Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар буулгалаа

Twitter Print
2017 оны 12-р сар 22-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар буулгах шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэр дагуу мөнгөний бодлогын хүү 12 хувь байсан нь 11 хувь болж буурав. Өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байсан билээ.

Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүд өөрчлөлт орохоор хүлээгддэг. Монголбанкны бодлогын хүүний өөрчлөлт нь Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого аль чиглэлд /хатуурах, зөөлрөх/ өөрчлөгдөж буйг илтгэхийн сацуу банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг билээ.

Монголбанкны бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлого баримталдаг.

Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан алгуур нэмж, 2008 оны 9 дүгээр сард 10.25 хувьд хүргэж байв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.