Н.Расторгуев: Монголчууд биднийг гайхшруулж чадлаа

Twitter Print
2017 оны 12-р сар 10-нд 16:51 цагт
Мэдээний зураг,

Энэ үгийг Буянт-Ухаа спорт цогцолборт хоёр үдшийн тоглолтоо пиг дүүрэн үзэгч, фенүүддээ өргөн барьсан ОХУ-ын алдарт фолк рок хамтлаг “Любэ”-гийн ахлагч ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн Думын гишүүн Николай Расторгуев тэдний тоглолтыг зохион байгуулсан “Орос дуу хөгжим” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхдалайд хандан хэлсэн юм. Тоглолтын эхний өдөр буюу баасан гарагийн орой замын түгжрэлд мунгинасаар цагаасаа хоцорсон би бямба гарагийн орой гэрээсээ эртлэн гарсны хүчинд 18:30 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт очиход 20:00 цагаас эхлэх тоглолтыг сонирхохоор ирсэн хүмүүс олноороо цугласан байлаа. Удалгүй 19:00 цаг болоход Буянт-Ухаа цогцолборын буфет, цайны газрууд нээгдэж хүйтэнд даарч хөрсөн хүмүүст халуун хоол цайгаар үйлчилж эхэлсэн нь тун таатай байсныг дурдах ёстой. Тоглолтыг үзэхээр цуглах хүмүүсийн дунд “Ийм олон оросууд Улаанбаатарын хаана нь амьдардаг юм бол” гэмээр хойд хөршийн иргэд инээж хөхрөлдөн уулзалдаж байгааг хараад “Дуу хөгжим гэдэг яах аргагүй хил хязгааргүй, дэлхийн бөмбөрцгийн ард түмэн бүхнийг эвлэлдэн нэгтгэх, урин дуудах гайхалтай хүчтэй юм даа” гэж бодогдож байлаа. Тоглолтыг сонирхохоор оросуудаас гадна Улаанбаатарт амьдардаг Солонгос, хятад, Европын холбооны улсуудын иргэд ч ирсэн бололтой англи, солонгос, хятадаар ярьцгаах нь сонсогдож байлаа. Үнэхээр Любэ яах аргагүй ОХУ-даа төдийгүй Ази, Европт нэрд гарсан хамтлаг гэдэг нь энүүхнээс л мэдрэгдэж байсан юм.

Багахан даарсан бид буфетнээс халуун кофе бэлэн зууштай авч идэцгээгээд танхимд ороход БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 134 сая юанийн хөрөнгө оруулалтаар баригдаж 2010 оны 12 дугаар сарын 2-нд Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн Монголд анхны дэлхий, тивийн хэмжээний спортын уралдаан тэмцээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулах нөхцөл, бололцоогоор хангагдсан энэхүү ордны 5400 суудлын ихэнх нь үзэгчээр дүүрсэн байсан юм. 

Үзэгчид уван цуван цугларсаар 19:40 цаг болоход суудал бараг л битүүрч Любэгийн үнэнч фенүүд тэсгэлгүй алга ташин тоглолтоо эхлүүлэхийг боловсон маягаар шаардаж эхэлсэн. Миний хувьд өнгөрсөн 11 дүгээр сарын эхээр “Орос дуу хөгжим” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхдалайгийн “Любэг тоглуулчихаад маргааш нь бүтэн өдөржин унтана” гарчигтай ярилцлагыг сонин, сайтад гаргаж байсанд талархсан М.Энхдалай захирлын бэлэглэсэн 300 мянган төгрөгийн үнэтэй, тоглолтын тайзанд хамгийн ойр “ВИП” суудалд тухалсных хамтлагийн гишүүд алган дээр тавьсан мэт л ойрхон байсан юм. Тоглолт эхлэхээс өмнө хамгийн үнэтэй тусгай суудалд тухалсан эрхмүүдийг ажиглавал нэгэн цагт МАХН-ын дарга Н.Энхбаяртай ихэд шадарлаж түүнээсээ ч улбаалан хэрэг төвөгт орооцолдож явсан “Тэнгри холдинг” группийн захирал Х.Анхбаяр, тоглолтын ивээн тэтгэгчдийн нэг “Таван богд” группийн эзэн Ц.Баатарсайхан, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү нар гэргий нартайгаа тухалсан бол АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нэгэн топ модельтой сугадалцан ирсэн нь хүмүүсийн сонирхлыг татаад авна лээ. Ингэж байтал 20:05 цаг болоход ОХУ-ын Ардын жүжигчин Н.Расторгуев түрүүлсээр алдарт Любэ хамтлагийнхан тайзнаа цог золбоотой гарч ирцгээсэн юм. Сонирхолтой нь Монголын хамтлаг дуучдын тоглолтын өмнө уламжлал болж, үзэгчдийг хөөрхөн чилээдэг нээлтийн нуршуу үггүйгээр шууд л “Дорога” дуугаа дуулснаар тоглолт эхэлсэн.

Ер нь Любэ хамтлагийн арын гурван дуучнаас бусад нь бүгдээрээ 50 гарсан, нас тогтсон эрчүүд учир тэдний тоглолт бүр илүү дутуу маяггүй, элдэв нуршуу үггүй байдаг нь энэ удаа ч Буянт-Ухаа цогцолборт давтагдав. ОХУ-ын Ардын жүжигчин Н.Расторгуевын хувьд залуугаасаа л олон үггүй, цэрэг армийн хүмүүжилтэй нэгэн гэдгээ энэ орой ч нотлон харуулж тун цөөхөн, бага зэргийн хошин үгээр Монголын фенүүдтэйгээ харилцаж байлаа. Танхимыг дүүргэсэн үзэгчдийн дунд гэр бүлээрээ хүрэлцэн ирсэн оросууд олон байсан бөгөөд бага зэргийн халаалттай зарим эрчүүд дуртай дуугаа захиалан хашхиралдах үед Н.Расторгуев тэр дор нь хошин үгээр хариу барьж байв.

Тоглолтын нэгдүгээр үед олон жилийн аялан тоглолтын хашир туршлагатай хамтлагийнхан Монголчуудын төдийлөн сайн мэддэггүй дуунуудаа дуулсан нь тоглолтын төгсгөлд хит дуунуудаа дуулж, Монголын үнэнч фенүүдийнхээ сэтгэл хөдлөлийг дээд зэрэгт нь хүргэх гэсэн тэдний тактик байсан нь тодорхой. Тоглолтын нэгдүгээр үед Любэгийнхэн 12 дуу дуулсны олонхи нь Монголын фенүүдийнх нь төдийлөн сайн мэддэггүй дуу байсан ч “Батька Махно”, “Ребята с нашего двора” зэрэг гайхалтай дуугаа ч дуулж сонирхуулахад үзэгчдийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч байсан юм. Хамтлагийн ахлагч Н.Расторгуев “Тоглолт 15 минут завсарлаж байна. Та бүхэн халуун цай кофе ууцгааж хэсэг саатаад дахин уулзахыг урьж байна” хэмээн завсарлагааг зарлахад үзэгчид суудлаасаа босох дургүйхэн сууцгаасаар байсан юм. Тоглолт эхлэхэд бага зэрэг сэрүүхэн байсан заал удалгүй олон хүний уур амьсгалд бүлээцэж, гадуур хувцастайгаа хаширлан тухалсан үзэгчид хувцасаа нимгэлцгээж цай кофе, бэлэн зууш идэцгээхээр гадагш гарцгаав. Харин 300 мянган төгрөгийн үнэтэй тусгай суудалд тухалсан үзэгчид тоглолтын өмнө улаан болон оргилуун дарс шимж, амттай бэлэн зуушаар үйлчлүүлсэн тул ихэнх нь сандалдаа тухалцгааж харагдсан.

Удалгүй тоглолтын хоёрдугаар үе шууд л алдарт “Давай за” дуугаар эхлэхэд танхимын уур амьсгал буцлах мэт болж Любэгийн Монгол фенүүд танхим цуурайттал даган дуулж хамтлагийн гишүүд ч тун сэтгэл өндөр байгаа бололтой арын гурван найрал дуучны хамгийн залуу нь болох нарийн хоолойтой залуу дээр дээр үсэрч тун ч хөгжилтэй байсан. Ер нь хамтлагийн гишүүдээс хамгийн хөгжилтэй нь тэр залуу юм шиг санагдсан. Байсхийгээд л Монгол фенүүдээ уриалан дуудаж хоёр гараа дээр өргөн алга таших тэр залуугийн хүчин зүтгэлээр тоглолтын заал үнэхээр доргионтой, тоглолт тэр чигээрээ халуун дулаан уур амьсгалтай болсон юм. Танхимын зүүн талаас жаахан халамцуу бололтой Орос залуус “Атас, атас” хэмээн хашхиралдсаар алдарт дууг нь дуулуулахыг заал даган дуулж нэгэн цул болж байлаа. Хошин яриатай Н.Расторгуев “Комбат, комбат” хэмээн хашхиралдах фенүүдийнхээ хүсэлтийн хариуд “Бид Комбат дуугаа хоёр удаа дуулчихья. Тэгээд та бүхэн чөлөөтэй болж болно” хэмээн наргихад фенүүд нь “Нельзя, нельзя” хэмээн хариуг нь барьж дуртай хамтлагийнхаа алдартай дуунуудыг бүгдийг нь сонсохыг хүсч байгаагаа илэрхийлцгээсээр байсан юм. Фенүүдийнхээ хүсэлтийг дор нь ойлгосон Любэгийнхэн энэ орой “Комбат”, “Не валяй дурака Америка”, “Конь”, “Ты неси меня река”, “Позови меня тихо по имени”, “Там за туманами” гээд бүх хит дуугаа дуулж танхимыг тэр аяар нь доргиосон юм. Цахим ертөнц дэлхийг бүрхсэн энэ цаг үед Любэг мэдэхгүй, сонсоогүй Монгол хүн байхгүй шахуу болж, үнэнч хөгжөөн дэмжигчдийнх нь бүхэл бүтэн арми үүссэн нь энэ оройн тоглолтоос тодорхой харагдсан юм. Эргэн тойрныхоо үзэгчдийг харвал залуухан хосоос эхлээд эмээ өвөөгөө даган ирсэн сургуулийн сурагчид, бүр цэцэрлэгийн хүүхдүүд ч тун олон байсан. Ялангуяа нас тогтсон эмэгтэйчүүд олон байсан нь сонирхол татаж байсан юм.

Манай үзэгчид, Любэгийн хөгжөөн дэмжигчид дуртай хамтлагийнхаа тоглолтыг үнэхээр таашаалтай сонирхон сонсож, “Там за туманами” зэрэг цэрэг эрсийн мөнхийн дурсгалыг хүндэтгэсэн дуунууд явахад гар утасныхаа гэрлийг асаан суудлаасаа босон хүндэтгэл илэрхийлж байсан нь хамтлагийн гишүүдэд тун их таалагдаж байгаа нь мэдрэгдэж байна лээ. Ингээд 20:05 цагт эхэлсэн ОХУ-ын алдарт Любэ хамтлагийн хаалтын тоглолт яг хоёр цаг үргэлжлээд 22:10 цагт өндөрлөсөн юм. Тоглолтын төгсгөлд ОХУ-ын Ардын жүжигчин Н.Расторгуев заалнаас хашхиралдах “Березы, березы”-гын хариуд “Та бүхний хүсэлтийг ойлгож байгаа ч энэ удаа яах аргагүй фонограмм тавьж Березы дуугаа даган дуулахаас өөр аргагүй байгаад хүлцэл өчье. Та бүхэн даган дуулаарай” хэмээхэд тэртэй тэргүй Березыг л хүлээж байсан заал дүүрэн фенүүд нь цуурай хадаан түрсээр тоглолтыг дуусгасан юм.

Харин хоёрдугаар үеийн дундуур Н.Расторгуев “Хуучин социалист нийгмийн үед ихэд алдаршиж байсан ч сүүлийн 20 гаруй жил дуулаагүй “Ша” дуугаа дуулья” гэсээр бараг л мартагдах шахсан дуугаа дуулж сонирхуулсан нь фенүүдийг нь сандал дээр нь бүжиглүүлж байлаа. Яг хоёр цаг үргэлжилсэн тоглолтын төгсгөлд хамтлагийн ахлагч ОХУ-ын Ардын жүжигчин Н.Расторгуев Монгол фенүүддээ хандан товчхон талархлын үг хэлж ганц хоёрхон азтай үзэгчдэд гарын үсгээ өгч, зургаа хамт авхуулснаар үзэгчээр заал дүүргэж, халуун алга ташилт, шүгэл уухайн дуун дунд өнгөрүүлсэн гайхалтай тоглолт өндөрлөсөн юм. 

Сэтгэл нь хөдөлж, нүүр дүүрэн мишээл тодруулсан үзэгчид танхимыг дургүйхэн орхисоор гадаа гарцгаахад өвлийн часхийсэн хүйтэн агаар нөмрөн авсан ч Буянт-Ухаагийн спорт цогцолборын гадаа завсар зайгүй эгнүүлсэн машинуудаа асаан хөгжил баясалтайгаар зүг зүг таран одоцгоосон юм. Ийнхүү 1989 оны нэгдүгээр сарын 14-нд ОХУ-ын Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Игорь Матвиенко үүсгэн байгуулж  тэр цагаас хойш ахлагч, гоцлол дуучнаар нь 2007 онд ОХУ-ын Ардын жүжигчин хэмээх эрхэм шагналаар энгэрээ мялаасан Николай Расторгуев ажиллаж байгаа Любэ хамтлагийн анх удаа Монголын фенүүддээ өргөн барьсан хоёр өдрийн тоглолт гайхалтай сайхан болж өндөрлөсөн юм. Алдарт Любэ хамтлагийн хувьд өнгөрсөн хугацаанд 16 цомог гаргаж, 15 клип хийсний  ихэнхи нь цэрэг эх орны сэдэвтэй, байлдаантай кинонуудын дууг дуулсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэдний уран бүтээлийг өндөр үнэлж “Би ч бас Любэгийн нэгэн үнэнч сонсогч. Оросын залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд Любэгийн гүйцэтгэж байгаа үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд өндөр үнэлдэг” хэмээсэн нь тэд эх орондоо ямархуу нэр хүндтэйн нотолгоо юм. Тэгээд ч ОХУ-ын рок попын олон уран бүтээлчдээс амьд ахуйдаа ганцаархнаа хөшөөгөө босгуулсан Н.Расторгуевын ахалсан Любэ хамтлагийн Монголын фенүүддээ барьсан хоёр үдшийн айчлан тоглолт нь хахир өвлийн жаврыг хайлуулсан жинхэнэ халуун дулаан бэлэг болсон юм. Алдарт Любэгийн гаргасан энэхүү жим мөрөөр ОХУ-ын олон алдартай хамтлаг дуучид Монголын фенүүдтэйгээ учран золгож, хил хягааргүй дуу хөгжмийн гайхамшигийг мэдрүүлэх цаг ойрхон биз ээ. 

                

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (203.91.115.39) 2017-12-11 10:50
      • 0
      • 0

      Khoyor udaa uzsen.Toglolt saikhan boslon.Yarikh yumgui.Tanai khamt olond mun togloltiig zokhion baiguulsan Enkhdalai terguutei nukhdud bayarlaan talarkhsanaa ilerkhiilie.

      Хариулах

    • зочин

      (124.158.93.130) 2017-12-11 08:27
      • 0
      • 0

      үнэхээр сайхан амьд тоглолт, хөгжмийн ур чадвар ямар мундаг байсан гээч, сайхаан тоглолт зохион байгуулсанд баярлалаа, харин ОО их муухай, цөөхөн нь ажиллаж, үнэхээр хэцүү байлаа

      Хариулах

    • уншигч

      (150.129.142.154) 2017-12-11 07:48
      • 0
      • 0

      Тоглолт үнэхээр сайхан болсон, ярих юм байхгүй.би эхний өдөр үзсэн л дээ. Гэхдээ 2 дахь өдрийн тоглолтыг дахин үзсэн юм шиг л мэдрэмж төрлөө. Энэ сэтгүүлч үйл явлын гүнд нь орж жинхэнэ амьд сурвалжлага, нийтлэл бичих юм. Сэтгүүлч хүн хамгийн гол нь ийм л чадварыг эзэмших ёстой санагддаг. Харин зарим сэтгүүлчид үү ээ мөн ч хэцүү юмнууд бичсэн байдаг. Танай хамт олонд улам их амжилт хзсье.

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.130) 2017-12-11 00:51
      • 0
      • 1

      2 өдрийн тоглолтоо ялгаварласанд гомдолтой бн. 8 ны өдөр гуйгаад байхад. Комбат. Берёзыгоо дуулаагүй.Адилхан л мөнгөө төлж орсон.

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.130) 2017-12-11 00:53
      • 0
      • 1

      Бас 19:00 д биш 20:00 цагт тглолт эхэлсэн. Оруулахгүй үүдэнд бөөн юм болнж байж 19:40 д орсоншдээ.

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.105) 2017-12-11 03:26
      • 0
      • 0

      Эхний өдөр 6 цагт оруулсан шүү.

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.136) 2017-12-10 23:40
      • 0
      • 3

      Ойрын хэдэн жил үзээгүй сайхан концерт үзсэн. Зохион байгуулалт сайэ байсанд илүү их баярласан даа. Цирк, Бөхийн өргөө зэрэг аймшгийн газруудад юм үзэх гэж амьтан болтол шахалдсаар маш их хаширсан. Цагийн өмнө хаалгаа дэлгээд оруулсан. Бас хаяандаа 00-той байна гэдэг ямар сайхан байв аа. Илүү дутуу үггүй цэвэр концерт. Манаыхан шиг хоёртгараа өргөөд алгаа таш маш байхгүй шүү дээ. Суралцмаар юм.

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.160) 2017-12-11 07:46
      • 0
      • 0

      Boljdee. Amraltiin odroo saihn ongruuljee. Bs gadnii humuus oorsdiigoo yamar ih fenteig harjdee. Manaihiig ih goldg gsen bizdee

      Хариулах