Эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд цэргүүдийг дайчилна гэдгээ мэдэгдлээ

Twitter Print
2020 оны 06-р сар 02-нд 11:02 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Америк даяар үүсээд буй эмх замбараагүй байдал, бослого хөдөлгөөнийг зогсоож, хууль журмаа дагадаг америкчуудын эрхийг хамгаалахын тулд холбооны бүх нөөц бололцоог ашиглаж, иргэд болон армийг дайчилна хэмээн мэдэгджээ.

Тэрээр хууль зөрчсөн иргэдийг хууль эрх зүйн дагуу баривчилж, саатуулж, яллах болно хэмээн хатуу анхааруулсан байна. Ерөнхийлөгч Д. Трамп мужуудын удирдлагуудад нөхцөл байдлыг хяналтандаа авахын тулд Үндэсний Гвардийн албан хаагчдыг дайчлахыг зөвлөсөн аж. Одоогийн байдлаар нийслэл Вашингтонд үүссэн эмх замбараагүй байдлыг зохицуулж, хяналтандаа авахын тул Вашингтон хотын Үндэсний Гвардийн 1200 орчим албан хаагчдаас гадна АНУ-ын 5 мужаас ирсэн Үндэсний Гвардийн 800 орчим албан хаагчид тус тус ажиллаж байна.

Үндэсний Гвардийн албан хаагчид Вашингтон дахь хөшөө дурсгал, Цагаан ордон, иргэдийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, Колумбын тойргийн цагдаагийн албан хаагчид, хууль сахиулагчдад тусламж дэмжлэг үзүүлэх зорилготой болохыг албаны хүмүүс мэдээлжээ. Ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд хот болон мужуудын удирдлагууд арга хэмжээ авахаас татгалзвал Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын зэвсэгт хүчнийг дайчилна гэдгээ анхааруулжээ. Тэрээр эмх замбараагүй байдал, бослого хөдөлгөөнийг дарахын тулд АНУ-ын нутаг дэвсгэрт зэвсэгт хүчнийхнийг байршуулах тухай 1807 оны "Бослогын тухай" хуулийн хэрэгжүүлэх талаар ойрын хэдэн өдрүүдэд нэг бус удаа дурдсан билээ.

Unrest overshadows peaceful US protests for another night

Африк Америк гаралтай Жорж Флойд нэртэй иргэн Миннеаполисийн цагдаагийн албан хаагчдад баривчлуулах үедээ нас барсан хэрэг гарснаас хойш Америкийн хотуудад эмх замбараагүй байдал үүссэн юм. Иргэдийн бухимдлыг төрүүлж, нийгмийн сүлжээгээр тархсан бичлэг дээрээс цагдаа нар Жорж Флойдын гарт гав зүүснийхээ дараагаар газарт хэвтүүлж, цагдаагийн нэг албан хаагч түүний хүзүүн дээр өвдөглөж буйг харж болох ба Жорж Флойд амьсгалж чадахгүй байна хэмээн орилж буйг сонсч болох юм. Тэрээр удалгүй эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт амьсгал хураажээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Жорж Флойд амьсгал нь боогдсоний улмаас нас барсан болохыг тогтоосон байна. Уг үйл явдалтай холбоотойгоор Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөсөн цагдааг хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт буруутган баривчилж, цагдаагийн 4 албан хаагчийг ажлаас нь халжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.