“Монгол улсын ардын зураачид” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Twitter Print
2017 оны 12-р сар 12-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Энэ онд Урчуудын эвлэлийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Монгол улсын Ардын зураачид” үзэсгэлэн энэ сарын 13-ны өдөр Урчуудын эвлэлийн “Бест арт” галерейд гарах юм. Уг үзэсгэлэнг Монгол улсын гавъяат багш, доктор, зураач, сийлбэрч Нямын Бавуужав зохион байгуулж байгаа юм.

Манай улс 15 ардын зураачтай. Эдгээрээс Ням-Осорын Чүлтэм Хөдөлмөрийн баатар цол, Төрийн шагнал хүртсэн байдаг байна. Анхны ардын зураач цолыг 1965 онд Үржингийн Ядамсүрэн, Очирын Цэвэгжав нар хүртэж байжээ. Монгол улсын гавъяат багш, доктор Нямын Бавуужав эдүгээгээс хоёр жилийн өмнө Монгол улсын ардын зураач цол хүртсэн 15 алдартнуудыг хойч үедээ таниулах, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор өөрсдийнх нь нэрийн хуудас болсон сор бүтээлийг зохиомжлон хөрөг зураг туурьвих ажлаа эхлүүлсэн байна. Тодруулбал Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ардын зураач Ням-Осорын Чүлтэмийн хөргийг алдарт “Талын айл” бүтээлтэй нь зохиомжлон зуржээ. Мөн Очирын Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Үржингийн Ядамсүрэнгийн “Нөхөрлөл”, Намхайцэрэнгийн “Худаг дээр”, Нямын Жамбаагийн “Эмнэг сургагч” гэх зэргээр 15 ардын зураачийн хөргийг бүтээсэн байна.

Дүрслэх урлагийн бүтээлийн салшгүй нэг хэсэг нь сийлбэр. Гавъяат багш Бавуудорж хүрлийн үеийн хадны сүг зурагнаас санаа авч сийлбэр хийх болсон нь өнөөдөр уран бүтээлчид төдийгүй олон нийтийн анхаарлыг татах болжээ. Ирэх лхагва гаригт гаргах монгол улсын ардын зураачид үзэсгэлэндээ өөрийн ур ухаан шингэсэн сийлбэрийн бүтээлийг дээжлэн гаргах юм байна.

Зуны халуун өдрүүдийн зэрэглээг буулгах нь амаргүй. Тэгвэл Зураач, сийлбэрч Н.Бавуудорж өөрийн сэтгэмжээр “Зэрэглээ” нэртэй сийлбэр урлажээ. Мөн “Хийморийн морь” гэх хүрлийн үеийн хадны сүг зураг дээрээс санаа авсан буга, хангарьд зэрэг олон төрлийн амьтны сийлбэр энэхүү үзэсгэлэнд тавигдах гэнэ. Дүрслэх урлаг сонирхдог хүн бүрийг “Монгол улсын ардын зураачид” үзэсгэлэнд урьж байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.