Д.Ууганбаяр: Монголоор дүүрэн хуульч, эдийн засагч, гадаад хэлний мэргэжилтэн багтаж ядаж байх учиргүй

Twitter Print
2017 оны 12-р сар 20-нд 16:55 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед чанартай боловсрол эзэмшиж ирээдүйн амьдралаа амжилттай эхлүүлэхийг чармайх болсон ерөнхий боловсролын төгсөх ангийн хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн анхааралд өртөж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа сургалт судалгааны “Цөм” төвийн захирал Боловсролын доктронт Д.Ууганбаяртай уулзаж сургалтын төвийнх нь талаар болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн программд оруулахаар хөөцөлдөж байгаа шинэчлэлтийнх нь талаар ярилцлаа.

-Монголын ирээдүйг авч явах хүүхэд багачуудын боловсролын түвшинг дээшлүүлэх, бүх талын боловсролтой иргэн болгож төлөвшүүлэхэд өөрийн үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа сургалт судалгааны “Цөм” төвөө 13 жилийн өмнө байгуулах санаа хэрхэн төрсөн бэ. Тухайн үед өнөөдрийн хүрсэн амжилтаа төсөөлж байсан уу? 

-Манай сургалтын төв анх ТББ-ын хэлбэрээр байгуулагдаж байсан бол үйл ажиллагаа маань жигдэрч, өргөжихийн хэрээр сургалт судлагааны “Цөм” төв буюу ХХК болтлоо хүрээгээ тэлээд байна. Анх 2 багш 5 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 13 дугаар хороолол болон Саппорогийн үйлчилгээний төвд хоёр хичээлийн байртайгаар сургалт судалгааны үйл ажиллагаа явуулж байна. Анх энэ төвийг байгуулах болсон шалтгаан нь оюутан цагаасаа эгч дээрээ хичээл зааж, багшлах ажлын дөртэй болсноор өнөөдрийн ажлынхаа эх үүсвэрийг тавьсан юм. Мөн төвийнхөө нэрийг “Цөм” гэж өгсөн шалтгаан нь ерөнхий боловсролыг цөм хэлбэрээр хүүхдүүдэд олгох, бүх хичээлийг багцаар нь заадаг онцлогоо бодолцож өгсөн.

-Өөрөө хаана ямар сургууль төгссөн бэ?  

-Миний хувьд анх МУИС-ын физикийн ангийг Цөмийн технологич мэргэжлээр төгсөж байсан. Дараа математикийн багшаар үргэлжлүүлэн сурч төгссөн. Боловсролын магистр, одоо доктронтод сурч байгаа. Хамгийн гол нь Монголын ирээдүй болсон өнөөдрийн сурагч хүүхдүүдийг бүх талын цогц мэдлэгтэй, зөв үзэл бодолтой болгон төлөвшүүлэхээр ажиллаж байгаа багш нар өөрсдөө эхлээд боловсролоо тасралтгүй дээшлүүлж, хурдацтай хөгжиж байгаа шинжлэх ухаан техникийн дэвшил хөгжил бүрээс хоцрохгүй байх ёстой гэж боддог болохоор миний хувьд одоо ч гэсэн суралцсаар л явна.

-Танай сургалтын төвийнхөн Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролын чанарыг дээшлүүлэх, тэднийг ирээдүйн мэргэжлээ зөв сонгож эх орондоо болон өөртөө хэрэгтэй хүн болгон төлөвшүүлэхэд туслах үүднээс өнгөрсөн 10 дугаар сарын 21-нд төрийн ордонд “Мэргэжил бүхэн сайхан” нэртэй ахлах ангийн 800 хүүхдийн форумыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулсан. Форумаас ямар үр дүн гарав?

-Манай төвийн зүгээс өнгөрсөн 10 дугаар сарын 21-нд төрийн ордонд ерөнхий боловсролын төгсөх ангийн 800 хүүхдийн “Мэргэжил бүхэн сайхан, миний сонголт бидний ирээдүй” форумыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулсан. Форумын үйл ажиллагаа цагаа олсон, маш үр дүнтэй болсон гэдгийг ерөнхий боловсролын олон сургуулийн багш, нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд, хичээлийн эрхлэгч, захирлуудаас гадна их олон эцэг эхчүүд бидэнд хандаж илэрхийлсээр байгаа. Хамгийн гол нь эцэг эхчүүд, багш нарын зүгээс “Форумынхаа талаар ядаж 14 хоногийн өмнөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сайн сурталчлахгүй яасан юм бэ, дараа жил хэдийд зохион байгуулах вэ” гэж асуусаар байгаад бидний зүгээс томхон дүгнэлт хийж дараа жилийнхээ форумд одооноос бэлдэж байгаа. Дараа жилийн тухайд Монгол орны өнцөг булан бүрийн төлөөллүүдийг хамруулж, Монгол Улсын Ерөнхий сайд, бүр Ерөнхийлөгчийн ивээлд зохион байгуулах бодолтойгоор төлөвлөгөө графикаа гаргаад ажиллаж эхлээд байна.

Хамгийн гол нь энэ удаагийн форумд манай сурагчдын төдийлөн сонирхож элсдэггүй хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжлийн талаар ХААҮИС-ийн эрдэмтэн багш нар их сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлснээр эдгээр мэргэжлээр элсэлтийн шалгалтад бэлдэж эхэлсэн хүүхдийн тоо өсч байгааг эцэг эхчүүд болон багш, нийгмийн ажилтнууд бидэнд мэдэгдсээр байгаа нь манай форумын гол амжилт гэж дүгнэж байгаа. Монгол Улс мал аж ахуй, газар тариалангүйгээр хөгжил дэвшлийн тухай ярих боломжгүй учир энэ талын мэргэжилтэн хойшид улам их шаардлагатай болно. Үүнд л сурагчдын сонирхлыг бага ч болтугай чиглүүлж чадсандаа манай хамт олон тун урамтай, баяртай байна. Ер нь яаж ч бодсон Монголоор дүүрэн хуульч, эдийн засагч, гадаад хэлний мэргэжилтэн багтаж ядаж байх учиргүй шүү дээ. Тэгвэл хэн нь малаа эрүүлжүүлж, газраа арчилж, агрономич хийх болж байна. Энд нэг сонин баримт хэлэхэд манай төвийн 13 жилийн түүхээс харахад элсэлтийн шалгалтад бэлдсэн хүүхдүүдээс маань ердөө 6-хан хүүхэд л ХААҮИС-д элсэн орж хөдөө аж ахуйн мэргэжил эзэмшсэн байдаг. Энэ бол Монгол шиг мал аж ахуй, газар тариалангийн орны хувьд их эмгэнэлтэй, хүүхдүүдийн мэргэжил сонголт хэт нэг талыг барьсан өрөөсгөл хандлагатай болсны л тааруухан үр дүн юм. Хойшид энэ сэтгэлгээг арилгах, багасгахын төлөө “Цөм” төв үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх болно. Мэдээж шийдвэр гаргадаг, төр засгийн удирдлагад байгаа хүмүүстэй ч хамтарч ажиллах бодолтой байгаа.   

-Танай төв нэрнээсээ эхлээд л “Сургалт судалгааны Цөм төв” гэж байгаа. Сургалт судалгаанаас гадна нийгэм рүүгээ хандсан ямар ажлууд амжуулж ирэв дээ?

-“Цөм” сургалтын төвийн үндсэн зорилго бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын   хичээлийнх нь хоцрогдлыг арилгах, нөхөн сургахаас гадна нийгмийн хариуцлагын үүднээс жил бүр Батсүмбэр дэх “Ахмадын асрамж хөгжлийн Үндэсний төв”-д сурагчдынхаа хамт очиж бяцхан бэлэг гардуулах, урлагийн тоглолт үзүүлэх ажлыг хийж ирсэн. Үүнээс гадна “Япон орныг хэн сайн мэдэх вэ” сургалтын аяны хүрээнд Японы их дээд сургуульд хэрхэн элсэх талаар сургалт явуулахын зэрэгцээ тодорхой тооны хүүхдүүдийг Япон руу солилцооны журмаар гаргадаг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу жил бүр 1000-1500 хүн Солонгост гэрээгээр ажиллахаар явдаг бөгөөд тэр хүмүүст зориулсан Солонгос хэлний анхан шатны гарын авлагыг цаад газрынх нь зөвшөөрөлтэйгөөр хэвлэн гаргасаар ирлээ. Манай сургалтын төвийн гол зорилгын хувьд чанартай боловсролыг аль болох бага зардлаар хүртээмжтэй олгох үүднээс нэг айлын хоёр хүүхдийг нэг төлбөрөөр хичээллүүлдэгээрээ давуу талтай. 

-Өнөөдөр танай сургалтын төвийн элсэлтийн шалгалтад бэлтгэх анги хэдэн сурагчтай хичээллэж байгаа вэ. Ер нь өнгөрсөн жил төгссөн хүүхдүүд элсэлтийн шаглатад ямар үр дүн үзүүлж байсан бол?

-Элсэлтийн шалгалтад бэлдэх ангид маань өнөөдөр 48 сурагч хичээллэж байгаа. Мэдээж албан бус сургалтын хэлбэрээр явдаг болохоор үндсэн хичээлээ тараад боломжтой цагаараа хичээллэдэг онцлогтой. Өнгөрсөн жилийн 50 хүүхэд маань 98 хувийн амжилттай их дээд сургуульд элсэн суралцаж байгаа. Бидний зүгээс нийгэм болон байгалийн ухааны хичээлийг түлхүү заадаг. Хими, биологи, физик, математикийн гээд багшлах боловсон хүчний хувьд маш сайн гэж хэлж болно. Манай ихэнх багш энэ төвдөө доод тал нь 5 жил ажиллаж байгаа туршлагатай багш нар байгаа.

-Төрийн ордонд зохион байгуулсан форумаас хойш танай төвийг зорих сурагчдын тоо өсч, эцэг эхчүүдийн хандлага ч сайн байгаа талаар танай нэг багшаас сонссон. Ингэхэд танай төвийн сургалтын төлбөр хэд байдаг юм бэ?   

-Би дээр цухас дурдсан. Бидний зорилго бол аль болох хүртээмжтэй хэлбэрээр бага зардлаар сургахыг чухалчилдаг. Бидний зүгээс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа хүүхдүүдийг аль болохоор хичээлийн нэг жилд бэлдэхийг боддог. Энд нь багцаараа 4-5 хичээл хамрагдана гэсэн үг юм. Энэ сургалтын төлбөр нь 950 мянган төгрөг байгаа. Харин дунд бага хүүхдүүдийн тухайд 2 хичээлийн хоцрогдлыг 120 мянган төгрөг, 4 хичээлийг нэг төлбөрөөр буюу 150 мянган төгрөгөөр нөхөн сурах боломжтой. Хамгийн гол нь бидний зүгээс тухайн хүүхдэд аль ч үед цагийн хязгаар тавьдаггүй. Боломжтой цагаараа л суралцах эрхийг нь олгож өгдөг.

-За танд баярлалаа. Танай хамт олонд улам их амжилт хүсье?

-Бидний ажил үйлсийг уншигчдад хүргэж байгаа “Mongolcom.mn" сайтын хамт олонд ч ажлын их амжилт хүсье. Эцэст нь хэлэхэд манай сургалт судалгааны “Цөм” төвөөс ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Мэргэжил сонголт” нэртэй шинэ хичээлийг багтаан оруулуулахын төлөө холбогдох байгууллага, эрх мэдэлтнүүдтэй уулзаж эхлээд байгаа. Мэдээж энэ бол их том зорилго. Монголын ирээдүйг авч явах хүүхдүүдээ багаас нь суурьтай боловсрол олгохын төлөөх бидний хүсэл тэмүүлэл гэж ойлгож болно. Энэ ажлыг маань УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч судлан үзэж дэмжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа юм. Энэ том зорилгын маань талаар анх түрүүнд олон нийтэд сурталчилж байгаа танд их баярлалаа.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.