрын тухай өгүүлсэн цоо шинэ уран зураг, график бүтээлүүдээрээ үзэсгэлэнгээ чимэхээр шийджээ.

Төгсгөлийн оронд...

Хүчирхийлэлийг хэрхэн устгах вэ? Хайраар л устгана.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.