Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүдийн буруутай үйлдлийг хаацайлсан заалтыг хүчингүй болголоо

Twitter Print
2017 оны 12-р сар 20-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Улсын их хурлын гишүүний халдашгүй байдалд өөрчлөлт оруулах талаарх асуудлаар Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан. Учир нь Олон улсад парламентын гишүүд иргэдээс сонгогдсон гэдэг утгаараа халдашгүй байдлыг эдэлдэг ч манай хуульд тогтоож өгсөн халдашгүй байдлын хэмжээ нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж тэд үзэж байгаагаа тайлбарласан юм.

Тухайлбал Үндсэн хуулийн 29.3-р зүйлд “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудлын шийдвэрлэнэ. Хэрэв шүүхэс тухайн гишүүнийг гэм буруутайг тогтоох юм бол эргүүлэн татна” гэсэн заалтыг 1992 онд оруулж өгсөн. Харин 2006 оны УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай хуульд “Нэгдүгээрт: Тухайн гишүүн гэмт хэрэг үйлдэх явцдаа эд мөрийн бармттайгаа баригдсан тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ. Хоёрдугаарт: Эрх бүхий байгууллагаас тухайн гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд Улсын Ерөнхий прокурорын саналыг үндэслэн УИХ бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ” хэмээн хуульд заасан. Гэтэл энэ заалтыг 2010 онд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулан “Эрх бүхий байгуулагаас гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлж болно” гэсэн заалтыг нь авчихсан. Тэгэхээр “Тухайн гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэх явцдаа буюу эд мөрийн баримттайгаа баригдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Үүнээс бусад тохиолдолд УИХ-ын гишүүнийг албадан саатуулж, цагдан хорьж, шүүхийн шийдвэрээр захиргааны шийтгэл оногдуулж болохгүй, албан өрөө, автомашин, биед нь үзлэг нэгжлэг хийж болохгүй” гэсэн заалт үлдсэн. Үйлдэл дээрээ баригддаг гэмт хэрэг цөөхөн байдаг. Ихэвчлэн далд хэлбэрээр явагддаг. Тэгэхээр тухайн гишүүнд тодорхой сэжиг байсан ч гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаануудыг хийж болохгүй болчихоод байна гэсэн билээ.

Харин өнөөдөр Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотойгоор “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх” маргааны асуудлыг  хэлэлцлээ. Ингэхдээ уг заалтыг өмнө нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосныг дахин агуулгыг нь өөрчлөн сэргээсэн тул түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлтийг гомдол гаргагчийн талаас нэхэмжлэлээ өөрчлөн тавьсан юм.

Ингээд дээрх гурван иргэний гаргасан холбогдох гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан хуралдаж шийдвэрээ танилцууллаа.

Үүнд “Үндсэн хуулийн Цэцийн зүгээс Үндсэн хуульд заасан 6.9.1 дэхь заалт буюу “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалт нь өмнөх тус хуулийн хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзсэнийг хэлэлцлээ. Тиймээс уг хуулийн “нотлох баримттайгаар баригдсан” гэх заалтыг хүчингүй болгосугай. Энэхүү тогтоол гаргмагц хүчин төгөлдөр болохыг дурьдсугай” гэв.

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар ийнхүү УИХ-ын гишүүдийн буруутай үйлдлийг хаацайлсан заалтыг хүчингүй болголоо. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.