Буян гэдэг арилжаа наймаа биш

Twitter Print
2017 оны 12-р сар 13-нд 21:23 цагт
Мэдээний зураг,

Буяны санд хандив өргөхдөө "Өргөж буй өргөл маань түм бумаар үржээд эргээд надад буян болж ирээрэй" гэсэн итгэлээр өргөж буй бол тэр буян мөн үү. Би л хувьд "биш" гэж хэлнэ ээ. Буяныг ямар ч хариу харам, тооцоо үгүйгээр зөвхөн буяны л тулд үйлддэг баймаар. Буян гэдэг наймаа, арилжаа биш баймаар. Ядахдаа сүм хийдүүд маань сүсэгтэн олондоо тийм итгэл ойлголтыг номлодог болоосой. Бусдыгаа эгээрсэн, энэрсэн өчүүхэн ч болов гэрлийг сэтгэлийнх нь гүнд асааж өгөөсэй. Тэгэж байж л жинхнээсээ буян арвижих болов уу гэж мунхаглана. Бүү мэд дээ. Сүм хийдэд, лам хуврагад залбирах, уул овоонд өргөл өргөхдөө хүртэл "Миний болоод манай гэр бүл сайн сайхан байг. Олз омог минь арвин болог" гэсэн агуулгатай залбирч ерөөдгийг би л ойлгодоггүй. Уг нь "Хотлоороо амгалан байг, газар дэлхий минь дэлгэрч байг" л гэж залбирдаг баймаар. Буян гэдэг нь "бусад" гэдгээс ангид байх боломжгүй юм. 

Өчигдөр Зулын 25 буюу буян үйлдвээс түм бумаар арвиждаг билгэ ерөөлтэй сайхан өдөр болж өнгөрлөө. Харин энэ өдрөөр Монгол даяар хурал ном хурж л буян хийх шив. Ер нь дандаа л ингэдэг. Мэдээж хэрэг, ном хурах нь сэтгэлийг амирлуулж, буяныг ихэд арвитгадаг буй за. Гэхдээ зөвхөн энэ төдийгөөр хязгаарлагддаг нь нэн харамсалтай. Орой ТВ мэдээгээр орон гэргүй нэгэнд гэр өгсөн, түлшгүй хөгшинд түлээг нь дөхүүлж өгсөн, өвчинд ээрэгдчихээд мөнгөгүйдэг яах ч аргагүй гаслан суугаа нэгэнд хандив өргөсөн гэх мэт мэдээлэл ер сонсогдсонгүй. 

Говьд заг, тоорой, арц тарьж буй нэг хөгшиний тухай, бас архинд гүн орсон хүмүүсийг авч, тусалдаг иргэн Энхбаярийн "Гэртээ харих замд" ТББ хоёрын тухай л мэдээ үзэгдлээ. "Гэртээ харих замд" ТББ-д хөрөнгө санхүү дутдагаас байшингаа халааж дийлэхгүй, гэхдээ итгэл сэтгэлд нь гал байгаа хэдэн хүмүүс даарсан ч даараагүй мэт бөөгнөөд суучихсан харагдав. Өөрөөр үзэгдэж харагдах бодитой буян хийсэн юм мэдэгдсэнгүй ээ. 

Бухимдал, харанхуйлал ихтэй цаг үедээ нийгэмд, хүмүүст өчүүхэн ч болов гэрэл гэгээ нэмсэн бодит үйл хэрэг хийдэг болоосой. Ялангуяа манай Бурхны шашны инститүтээс... Цаана чинь Христийнхэн үзэгдэж харагдах бодитой өч төчнөөн буян үйлдэж, сайн үйлийн аян хийгээд, орон зайгаа тэлээд байна.

Манай Бурхны шашныхан маань харин ном гүрэм, засал хийсээр л суух. Эсвэл сууж л байг уу?

Б.Наминчимэд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (220.248.62.10) 2017-12-13 23:29
      • 0
      • 0

      Үнэхээр зөв асуудлыг хөндсөн байна. Католик болон Христийн сүм хандивын мөнгөө орон гэргүй, ядуу буурай хүмүүсийг хооллож, хувцаслахаас эхлээд өч төчнөөн буяны үйлст зарцуулдаг. Харин Монголын гандан, хийдүүд нь олсон мөнгөө яадгийн ёстой бүү мэд. Ядаж асрамжийн газарт нэг удаа өгч болноо доо. Ламаа цалинжуулдаг гэнэ. Лам гэдэг чинь цалинтай ажил юмуу?Тэр битгий хол цагаан сар хавсай хийж мөнгө олдог газар шүү дээ. Арай дэндүү. Дээрээс нь монголчууд амиа хичээсэн балиар ард түмэн болохоор өөрсдийнхөө гэр бүл үр хүүхдийг л бодож элдэв хангай ном уншуулах гэж мөнгө зарахаас биш хэзээ ч бусдын төлөө буян хийж, хандив өгдөггүй. Ийм улс удахгүй мөхнө.

      Хариулах