Эртний монгол цаглабарын ёс - “Мичдийн улирлын тоолол”

Twitter Print
2018 оны 02-р сар 10-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Цагаан сар буюу их ёсны үүсэл гарлыг ардын аман мэдлэг, түүхийн тулгар бичиг, эрдэмтэн мэргэдийн шинжилгээний ном зохиолоос эрж хайхад олон шинэ сонин иш баримтыг олж тогтоож болохоор байна. Энэ нь монголчуудын цаг цаглабарын тухай эртний үзэл бодол, тэр нь аж ахуйн хэвшилтэйгээ хэрхэн уялдан холбогдож ирсэнтэй эн тэргүүнээ хамаатай ажээ. Бидний үзэж шинжилсэн ёсоор бол монгол угсаатны өвөг дээдсийн ангуучин гөрөөчин үеэсээ анхлан баримталж ирсэн цаг цаглабарын ёс бол “мичдийн улирлын тоолол” юм.

Өдгөө хүртэл ард олны дунд ам дамжин хэлэлцдэг эл аман мэдлэгийн уламжлал нь чухам л тэнгэрийн утга, газрын товчоонд нэвтэрсэн нүүдэлчин монгол түмний өөрсдийнх нь бүтээл мөн хэмээн санагддаг болой. Үүний хамгийн дөхөм нэгэн гэрч нь “өдөр сарыг алдвал сар мичдийн тохиолгоор ол” гэдэг мэргэн үг юм.

Мичид эрхсийн саран эрхэстэй шадарлан тохиох үзэгдлээс эх үүтгэлтэй энэхүү цаглабарын ёсонд намрын эхэн сарын 21-нээ сар мичдийн анхны тохиолго болж, намрын дунд сарын 19-нөө, намрын адаг сарын 17-ноо, өвлийн эхэн сарын 15-наа, өвлийн дунд сарын 13-наа , өвлийн адаг сарын сарын 11-нээ, хаврын эхэн сарын 9-нөө, хаврын дунд сарын 7-ноо, хаврын адаг сарын 5-наа гэхчлэн дэс дараалан сар бүр хоёр хоёр тоогоор буурч тохиосоор зуны эхэн сарын шинийн гурванаа сүүлийн удаа тохиогоод “мичид жилийнэ” гэгч болох буюу эл одон эрхэс тэнгэрт зун үзэгдэхээ больдог байна.

Нүүдэлчин монголчууд сар мичдийн эл тохиолгоор тэнгэр хангайн байдал өвөрдөх нь ёс болсон зүйл хэмээн үзэх тул түүнээс өмнө буюу хойно нүүдэл суудлаа амжуулан эмхэлнэ. Чингэхдээ бас сар мичдийн тохиолгыг шинжих зүйл зүйлийн шинжээ буй. Сар мичид тохиохдоо мичид сарны дээгүүр гарвал тохиолгоор тэнгэр муухайрна гэж, харин мичид сарны доогуур гарвал тэнгэр хангай зохирно гэж үзнэ.

Түүнчлэн хаврын гурван сарын тохиолго бусад улирлынхаас хатуухан тусах хийгээд тэр гурвын дотроос хаврын эхэн сарын тохиолго нэн бэрх хатуу өнгөрдөг хэмээлцдэг.

Хаврын эхээр мичдийн дараа Үүрийн гялаан, Чонын нүдэн гэдэг хоёр гялгар одон тохиовоос нэн сайн гэж үздэг. Эл бүхий цаг тооллын ёс бол хэдүйвээр өдгөө билгийн улирлын ёстой хавсран хэлэгдэх боловч өнө эртнээс малчин түмний маань гярхай мэлмий, соргог сэргэг ухааны толинд хадангатан явсан өдөр тутмынх нь эрдэм мэдлэг юм. 

Бидний үзэхээр бол эл эрдэм ухаан нь эртний монгол домог-зүйтэй ч амин уялдаа холбоотой бөгөөд “Мичид” одон бол хүйтэн, дулаан улирлын өвөрмөц нэгэн зааг болдог ажээ. Тиймээс “Мичид” одны тухай эртний домгийн нэгэн хувилбарт /А/ урьдын урьд цагт Мичид тэнгэрт арван хоёр [од байх] үед газар дээр залгаагаар өвөл болдог байжээ.

Эрхий мэргэн харваач Тарвага гэдэг [хүн] газарт байлаа. Тэгээд залгаа[гаар] зун байлгах гэж тэнгэрийн арван хоёр Мичдийг харваж [газар] унагаад, эхэлж адууг “гишгэл” гэхэд үхэр “би гишгэнэ” гээд [урьтан] гишгэхдээ [турууныхаа] салаан завсраар хагасы нь гаргаад алдчихжээ. Үүний улмаас цагийн хагас нь өвөл, хагас нь зун байдаг болсон гэнэ. Эрхий мэргэн уурлан хорсож эрхий хуруугаа тас цавчаад “хагд өвс идвэл хахаж үхнэ, хар ус уувал цацаж үхнэ, эр зовоож, эрэг нүхэлнэ” гэж тангараглан нүхэнд оржээ. Өвөл Мичид гарах үед тарвага ил байдаггүйн учир ийм (МАДҮ 1989, 74) гэж өгүүлдэг.

Эл домгийн бусад хувилбарт бол Мичид одыг газар дээрх Хөбүлдэй мэргэний долоон хүү долоон их ид шидтэн байгаад нэг нь мэргэн харавдагтаа эрдэж нар сарыг андгайлж харваад алдсандаа харамсаж тарвага болоход, бусад зургаа нь мичид болсон /В/ гэж (дээрх номд, 74) хэлдэг.

Эсвэл эрт урьд Мичид одыг газар байх үед өвөл гэж байсангүй, цаг үргэлжийн хав халуун байжээ. Тэр цагт тэмээ үхэр хоёр [халууцан залхаад] бяц гишгэлж үгүй хийе [хэмээн хэлэлцэхэд] Мичид мэдчихээд үнсэн доогуур нуугдчихжээ. Тэгээд хэн хэн нь “би чадна, би чадна” хэмээн бие биеэсээ булаалдахад тэмээ “том тавхайтайгаараа би гишгэе” гэтэл үхэр “хатуу гохистойгоороо би гишгэлэе, чиний пэмбэгэр зөөлөн таваг дийлэхгүй” гэж хэлээд урьтаж үнсэн дээр гишгэтэл мичдийн хагас нь үхрийн салаа туурайгаар [туруугаар] дээш[ээ] тэнгэрт гарчихсан гэнэ. Тэр цагаас хойш энэ дэлхийд заримдаа хүйтэрч, заримдаа дулаарч өвөл зун ээлжилдэг болсон юм байна. Тэмээ одоо болтол Мичдийг үнсэн доор бий гэж бодоод дээр нь очиж хэвтдэг гэнэ /Б/ (мөн номд) гэхчлэн өгүүлдэг.

С.Дулам. Цагаан сарын бэлгэдэл, “Соёмбо”, Улаанбаатар, 1992, 63 т.х. номоос авав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.