Монголын шилдэг боксчдын тулаан эхэллээ

Twitter Print
2017 оны 12-р сар 07-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээнийг Капитрон банк санхүүжүүлэн ивээн тэтгэж тун удахгүй Спортын төв ордонд нээлтээ хийх гэж байна. Энэ сарын 10-нд дүнгээ гаргах энэ тэмцээнд олимп, дэлхийн аваргын хос хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ зэрэг шилдэг боксчид оролцох бол мөн л олимп, дэлхийн хос хүрэлтэй гавьяат тамирчин Д.Отгондалай болон ОУХМ Б.Түвшинбат зэрэг мастерууд өнжиж байгаа гэнэ. Сонирхуулахад яг ийм Монголын шилдэг боксчдын халз тэмцээн одоогоос 28 жилийн өмнө буюу социализмын сүүлчийн он болох 1989 онд зохиогдож байсныг ахмад боксчид дурсан ярьж байна. Монголын спортын топ 5 төрлийн нэгд зүй ёсоор эрэмбэлэгддэг шилдэг боксчдын энэхүү халж тулаанаас шалгарсан боксчид шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж ирэх жилүүдэд болох Олон улсын уралдаан тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох төдийгүй хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл Токиогийн олимпийн циклд багтаж бэлтгэл сургуулилтанд хамрагдах тул Монголын боксчдын хувьд туйлын хариуцлагатай тэмцээн гэдэг нь тодорхой юм. Спортын төв ордонд шилдэг боксчдын халз тулаанд оролцох боксчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан жинг нь үзэж, сугалаа хийгдэх үеэр энэ тэмцээнийг зохион байгуулагчидтай уулзаж дараах тодруулга ярилцлагыг хийснээ хүргэж байна.

Тэмцээнийг зохион байгуулагч Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан

-Өнөөдөр эхэлж байгаа Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээний талаар товчхон танилцуулна уу?

-Монголын топ спортын төрлийн нэг боксчдын дунд шилдэгийг нь тодруулах энэ тэмцээн бараг 30 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаагаараа их онцлогтой юм. Урьд нь 30-аад жилийн өмнө “Уурхайчдын нэрэмжит” гээд шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн нэг удаа зохион байгуулагдаж байсныг санаж байна. Түүнээс хойш энэ тэмцээн ерөөсөө мартагдчихсан байсныг бид сэргээн явуулах гэж байна. “Уурхайчдын нэрэмжит” тэр тэмцээнд оролцож байсан боксчид одоо ихэнх нь 50 гарчихаад явцгааж байгаа болохоор олон жил шилдэг боксчдын халз тулаан болоогүй нь мэдрэгдэх байх. Энэ тэмцээнийг сэргээн явуулах бидний саналыг манай холбооны ерөнхийлөгч “Ажнай” группын эзэн Д.Бат-Эрдэнэ болон Капитрон банк их сайхан хүлээн авч санхүүжүүлж байгаад Монголын үе үеийн боксчдын нэрийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.

-Монголын шилдэг боксчид халз тулалдах энэхүү тэмцээн хэдэн жингийн ангилалаар явагдах вэ?      

-За Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн эрэгтэй долоо, эмэгтэй таван жингийн ангилалаар явагдана. Тэмцээний нээлт тун удахгүй эхэлж 10-ныг дуустал явагдах энэ тэмцээнээс тодорсон тамирчдаар шигшээ багаа бүрэлдүүлж 2018 оны тив дэлхий, Олон улсын тэмцээнд оролцох тамирчдаа бэлтгэл сургуулилтанд хамруулах зорилготой байгаа.

-Монголын боксын залуу халаа аль хэр системтэй бэлтгэгдэж байгаа бол. Олимп дэлхийн хос хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат, армийн дэлхийн аварга Б.Чинзориг нарыг залгамжлан гарч ирэх өсөх ирээдүйтэй боксчид аль хэр олон байгаа вэ?

-Тийм ээ. Ер нь бол Монголын боксын залуу үе, залгамж халаа клубуудэд сайн бэлтгэгдэж байгаа. Энэ тэмцээнд л гэхэд бидний зүгээс 16-18 настай өсч яваа сайн хүүхдүүдийг нэр заан урилгаар оролцуулж байгаа. Тийм болохоор Монголын боксын залгамж халаа, залуучуудын талаар санаа зовж явдаг хүмүүс зорин ирж энэ тэмцээнийг үзэхийг урьж байна. Одоо үед боксчдын залуу халааг шинжлэх ухааны үндэслэлтэй, эмнэлэг эрүүл мэндийн нарийн үзлэг оношлогооны дор бэлтгэдэг болсон болохоор Монголын боксчдын залгамж халаа найдвартай гарт байгаа гэж итгэж болох юм.

-Монголын бокс клубын системд шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Дорнодын “Талын бүргэд” клубын зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багш шиг сайн дасгалжуулагч аль хэр олон байгаа бол?    

-Ер нь бол дасгалжуулагчдын тоо, чанар жилээс жилд нэмэгдэж байгааг зориуд тэмдэглэх ёстой. Өнөөдөр Улаанбаатар хотод гэхэд 31, хөдөө орон нутгуудад 26 боксын клуб тогтмол үйл ажиллагаа явуулж Монголын боксын залгамж халааг системтэй бэлтгэж байна. Монгол Улсын хэмжээнд 57 клубт өсөх ирээдүйтэй хүүхдүүдийг боксын спортод бэлтгэж байна гэдэг бол манайх шиг гуравхан сая хүнтэй улсад боломжийн тоо гэж хэлж болох юм. Мэдээж энэ олон клубт сайн сайн дасгалжуулагч нар зөндөө л байна. Тухайлбал олимп, дэлхийн хос мөнгөн медальт Н.Төгсцогтын анхны багш, “Алдар” нийгэмлэгийн гавьяат дасгалжуулагч А.Гантулга, “Сүлд” спорт хорооны гавьяат дасгалжуулагч, олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба нарын анхны багш Д.Ганзориг, Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубын дасгалжуулагч, спортын мастер, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Г.Ганхуяг гээд сайн сайн дасгалжуулагч нар эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа.

-Энэ цагийн Монголын боксын эцэг, Ардын багш Д.Банди гуайн бие сайн уу. Түүний орыг залгах хамгийн боломжтой дасгалжуулагч хэн байх бол?  

-Багшийн бие жаахан барагтайхан байгаа ч сайн эмчилгээ хийлгээд гайгүй болох байх гэж бодож байна. Бидний зүгээс эргэж тойрч л байгаа. Багшийг залгамжлах дасгалжуулагчид  байгаа байгаа. Гэхдээ яг Д.Банди багшийн хэмжээнд очихын тулд нэлээн хэдэн жилийн уйгагүй хөдөлмөр, нарийн ажиглалт судалгаа, авъяас чадвар хэрэгтэй л дээ.

-2018 он гарсаар Монголын босчдыг хүлээж байгаа хамгийн ойрын Олон улсын болон дотоодын ямар тэмцээн уралдаанууд хүлээж байгаа вэ? 

-Урьд нь оролцдог байсан Унгар, Герман, Шведийн тэмцээнүүдээс гадна Сербид нэг тэмцээн манай боксчдыг хүлээж байгаа. Ер нь Европыг цуврал тэмцээнүүдэд л он гараад оролцож эхэлнэ дээ. Хэдийгээр Монголын боксын холбооны зүгээс төлөвлөгөө графикаа гаргаад явж байгаа ч дөнгөж он гараад эдгээр тэмцээнд оролцоно гэхээр нөгөө л хөрөнгө санхүүгийн бэрхшээл тохиож таарна. Түүнийг л зохицуулах гээд одооноос зохих газруудад нь уламжилж, ярьж хөөцөлдөөд л явцгааж байна. Гэхдээ ерөнхийдөө төвөлгөөнийхөө дагуу тэмцээн уралдаануудад оролцоод явах болов уу. Ирэх жил хамгийн гол нь дэлхийн аварга, Азийн наадам, эмэгтэй залуучуудын дэлхийн аварга гээд том том тэмцээнүүд байгаа.

-Монголын боксын холбооны ерөнхийлөгч “Ажнай” группын эзэн Д.Бат-Эрдэнийн зүгээс тэмцээн уралдаанд оролцоход санхүү мөнгөний туслалцаа аль хэр үзүүлдэг юм бэ дээ?

-Өө Д.Бат-Эрдэнэ ерөнхийлөгчийн хувьд бололцооныхоо хэрээр боксчдоо дэмжиж тусалдаг. Энэ удаагийн тэмцээнийг ивээн тэтгэж байгаа Капитрон банкны ард  үндсэндээ “Ажнай” группын эзэн, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ байдаг болохоор асуудал ойлгомжтой байх. Ер нь манай ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ Монголын боксын төлөө, тэдний залуу халааг бэлтгэхэд ихээхэн анхаарал хандуулсаар ирснийг хэлэх ёстой.

-Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээний шагналын сан ямархуу байгааг хэлж болох уу?   

-Энд сүйдтэй нууж хаагаад байх зүйл байхгүй. Шагналын сангийн хэмжээ 10 орчим сая төгрөгт хэлбэлзэж байгаа. Жин тус бүрт ойролцоогоор сая төгрөгийн шагналын сан төлөвлөсөн байгаа. Тэгээд түрүүлж үзүүрлэсэн, шагналт байрт орсон боксчдын шагнал өөр өөр болоод явчихна гэсэн үг. Хамгийн гол нь ирээдүйн залгамж халаа болсон ирээдүйтэй боксчдын хувьд энэ том тэмцээнд урилгаар оролцож, туршлага судлах нь тэдний хувьд нэр төрийн хэргээс гадна цаашдынх нь спортын замналд ч ихээхэн үр дүнтэй болох нь дамжиггүй юм. Ер нь энэ тэмцээний гол зорилго ч энэ л юм даа.

Олон улсын боксын холбооны хоёр одтой шүүгч, Монголын боксын холбооны болон энэ тэмцээний ерөнхий шүүгч Г.Бадрах

-Тэмцээний ерөнхий шүүгчийн хувьд энэ тэмцээний онцлог, ихээхэн хэл ам дагуулдаг шүүлтийн ажиллагааны талаар тусгайлан тайлбарлахгүй юу?

-Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь Монголын боксын жин тус бүрийн шилдэг найман тамирчны халз тулаан гэдгээрээ бусдаас онцлогтой болно. Жин тус бүрийн шилдэг найман боксчны тэмцээний хувьд бараг л Монголдоо анх удаагийнх байх шүү. Яг тэмцээний статусын тухайд улсын аварга шалгаруулах тэмцээнтэй ойролцоо гээд ойлгочиход буруудахгүй. Энэ тэмцээнийг шүүх шүүгчдийн багийн тухайд Монголын урдаа барьдаг, Олон улсын хоёроос гурван одтой шүүгч нар ажиллана.

-Таны хувьд Монголын боксын холбооны ерөнхий шүүгчийн ажилд хэзээ томилогдсон бэ. Энэ тэмцээний ч ерөнхий шүүгчээр ажиллах юм байна шүү дээ?

-Энэ оны эхэнд болсон Монголын боксын холбооны их хурлаас Удирдах зөвлөл болон шүүгч нарын бүрэлдэхүүнийг сонгоход миний бие боксын холбооны ерөнхий шүүгчээр томилогдсон. Миний хувьд Монголын боксын холбооны ерөнхий шүүгчийн хувьд Удирдах зөвлөлд ороод явдаг. Би боксын спортын багш дасгалжуулагч, бизнесийн удирдлагын чиглэлээр Монголдоо сургууль төгсөөд дараа нь АНУ-д сурч ажиллаж байсан.

Энэ тэмцээний Хяналтын шүүгчээр Олон улсын боксын холбооны гурван одтой Ц.Нандигжав ах ажиллах болно. Би өөрөө Олон улсын боксын холбооны хоёр одтой шүүгчийн зэрэгтэй. Боксын шүүлтийн тухайд Бээжин болон Риогийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монголын боксчид хэрхэн ялалтаа луйвардуулж байсныг манай үзэгчид харсан болохоор сэтгэл дундуур байдаг нь үнэн. Гэхдээ сүүлийн үед Олон улсын түвшинд боксын шүүгч нарт ихээхэн хатуу бодлого барьж, өндөр шаардлага тавьдаг болсноор шүүлтийн булхай тун бага гарч байгаа. Энэ тэмцээний тухайд ч бидний зүгээс хатуу чанд хариуцлага,шаардлага тавьж ажиллах болно. Ямар ч гэсэн шүүлтийн буруугаас боксчид хохирохгүй гэж ойлгож болно. Хамгийн сүүлд Германд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүлт тун боломжийн болсныг манай бокс сонирхогчид ч харсан байх.

-Боксын шүүлтийн тухайд бокс сонирхогчдын мэдлэгийн түвшин харилцан адилгүй байдаг нь ч нөлөөлдөг байх даа?   

-Та яг зөв хэллээ. Хуучин бол урагшаа довтлоод л байгаа боксчныг ялж байна гэж ойлгодог байсан бол одоо цагт хойшоо ухрахдаа оновчтой цохилт хийж, нэг ёсондоо хамгаалах байрлалаас хожил авдаг болсон. Үүнийг нь манай зарим үзэгчид ойлгохгүй байх нь бий. Өмнө нь Лондонгийн олимп хүртэл боксын шүүлтийн систем өөр буюу оноо авчихаад л зугатаад байдаг байсан бол одоо мэргэжлийн боксын буюу 10 оноогоор ялалт тооцдог болсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хожсон боксчин раунд бүрт 10 оноо авч хожигдсон нь 9 юмуу 8 оноо аваад явна гэсэн үг юм л даа. Шүүлтийн энэ шударга систем нь тухайн боксчны бүх арга техник, авъяас билгийг дээд зэргээр нягтлан шүүхийг шаарддаг. Товчхондоо мэргэжлийн болон сонирхогчды боксын шүүлт хийгээд ур чадвар их ойртож нэгэн цул болж байгаа гэсэн үг юм. Энэ тэмцээнд ч тухайн боксчны оновчтой цохилт, нарийн техник, хөл гарын ажиллагаа, идэвхтэй чадвар, алдаа бага гаргаж байгаа гээд бүх зүйлийг нь нарийн харж шүүлт явагдана.

-За энэ тэмцээн амжилттай болох болтугай?   

-Баярлалаа.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.